| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч *******холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, *******настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, менежмент мэргэжилтэй, ******* ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь **** ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь *** дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 07-09 дүгээр сарын хооронд тус шатахуун түгээх станцын өдөр тутмын шатахууны тушаах ёстой орлогоос 19,357,600 төгрөг, 4,834,830 төгрөгийн үнэ бүхий АИ-92 шатахуун 1911 литрийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн: ...Би найзынхаа койноос аваад тэгээд орлогын бэлэн мөнгөнөөс авчихсан юм. Тэгээд 1,000,000, 2,000,000 гээд дараа сарын орлогодоо хийгээд явсан. ...Бүх хохирлыг би өөрөө төлнө. Би хохирлоо төлж барагдуулна, ямар ч хохиролгүй болгоно. Миний хийсэн буруутай үйлдэл байгаа. Би албан тушаалаа буруугаар ашиглаж жаахан гэнэтийн сонин юмнаас болж өөрийгөө ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Надад итгэл хүлээлгэж ажилд авсан та бүхнээс бас уучлалт гуйж байна. Энэ бүх төлбөр тооцоог би төлж барагдуулна. Би одоогоор 12,900,000 төгрөгийг нь төлсөн. Дахиад маш богино хугацаанд үлдсэн төлбөрөө төлж барагдуулна. **** ХХК-нд учруулсан хохирлоо даруйхан төлж хохиролгүй болгож өгнө... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн: ...*** нь **** ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь *** дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа савны дутагдал болох 1911 литр шатахуун буюу мөнгөн дүнгээр 4,834,830 төгрөгийн үнэ бүхий хохирол мөн өдөр тутмын шатахууны тушаах ёстой орлогоос 19,357,600 төгрөг, нийт 24,192,430 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнээс 12,900,000 төгрөг төлсөн. Үүнтэй холбогдуулан **** нь компанид учруулсан хохирлоо бүрэн барагдуулах юм бол компаниас ямар нэгэн гомдол саналгүй болохыг мэдэгдэж байна... гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 129-130 дугаар хуудас/, шатахуун түгээх станцын өдөр тутмын тооцооны бүртгэл, шатахууны тайлан, тооллогын хуудас /хх-ийн 102-112 дугаар хуудас/, аудитын хяналт /хх-ийн 35 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь **** ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь *** дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 07-09 дүгээр сарын хооронд тус шатахуун түгээх станцын өдөр тутмын шатахууны тушаах ёстой орлогоос 19,357,600 төгрөг, 4,834,830 төгрөгийн үнэ бүхий 1911 литр АИ-92 шатахууныг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сард анх манай компанид эрхлэгчийн албан тушаалд туршилтаар 1 сарын хугацаанд ажиллах гэрээ байгуулан орж, үргэлжлүүлэн одоог хүртэл ажилласаар байгаа юм. ...Манай компанийн санхүүгийн албаныхан сар бүрийн сүүлээр тооцоогоо гаргадаг. Тэгээд Хархорин ШТС-***-ийн эрхлэгч **** нь 2022 оны 07, 08, 09 дүгээр саруудад тооцоогоо дутуу хийгээд байсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13.640.820 төгрөг дутуу хийснээр манай компанийн Дотоод аудитээс шалгалт хийхэд нийт 24.192.430 төгрөг дутсан гэж мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай хяналтын алба нь ***** ШТС-дын зарагдсан шатахуун, түүний мөнгөн дүн нь яг таарч байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тэгсэн манай санхүүгийн албанаас нягтлан бодогч ***** 2022 оны 08 дугаар сарын дундуур надад хандаж Өвөрхангай аймгийн Хархорин дахь ШТС **** салбар мөнгөө хугацаандаа тушаахгүй байна. Өмнөх сард ч бас ийм зөрчил гаргасан гэснээр 2022 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Хархорин дахь ШТС *** хяналтын албаны дарга **** хамтаар биечлэн шалгахад 2022 оны 06 дугаар сараас хойших тайлан тооцоо, бүртгэлийг шалгасан чинь нэг өдөр зарсан шатахууны мөнгийг маргааш өглөө нь тушаах ёстой байдаг тэгсэн ****** нь 2-3 хоногийн мөнгийг тушаахгүй байж байгаад дараа дараагийн өдрүүдэд зарсан шатахууны мөнгийг урд тушаагаагүй мөнгөндөө хийж явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 19.357.600 төгрөгний мөнгө тушаагаагүй хувьдаа завшсан байсан. ...2022 оны 09 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд ШТС **** үйл ажиллагаа, тайлан тооцоог шалгахад таблец, хошууны шахалт хэвийн ажиллагаатай байсан. Тухайн өдрөөс хойш манай компаниас өөр эрхлэгчийг ШТС-*** ажиллуулж байгаа бөгөөд түүнээс хойш ямар нэгэн дутагдал гараагүй байгаа нь **** нь ажиллах хугацаандаа хувьдаа мөнгө ашигласан болох нь харагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,
гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай компани улирлаар нь дутагдлаа тооцдог юм. Тэгсэн ШТС **** 2022 оны 07 дугаар сард их хэмжээгээр дутагдал үүссэн. Тэгээд тухайн үедээ дараа дараагийн саруудад дутагдлаа нөхөх эсэхийг харж байсан чинь ер нөхөгдсөн зүйлгүй, дутагдалтай хэвээр яваад байсан. Тэгэхээр нь компаниас дотоод хяналтаас Өвөрхангай аймгийн Хархорин дахь ШТС *** шалгахад савны дутагдал 1911 литер, цүнхтэй мөнгөний дутагдал 19.357.600 төгрөг дутсан. Савны дутагдал мөнгөн дүн 4.834.830 төгрөг нийлээд 24.192.430 төгрөгийн хохирол учирсан. ...Ерөнхийдөө улиралдаа 100кг дотор багтдаг байсан. Тэгсэн 2022 оны 07 сард их хэмжээгээр буюу 2 дугаар сав 921 кг, 3 дугаар сав 175 кг дутсан. Тэгээд 07-09 дүгээр сарын илүүдэл, дутагдлыг бодоод үзэхэд нийтдээ 1431 кг дутагдал үүссэн. Килограмм нь литерээс бага жинтэй байдаг ба килограммыг литер рүү шилжүүлж литрийнхээ дүнг гаргаж тооцдог юм. Тэгэхээр 1431 кг-ийн литер рүү шилжүүлж бодохоор 1911 литер гарч байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** 8 дугаар сарынхаа орлогын дутууг хийлгүй байж байгаад 09 дүгээр сарын 02-ны өдөр уг ШТС **** салбарт 18.409.986 төгрөгийн орлого орсон бөгөөд үүнээс 13.640.820 төгрөг нь бэлнээр орсон байсан. Бэлэн орсон 13.640.820 төгрөгийг 09 дүгээр сарын 02-ны өдрөө 08 дугаар сарын 24, 25, 26 гэх мэтчилэн хэсэгчилж гүйлгээны утган дээрээ бичиж 08 дугаар сард дутуу тушаасан мөнгөө банкинд тушаасан байсан. Цааш шалгахад 2022 оны 08 дугаар сарын 30, 31, 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд мөн орлогын мөнгө дутаж байсан ба орлогын нийт 18.661.920 төгрөгөөр дутаж байсан. Уг орлогын мөнгийг **** асуухад зээлээр шатахуун борлуулсан гэж байснаа сүүлдээ би койн авсан дутаасан мөнгөө төлж барагдуулна гэж өөрийн гараар тайлбар бичиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/
ШТС-ын өдөр тутмын тооцооны бүртгэл, шатахууны тайлан, тооллогын хуудас /хх-ийн 102-112 дугаар хуудас/,
дотоод аудит хяналт /хх-ийн 35 дугаар хуудас/,
хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 36-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт уг гэмт хэргийн субъектын тусгай шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон. Өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа ашиглаж бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг өөрт нь итгэмжлэн хариуцуулсаныг завшсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилнэ.
Шүүгдэгч ***** нь ***** ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь Хархорин ШТС **** салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын бэлэн мөнгө, шатахуунтай харьцах боломж гарч энэ байдлыг ашиглан тэдгээрийг завшсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзнэ.
Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсний улмаас бага хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг тайлбарласан байх ба шүүгдэгч нь ***** ХХК-д нийт 24,192,430 төгрөгийн хохирол учруулж албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч ****** нь хохирогч ******** ХХК-д нийт 24,192,430 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс шүүгдэгч 12,900,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон.
Иймд төлөгдөөгүй хохирол 11,292,430 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ****** гаргуулж хохирогч ******** ХХК-д олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ***** нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос дахин уучлалт гуйж байна гэв.
Иймд шүүгдэгч ***** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын тодорхой хувийг төлж үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***** овогт **** 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ****** хохирол 11,292,430 төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА