Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 11 өдөр

Дугаар 01048

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр

     Дугаар 142/ШШ2019/01048

Орхон аймаг

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д, хариуцагч Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д миний бие Штай 2014 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2016 онд охин У төрсөн. Бид 3 манай хадмынд амьдардаг. Манай нөхөр надтай огт ярилцдаггүй. Сүүлийн үед таарамж муутай тусдаа амьдарч байна. Өөрийн охин болох Уг өөрийн асрамжинд авч хүүхэддээ эцгээс нь тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш нь Дтай 2014 онд  танилцаж гэр бүл болоод одоо 4 дэх жилдээ хамтдаа амьдарч байна. Дундаасаа нэг хүүхэдтэй, охин У 2016 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн. Одоо 3 нас 5 сартай. Миний охин төрөлхийн ургийн гажигтай, сэтэрхий уруул, тагнайтай, дутуу хөгжилтэй төрж, төрсөн цагаасаа хөхөө хөхөж чадахгүй угжаар өссөн. 6 сарын хугацаанд дараалан дөрөөвч зүүсэн. 4 сар, 1 ой 4 сартайдаа уруул тагнайн хагалгаанд 2 удаа орсон. Цаашдаа 2-3 удаа хагалгаанд орох ба Улаанбаатар хотод Эх нялхсын эрүүл мэндийн төвд хяналтад байдаг. Хяналтын үзлэгтээ тогтмол очиж үзүүлдэг. Охин маань миний ээж аавын гар дээр өчс хүн болсон. Манай гэрийнхэн охины минь төлөө бүхий л зүрх сэтгэлээ эрүүл саруул хүүхдүүдийн адил өсгөхийн төлөө шаардлагатай бүх зүйлийг хийдэг. Ингэсний хүчинд өнөөдөр миний охин эрүүл саруул цовоо өсч торниж байна. Манай хадмууд Булган аймгийн Орхон суманд мал маллаж амьдардаг. Хадам аавын бие муу байгаа тул эмнэлэг бараадаж Баянцагаан баг шинэ хороо 7-8 тоотод байдаг. Төвийн гэртээ 6 сараас хойш байгаа. Эхнэр Д  2019 оны 07 сарын 01-ээс 2019 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа аваад хөдөө гэртээ амралтаараа очиж ээждээ тусалсан. 2019 оны 07 сарын 24-нд ажилдаа орсноос хойш аавыгаа асарна гэж аавтайгаа хамт шинэ хорооны 07-08 тоотод байж 2 гэрийн хооронд өдөртөө ирэн очиж байгаа. 2 гэр маань хооронодоо 2 гудамжны наана цаана байдаг. Миний хувьд архи дарс хэрэглэдэггүй, үг дуу цөөтэй, хэрэлдээд байдаггүй, зодож дарамталдаггүй бага зэрэг таарамж муутай байгаа, бидний хооронд айхтар салах шалтгаан байхгүй тул эхнэр Даас салах бодолгүй байна. Харин цаашдаа охиныхоо ирээдүйг бодож охиноо эрүүл саруул хүн болгохын төлөө хамтдаа амьдрах хүсэлтэй байдаг тул Даас салж хүүхдийн тэтгэвэр тогтоолгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Шт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Штай 2014 оны 02 сард танилцан хамтран амьдрах болсон байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 29-нд охин У төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь манай нөхөр надтай ярилцдаггүй, сүүлийн үед тааамж муутай, тусдаа амьдарч байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бидний дунд салах шалтгаан байхгүй бага зэрэг таарамж муу байгаа гэжээ.

Охин У нь зохигчдыг хамтран амьдарч байх хугацаанд төрсөн, Ш нь Уг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 04 сарын 08-ны Иргэний бүртгэлийн байгууллагын төрсний бүртгэлд Шаар овоглон 6101000102 дугаартай төрсний гэрчилгээ авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин У-гийн эцэг нь Ш мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Уг эх Дынх нь асрамжид үлдээсүгэй.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Уг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ш-аар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Шаас 30 844 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН