| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01096/и |
| Дугаар | 01059 |
| Огноо | 2019-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 01059
| 2019 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2019/01059 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: О-д холбогдох
“1,930,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолын дагуу “Чацаргана” хөтөлбөр батлагдан хэрэгжилт нь 2010 оноос эхлэсэн бөгөөд хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлж, “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан ажилласан.
Аймгийн ХГ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн тендерийн материалыг хүлээн авч төсөлд сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан иргэд, аж ахуй нэгж байгууллагатай “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан чацарганы суулгацыг тоо ёсоор нь хүлээлгэн өгч ажилласан.
О нь 2013 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” дугаар: ТШ/13/ЧСЗ-02/05 гэрээгээр таван жилийн хугацаатай, 2,145,000 төгрөгний үнэ бүхий 1,000 ширхэг чацарганы суулгацыг урьдчилгаа, гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 214,500 төгрөгийг төлөн, үлдэгдэл 1,930,500 төгрөгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүлээн авсан.
О нь 1,930,500 төгрөгийг эхний 2 жилд эргэн төлөх хувиарт хугацаа тогтоогоогүй, 3 дахь жил буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 643,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн дотор 643,500 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн дотор 643,500 төгрөгийг тус тус Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд буцаан төлөх ёстой байсан . Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн эргэн төлөлт хийх мэдэгдэл гардуулах ажиллагаа хийгдсэн боловч эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Үүний улмаас улсын төсөвт хуримтлагдах мөнгө буурсан үзүүлэлттэй, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр бүрэн эхээр хэрэгжих боломжгүй, дараагийн зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах иргэд, аж ахуй нэгжид зээлийн хүртээмж муу зэрэг сөрөг үр дагавар үүсгээд байна.
Иймд Ооос 1,930,500 төгрөгийг гаргуулан авч өгч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Норов овогтой Урантуяа миний бие нь 2013 оны 05 дугаар сарын 08-нд Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 1000 ширхэг чацарганы суулгацыг №тш/13/чсз-02 тоот гэрээний дагуу авсан нь үнэн болно.
Нийт 5 хүн 5000 ширхэг суулгац авсан. Ингээд эхэлж авсан суулгацаа суулгац аваагүй 4 хүн тус бүр 160 ширхэг суулгац суулгаж авсан хүн нь үлдсэн суулгацыг суулгадаг байсан. Бид нар дундаасаа худаг гаргуулан 12,120,000 төгрөг, ёмкости, мотор, хашааны тор, шон зэрэг зардалд О надаас 6,386,900 төгрөг зарцуулсан болно. Үүнээс гадна би өөрөө хувиараа ёмксти /450,000 төгрөг/ услах шланк /100м/ 500,000 төгрөг, 1000 ширхэг нүх ухуулахад 500,000 төгрөг зарцуулсан. Хамтарч авсан мотороо шатаасан тул У, Д бид 3 тус бүр 935,000 төгрөг гаргаж, мотор авсан.
Мөн шовгор барьсан. Үүнд 5,500,000 төгрөг зарцуулсан. Бид сар бүр манаачид 150,000 төгрөг өгдөг байсан. Энэ бүх зардлыг энэ урсэлгэг ургуулахын тулд зарцуулсан. Эхний жилүүдэд байнга очиж услаж арчилж байсан. Очих бүртээ өөрийн унаагүй тул хүн хөлсөлж явдаг байсан. Эхний 2 жилд 7-14 хоног тутамд очиж усалдаг байсан.
Гэвч мод маань ургаагүй. Харин сүүлд өөр газраас 50 ширхэг суулгац тарьснаас 30 гаруй мод ургасан. Надтай хамт суулгац авч тарьсан хүмүүсийн мод ерөөсөө ургаагүй. Харин сүүлд бэлэн мөнгөөр өр газраас авсан хүмүүсийн суулгац нь ургаад үр жимсээ өгч байгаа. Миний хувьд энэ 7 жилийн хугацаанд нийт 15 сая орчим төгрөгийн зардал гаргасан байгаа. Төслөөр авсан суулгац ургах болможгүй байсан нь тодорхой байна. Би энэ нэхэмжилсэн мөнгийг өгөх ёсгүй гэж үзэж байна. Учир нь бүх хүмүүсийн авсан суулгац ураагүй, зээлдүүлэгч тал гэрээний дагуу эргэн холбоо барьж хяналт тавиагүй.
Мөн зээлдүүлэгч тал бидний хүсэлтийг хүлээн авч технологи, арга зүйн зөвлөгөө өгөөгүй. 2012 онд ирсэн суулгац ургаагүй, муу байсан гэдгийг агрономич Б мэдэж байсан. Өөр газраас авсан суулгац ургаад байгаа. Хэрэв энэ суулгац ургасан бол бид үр ашгаараа график гаргаад төлөлт хийх байсан. Ургаагүй учир төлөх болможгүй. Зээл төлөх хугацааг ч ингэж тохирч байгуулсан гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХГ нь хариуцагч О-оос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,930,500 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Хариуцагч нь суулгац чанар муутай байсан, өчнөөн зардал гаргасан боловч ургаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зохигчдын хооронд 2013 оны 05 сарын 08-ны өдөр “Чацарганы суулгац зээлээр олгох” гэрээг бичгээр байгуулж хариуцагч О нь 1000 ширхэг чацарганы суулгацыг 2.145.000 төгрөгөөр урьдчилгаа гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 214.500 төгрөгийг төлөн, үлдэгдэл 1.930.500 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар,талуудын хооронд байгуулсан 2013 оны 05 сарын 08-ны өдөр “Чацарганы суулгац зээлээр олгох” гэрээгээр батлагдаж байна.
Хариуцагч О нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш 3 дахь жил буюу 2015 оны 11 сарын 10-ны дотор 643.500 төгрөг,2016 оны 11 сарын 10-ны өдрийн дотор 643.500 төгрөг,2017 оны 11 сарын 10-ны өдрийн дотор 643.500 төгрөгийг тус тус Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд буцаан төлөх ёстой байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчээс 2019 оны 3 сарын 18-ны өдөр зээлийг эргэн төлөх мэдэгдэл өгсөн боловч эргэн төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч нь дээрх чацарганы суулгацыг Үйлдвэр,хөдөө аж ахуйн яамны чацарганы суулгац зээлээр олгох төсөл сонгон шалгаруулалтанд сайн дурын үндсэн дээр оролцож сонгон шалгарсан тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж чацарганы суулгацыг зээлээр авах эрхтэй болсон байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний зээлдүүлэгчийн үүрэг гэсэн 3.2.1-д “Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн чацарганы аж ахуйн талаар технологи,арга зүйн зөвлөгөө,шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх чиглэлийн мэдээллээр хангаж ажиллах,холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллана” гэсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч энэ талаар тэрээр хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй.Түүнчлэн нэхэмжлэгчийн нийлүүлсэн чацарганы суулгац ургах боломжгүй,чанар муутай байсаныг хариуцагч нотлож чадахгүй байх бөгөөд чанарын талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 угар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч О-оос 1,930,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХГ-т олгосугай.
2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ооос 45,838 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН