Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00006

 

 

Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03387 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаар магадлалтай, 

Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

Энх каркас констракшн ХХК, Ж.Энхбаяр нарт холбогдох  

Орон сууцны үнэ 150,000,000 төгрөг, орон сууц түрээслэсэн төлбөр 10,250,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Энхбаярын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018.05.10-ны өдөр Энх каркас констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяртай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдаж авах гэрээ байгуулсан. Тухайн үед Энх каркас констракшн ХХК нь Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба бартераар авах байрнаасаа өгнө гэж гэрээ байгуулсан. Мөн дараа нь 2018.12.30-ны өдөр мөн дээрх хотхоноос дахин нэмж 45 м.кв хэмжээтэй 2 өрөө байр өгөхөөр тохирч гэрээ байгуулан надаас мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэл эдгээр байрнуудаа өгөөгүйгээр барахгүй туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Цагаан хуаран хотхоноос авах ёстой байраа аваад зарчихсан гэж хэлсэн. Би энэ хүнд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тус болох үүднээс өөрийн амьдарч байсан байраа 2018 оны 12 дугаар сард зарж мөнгийг нь өгч өнөөг хүртэл түрээсийн байранд амьдарч сэтгэл санаа, эд материалын хохиролтой байгаа. 2018.12.06-ны өдрөөс 2019.06.06-ны өдөр хүртэл гэрээ байгуулан 5,950,000 төгрөг бэлнээр төлж байр түрээслэх хугацаагаа 2 сараар сунган 1,600,000 төгрөгийг байрны түрээсийн төлбөрт төлсөн. 2019.08.08-ны өдрөөс дахин өөр байр түрээслэн 2,700,000 төгрөг төлөн гэр бүлийн хамт түрээсийн орон сууц дамжин амьдарч байна. Орон сууцны түрээсийн төлбөрт 10,250,000 төгрөгийг Ж.Энхбаяр, хариуцагч Энх каркас констракшн ХХК нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна.

Би Энх каркас констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяртай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас А блокын 1 буюу 2 дугаар орцны 39.5 м.кв талбайтай орон сууц, үнэ нь 71,100,000 төгрөг, мөн 3 дугаар ээлжийн барилгын 6 дугаар давхрын 45.3 м.кв талбайтай орон сууцыг 80,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахаар тохирч гэрээ байгуулсан. Эдгээр орон сууцыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч бусдад зарсан гэх тул мөнгийг нь нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Би Энх каркас констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаярт бэлэн мөнгө 66,500,000 төгрөг өгсөн бөгөөд 20,038,000 төгрөгийн ажлын хувцас өгсөн. Иймд гэрээнд заасан 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг өгөх боломжгүй гэсэн тул эдгээр байрны үнэ 150,000,000 төгрөгийг Ж.Энхбаяр, Энх каркас констракшн ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Энх каркас констракшн ХХК-ийн захирал, Ж.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Батмөнх ахтай тохирч 2018.05.10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөг зээлэн зээлийг буцааж төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө, 39.5 м.кв орон сууц нийлүүлэхээр гэрчилгээг олгож төлбөрийг дуусгахаар тохирсон. Энэ 39.5 м.кв талбайтай байрны талаар ярих зүйл байхгүй. Цагаан хуаран хотхоны орон сууц 1 м.кв нь 1,980,000 төгрөгөөр зарагдаж байгаа. 10,000,000 төгрөгийг бэлэн бусаар, үлдэх 5,000,000 төгрөгт нь ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас авсан. Эвлэрэх саналыг надад хэд хэдэн удаа тавьсан. Надад хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний талаар маргаан байхгүй. Авсан нь үнэн. 20,038,000 төгрөгийн ажлын хувцас хүлээлгэж өгсөн гэж байна. Үүн дээр маргаантай байгаа. Миний хувьд манай компани 12,351,000 төгрөгийн ажлын хувцас авсан гэсэн тооцоо байгаа. Д.Батмөнх ахад хэд хэдэн байр санал болгож байсан бөгөөд өөрөө зөвшөөрөөгүй. Одоо 90,000,000 төгрөг өгөөд эвлэрч болж байна. 150,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03387 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Энхбаяр, Энх каркас констракшн ХХК нараас нийт 150,000,000 төгрөг гаргуулан Д.Батмөнхөд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Д.Батмөнх нь орон сууц түрээслэсэн төлбөр 10,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,098,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Энхбаяр, Энх каркас констракшн ХХК нараас нийт 907,950 төгрөг гаргуулан Д.Батмөнхөд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ж.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Энхбаяраас төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Ж.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2018.05.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 43 зүйлийн 43.2.1-д зааснаар гарын үсэг зурж байгуулсан, хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж үзсэн нь хууль бус юм. Талуудын хооронд 2018.05.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Шүүх ...Д.Батмөнх нь Ж.Энхбаяртай 2018.05.10-ны өдөр ээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн ба хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр, буцаан төлөхдөө Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3-р ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө 39,5 м.кв орон сууц нийлүүлэн Д.Батмөнхийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгон төлбөрийг дуусгахаар тохиролцсон. Дээрх гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл... гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн 2018.05.10-ны өдөр зээлийн гэрээг хууль зөрчиж байгуулсан. Ингэхдээ гэрээний гол нөхцөлд нийт 15,000,000 төгрөгийг 2018.05.10-2019.09.15-ны өдөр хүртэл хүүгүй бэлнээр зээлж байгаа гэж гэрээ байгуулсан боловч энэхүү 15,000,000 төгрөгөөс ойролцоогоор 10,000,000 төгрөгийг бэлэн бусаар, үлдэх 5,000,000 төгрөгт нэг бүр 28,000 төгрөгийн үнэ бүхий ажилтнуудын хөдөлмөр, хамгааллын хувцас авсан. Энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт зээлийг буцааж төлөхдөө БЗД, 14-р хороо, 14-р хороололд байрлах Цагаан хуаран хотхоны 3 ээлжийн А блокын /1 буюу 2 орцны аль нэг / 528 айлын барилгаас 2 өрөө, 39,5 м.кв орон сууц нийлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож төлбөрийг дуусгахаар тохиролцсон гэх заалт байгаа боловч Д.Батмөнх нь Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах Д.Азжаргал /утас 9919 0831/ гэх таньдаг нотариатч дээрээ дагуулан очиж, бусдыг хууран мэхлэх замаар энэхүү гэрээнд гарын үсэг зуруулсан нь хууль бус үйлдэл байсаар байхад шүүх үүнийг анзаараагүй орхисон, Иргэний хуулийн 236.1.3, 243.1, 281.1-д заасан хуулийн шаардлагад нийцсэн байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа төрлийн гэрээ, хэлцлийг зөвхөн тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын нотариатын байгууллагаар гэрчлүүлэх болон бусад бүх үйлдлийг хийхдээ мөн Иргэний хуулийн дээрх заалтыг баримтлах ёстой байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримт болон талуудын хооронд байгуулсан чухал ач холбогдол бүхий гэрээнд хууль зүйн хувьд үнэлэлт өгөхдөө дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн өр авлагын тооцоог хийхдээ алдаатай буюу зөвхөн нэг талын гаргаж өгсөн гар бичмэлийг үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Д.Батмөнх нь Энх каркас констракшн ХХК, Ж.Энхбаяр нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхон, 3 дугаар ээлжийн барилгаас 39.5, 45 м.кв талбайтай тус бүр 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны үнэд 150,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилснийг хариуцагч Энх каркас констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяр нэхэмжлэлийн шаардлагаас 90,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагч Ж.Энхбаярын гаргасан гомдлыг доор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Д.Батмөнх, Ж.Энхбаяр нарын хооронд 2018.05.10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан 15,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлж, хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх, зээлийг буцаан төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө 39.5 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгон төлбөрийг дуусгахаар тохиролцжээ

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, мөн зүйлийн 236.3-т Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заажээ. 

Хуулийн зохицуулалт, талуудын хооронд байгуулсан 2018.05.10-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Ж.Энхбаярын шүүхэд гаргасан ...15,000,000 төгрөг зээлж, зээлийг буцаан төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө, 39.5 м.кв орон сууц нийлүүлэхээр гэрчилгээг олгож төлбөрийг дуусгахаар тохирсон. Энэ 39.5 м.кв талбайтай байрны талаар ярих зүйл байхгүй... гэсэн тайлбараас үзвэл зээлийн үүргийг өөр үүргээр сольсон байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, худалдах-худалдан авах гэрээний шинэ үүргийн харилцаа үүсжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хариуцагч Ж.Энхбаяр хяналтын журмаар гаргасан ...2018.05.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус... гэх утгатай гомдол хангагдахгүй. 

2. Ж.Батмөнх Энх каркас констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяртай 2018.12.30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилгаас 45.3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,800,000 төгрөг, нийт үнийг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. 

Түүнчлэн гэрээнд орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийг Ж.Батмөнх 2018.12.30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны эхний 7 хоногт багтаан 30,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрт ажлын хувцас өгөхөөр тусгагджээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн гэж үзнэ. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

Хариуцагч Энх каркас констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяр Д.Батмөнхөөс хүлээн авсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтаар 66,500,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлтэй.  

Түүнчлэн нэхэмжлэгч 2018.12.30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчид 20,038,000 төгрөгийн ажлын хувцас хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг шүүх үнэлж, нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.  

Хариуцагч Ж.Энхбаяр нь 12,351,000 төгрөгийн ажлын хувцас авсан тооцоо байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 зааснаар нотолж чадаагүй байна.  

Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилгаас 45.3 м.кв талбайтай орон сууцыг Д.Батмөнхөд өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03387 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар хариуцагч Ж.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 913,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Х.ЭРДЭНЭСУВД

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Г.АЛТАНЧИМЭГ 

                                                                        ШҮҮГЧИД                  Б.МӨНХТУЯА 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Д.ЦОЛМОН