Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0440

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Д” ХХК

Хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б

Гомдлын шаардлага: Д аймгийн Нийгмийн даатгалын хяналт шалгалт, улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэр

Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З

Хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 114/2025/0024/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Д” ХХК нь Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б-д холбогдуулж “Д аймгийн Нийгмийн даатгалын хяналт шалгалт, улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.

2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 3, 10.17 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 25 дугаар зүйлийн 25.2.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар давж заалдах гомдолдоо:

...Дархан зам ХХК-д холбогдох торгох шийтгэлийн хэмжээ хоёр мянган нэгж тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” хамаарч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2-д нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон шимтгэл, алдангийг төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж заасан.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна”, 31.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”, 31.1.2-т “энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-т заасан нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх”, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шимтгэлийг нөхөн төлүүлэхээр зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хувь хэмжээгээр даатгуулагчаас суутган авна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32.2 дугаар зүйлийн 32.2.6-д “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх”, 32.2.5-д “ажил олгогч нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, шийтгэлийн хуудас, тавьсан албан шаардлага, өгсөн мэдэгдлийг хугацаанд нь бүрэн биелүүлэх” үүрэгтэйг тус тус заасан.

Тиймээс Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б миний 2025 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй бөгөөд Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 24 дүгээр шийдвэр нь хуульд нийцэхгүй байгаа тул дахин хянаж үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагчаас “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” хамаарч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй” хэмээн маргасан.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1 Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б-аас “Д” ХХК нь ажилтан Б.О-ын 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 5 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй, шимтгэл ногдох орлогыг нуусан гэх асуудлыг шалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ********** дугаар шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан “Д” ХХК-ийг шимтгэл ногдох орлогыг нуусан гэх зөрчилд “Д” ХХК-ийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл, нөхөн төлбөрт 8.182.980 /найман сая нэг зуун наян хоёр мянга есөн зуун наян/ төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2 “Д” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр[2] Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3, 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Г.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *********** дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.  

3.3 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.О нь “...намайг ажиллаж байх хугацаанд “Д” ХХК нь миний нийгмийн даатгалын шимтгэл огт төлж байгаагүй, нөхөн төлүүлж өгнө үү” гэх өргөдлийг[3] Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж, Удирдах албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НДЕГ24/** дугаар “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилүүлэх тухай” тогтоолоор[4] “Гомдол гаргагч Б.О-ын гаргасан “Д” ХХК нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулж, 2015-2024 онд ажилласан хугацааны шимтгэлийг төлөхгүй байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгуулахаар Д аймгийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлж”, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтын “Зөрчлийн хэрэг нээх тухай” ********** дугаар тогтоолоор[5] зөрчлийн хэрэг нээж, уг хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Д аймгийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Буянбат, хяналт шалгалтын улсын байцаагч Г.Б нарын бүрэлдэхүүнтэй явуулжээ.

4. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Хохирогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлээр[6] “...2019 онд тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ хийсэн... ХХҮГ-т ажил хайгч иргэнээр бүртгүүлээд, ажил олгогч урамшуулал авдаг, хүлээж бай гэхээр нь ажлаа хийгээд явж байсан... ХХДХ-ээс доогуур цалин авдаг байсан. Би 4 хүний ажил хийгээд маш бага цалин авч байсан. 2015-2019 оны хооронд картгүй байсан болохоор бэлнээр авдаг байсан... Нийгмийн даатгалыг маань төлөөд өгөөч, зээлд хүртэл хамрагдмаар байна, хүүхэд оюутан болох гээд байгаагаа удаа дараа хэлэхэд хүлээж бай гэдэг байсан” гэх Б.О-ын мэдүүлэг,

4.1 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээр[7] “...2020 онд анх тушаал гаргаж ажилд авч нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. 2021 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад ажлаа хаяад явсан... Тухайн үед ажлаа хаяад явсан үед нь тушаал гаргаагүй нь миний буруу... Сүүлд ажлаа хаяад явсан учраас үндсэн ажилтнаар ажиллуулаагүй тул өөрөө сайн дурын даатгалаа төлөөд явна гэсэн учраас нийгмийн даатгалыг төлж байгаагүй” гэх “Д” ХХК-ийн захирал Т.А-ийн мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан байна.

5. Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б-аас “Д” ХХК нь ажилтан Б.О-ын 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 5 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, шимтгэл ногдох орлогыг нуусан гэх асуудлыг шалгаж, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсаар[8] Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан “Д” ХХК-ийг шимтгэл ногдох орлогыг нуусан гэх зөрчилд “Д” ХХК-ийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ, нөхөн төлбөрт 5.503.320 /таван сая таван зуун гурван мянга гурван зуун хорь/ төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол”, 31 дүгээр зүйлд 31.1-д “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна”, 31.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”, 31.1.2-т “.энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-т заасан нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх”,

7. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан.

8. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасны дагуу гомдол гаргагч нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил үйлдсэн нь илэрхий нотлогдсон ба улсын байцаагчаас “Д” ХХК-ийг 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

9. Хариуцагчийн “...Д ХХК-д холбогдох торгох шийтгэлийн хэмжээ хоёр мянган нэгж тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэх заалттай хамаарна” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

10. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж заасан бөгөөд Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б-ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ************ тоот шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан байна.

11. “Д” ХХК нь гуравдагч этгээд Б.О-ын 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 5 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн хэмээх анхан шатны дүгнэлт үндэслэлгүй.

12. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд зааснаар  энэхүү маргааны тухайд хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байх бөгөөд Б.О нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тухай гомдлыг[9] 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол[10] гаргаснаар хяналт шалгалтын ажиллагаа эхлүүлж, шийтгэл ногдуулсан байна.

13. Гомдол гарган шалгалтын ажиллагаа эхлүүлснээр зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй зөрчилд шийтгэл ногдуулан, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзнэ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 , 1.5 дугаар зүйлийн 3,  10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн гаргасан “Д аймгийн Нийгмийн даатгалын хяналт шалгалт, улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1] Нотлох баримтын 65 хуудас

[2] Нотлох баримтын 66-75 хуудас

[3] Нотлох баримтын 2 хуудас

[4] Нотлох баримтын 26 хуудас

[5] Нотлох баримтын 52 хуудас

[6] Нотлох баримтын 30-32 хуудас

[7] Нотлох баримтын 33-35 хуудас

[8] Хавтаст хэргийн 5 хуудас

[9] Нотлох баримт 2 хуудас

[10] Нотлох баримт 60-61 хуудас