| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01074/и |
| Дугаар | 01053 |
| Огноо | 2019-08-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 01053
| 2019 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 142/ШШ2019/01053 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-д холбогдох,
“Дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсэг 6,694,384 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, хариуцагч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э миний бие аав Х ээж Б, дүү Н нарын хамт амьдардаг байсан. Би 2018 онд БНСУ-д суралцах виз хөөцөлдөхөөр Улаанбаатар хотод ирсэн байсан. Гэртээ хааяа хааяа ирж очиж явсан. Энэ хойгуур аав ээжийн харилцаа муудаж салах дээрээ тулсан байсан. Аав өөр хүнтэй сууж байгаа учраас ээжээс гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулахдаа бидний дундын өмчийг шүүхээр үнэлүүлж хуваалгасан байсан. Ингэхдээ надад оногдох хэсгийг орхигдуулсан ба би хуулийн мэдлэггүйн улмаас өөрөө бие даасан шаардлага гаргах ёстой гэдгээ мэдээгүй юм.
Шүүхээс 5-21-103 тоот байранд үнэлгээ хийлгүүлэхэд 68.000.000 төгрөгөөр, гэрийн доторх тавилга эд хөрөнгийг 2.332.600 төгрөгөөр, Даниста дэлгүүрийн 46 дугаартай лангууны барааг зохигчид 10.000.000 төгрөгөөр тохиролцож үнэлсэн байх тул нийт 80.332.600 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж нэг гишүүнд 26.777.533 төгрөг ногдож байна гэж хуваасан байна.
80.332.600 төгрөгийг 4 гишүүнд хуваасан бол нэг гишүүнд 20.083.150 төгрөгийн эд хөрөнгө ногдох учиртай. Дээрх гишүүд миний өмчөөс 6.694.384 төгрөгийг нэмж авсан байна. Ээж Батжаргал аавд оногдох хувийг гаргаж өгөхийн тулд байраа зарж борлуулсан үүнээсээ ээж дүү 2 миний хувь болох 13.388.766 төгрөгийг надад өгсөн. Харин миний үлдэгдэл хувь болох 6.694.384 төгрөгийг аав Хаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Эг гурав дөрөвхөн настайгаас нь эхлэн өсгөж өндийлгөж өдийг хүрсэн. Юугаарч дутаалгүй өдий хүргэж өрсөн эцгээс нь өөрцгүй хандаж ирсэн байтал ичихгүйгээр мөнгө нэхсэнд маш их гутарч байна. Энэ хүүхэд 2 хөл дээрээ зогсож, явж ажил хөдөлмөр хийх боломжтой байгаа нөхцөл нь миний ач тус. Надаас өөр хэн ч хэвтэрт орчихоод байхад нь ирж туслаж байгаагүй. Би өөрөө л явж хөөцөлдөж байж эмчилж хөл дээр нь босгосон юм. Зүгээр л намайг хүндлээд надад өөртминь шууд эхлээд хандсан бол би бас хүн шүү дээ гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э нь шүүхэд хандаж Хаас “Дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсэг 6,694,384 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь “ Э.Э миний бие аав Х ээж Б, дүү Н нарын хамт амьдардаг байсан. Намайг Улаанбаатар хотод ирсэн хойгуур аав ээжээс гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулахдаа бидний дундын өмчийг шүүхээр үнэлүүлж хуваалгасан байсан. Ингэхдээ надад оногдох хэсгийг орхигдуулсан байсан.
Шүүхээс гэр бүлийн нийт эд хөрөнгийг 80.332.600 төгрөгөөр үнэлж 3 гишүүнд хуваасан байсан. 4 гишүүнд хуваасан бол нэг гишүүнд 20.083.150 төгрөгийн эд хөрөнгө ногдох учиртай. Дээрх гишүүд миний өмчөөс 6.694.384 төгрөгийг нэмж авсан байна. Ээж дүү 2 миний хувь болох 13.388.766 төгрөгийг надад өгсөн. Харин миний үлдэгдэл хувь болох 6.694.384 төгрөгийг аав Хаас гаргуулж авна” гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн аав Х,ээж А.Батжаргал нар нь 2001 онд танилцаж,2004 оны 02 сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2003 оны 9 сарын 13-нд охин Х.Энхтуяа төрсөн. А.Батжаргал нь Хтай гэрлэхдээ 1998 онд төрсөн нэхэмжлэгч болох хүү Этай ирсэнийг хариуцагч үрчилж авсан байх бөгөөд Э нь гэр бүлийн гишүүн болох нь тогтоогдож байна.
Х,ээж Б нар нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхий Х,ээж Б нар нь н 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00554 дугаартай шийдвэрээр Х, Б нарын гэрлэлтийг цуцалжээ. Энэхүү шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө 5-21-103 тоот орон сууцыг 68.000.000 төгрөгөөр, гэрийн доторх тавилга эд хөрөнгийг 2.332.600 төгрөгөөр, Даниста дэлгүүрийн 46 дугаартай лангууны барааг зохигчидын тохиролцсоноор 10.000.000 төгрөгөөр үнэлж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн мөнгөн дүн нийт 80.332.600 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж нэг гишүүнд 26.777.533 төгрөг ногдохоор тооцож Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,129 дүгээр зүйлийн 129.2,130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-21-103 т оот орон сууцыг А.Батжаргал болон охин Н нарын өмчлөлд үлдээж,Голомт банкны Хын нэр дээрх зээлийн үлдэгдэл төлбөр болох 13.557.283 төгрөгийг хариуцагч А.Батжаргалд хариуцуулж,хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б-ээс 24.540.771 төгрөг гаргуулж Хт олгохоор шийдвэрлэжээ.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт дүн 80.332.600 төгрөгийг 4 гишүүнд хуваасан бол нэг гишүүнд 20.083.150 төгрөгийн эд хөрөнгө ногдох учиртай. Дээрх гишүүд миний өмчөөс 6.694.384 төгрөгийг нэмж авсан байна гэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь “Ээж Б аавд оногдох хувийг гаргаж өгөхийн тулд байраа зарж борлуулсан үүнээсээ ээж дүү 2 миний хувь болох 13.388.766 төгрөгийг надад өгсөн” гэж байх тул үлдэгдэл хувь болох 6.694.384 төгрөгийг хариуцагч Хаас гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан Х-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг 6.694.384 төгрөг гаргуулан Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,326 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х-аас 123,326 төгрөг гаргуулан Э-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН