Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 

     

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 09 сарын 02-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах БОЭТөвийн зүүн талын уулзвар дээр ******* ДОР улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “… замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино…”, мөн дүрмийн 2.7.а-д зааснаар “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно…”, 9.1-д зааснаар “… жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тэврийн хэрэгслийн хурдыг сонгож явна…”, мөн дүрмийн 2-5/а/-д зааснаар “…тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх…”, 2.5./б/-д “…Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх…”, 2.5/в/-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр,  хаягийг  мэдэж  аваад  осолд  холбогдол  бүхий  эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч  А.*******, А. нарыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 02-ны өдөр “Шүр” захын таксины зогсоол дээр зогсож байхад манай найз , охинтойгоо ирээд миний машинд суусан. Тэгээд гийн гэр болох БОЭТөвийн хойд талд байрлах нийтийн байранд хүргэж охиныг нь буулгаад бид 2 хамт ганц пиво уухаар болоод буцаад “Шүр” зах орсон. Тэгээд Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад Хивсний хорооллын хамгийн хойд талын эгнээнд очиж пивоо хувааж уугаад 22 цагийн орчимд г гэр рүү нь хүргэж өгөх гээд зүүнээс баруун чигтэй төв замаар явж байхад БОЭТөвийн зүүн талд гарцны тэнд гэрэл гялбаад зам хөндлөн гарч яваа хоёр хүнийг шүргэх шиг болсон. Толиндоо эргээд харахад гайгүй юм шиг байхаар нь айгаад цаашаа явсан. Тэгээд явж байгаад Өвөр-Эрээний худаг дээр цагдаад баригдсан. Хохирогчид эмчилгээний зардалд 1000000 төгрөг өгсөн гэв.

Иргэний нэхэмжлэгч А.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр нөхөр А.ын хамт орой 17 цагийн орчинд БОЭТөвд очиж биеэ үзүүлээд 21 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ явах санаатай зам хөндлөн гарч байхад машин мөргөх шиг болсон. Тэрнээс хойш болсон хэргийн талаар огт санахгүй байна гэжээ /хх-ийн 28/

 Иргэний нэхэмжлэгч А. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би эхнэр А.*******гийн хамт 21 цагийн орчимд БОЭТөв орж үзүүлээд 22 цагийн орчимд гараад БОЭТөвийн зүүн талын гэрлэн дохиотой уулзвар замаар урдаас хойшоо явган хүний замаар зам хөндлөн гарч байхад зүүн талаас тээврийн хэрэгсэл ирээд миний зүүн талаас, эхнэр А.*******гийн баруун талаас мөргөөд цаашаа чигээрээ яваад өгсөн. Манай эхнэр А.******* замын хойд талд явган хүний зам дээр унасан, би зам дээрээ газарт унасан байсан. Тэгээд хажуугаар явж байсан үл таних хүмүүс түргэн тусламж дуудаад эмнэлэгт очсон. Манай эхнэр А.******* ухаангүй байсан гэжээ /хх-ийн 32/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 35 тоот дүгнэлтэд: Явган зорчигч А.*******, А. нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9.а “Явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг...хориглоно” гэсэн дүрмийн заалтуудыг  тус тус зөрчсөн байна.

Жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.  “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.”а”-д зааснаар “жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.1-д зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг...сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а-д зааснаар “жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.1-д зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг...сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3.4. Жолооч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь анхаарал сарнин, самбаачлах хугацаа ихсэж, зам хөдөлгөөний байдлыг буруу дүгнэснээс явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гарах нөхцөл бүрдүүлсэн байна гэж үзлээ.

5.Зам тээврийн ослын бүдүүвч зурагт “Тоёото королла” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

6. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч ******* ******* /*******/ дугаараар лавлагааг шүүж үзэхэд жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна.

7.8. Зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Соёл-Эрдэнийн “Тоёота королла” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд баруун гар талын гэрэл асахгүй байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг учир хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Иймд уг авто машин нь техникийн стандарт шаардлага хангахгүй, бүрэн бус хөдөлгөөнд оролцож байсан гэж үзлээ гэжээ. /хх-ийн 47/

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/
  • Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/
  • Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13/
  • Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47, 51/
  • Н.*******ийн тайлбар /хх-ийн 6-7/
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 22/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/
  • Гэрч Б. байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-36/
  • Н.*******ийг сэжигтэн болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 59-64/
  • Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/
  • Хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 70/
  • Нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 81/
  • Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-83/
  • “Солонго” эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-ийн 96-97/ зэрэг болон тухайн хэрэгт  хамааралтай, хуулийн  дагуу цуглуулж, бэхжүүлж  авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.******* нь 2015 оны 09 сарын 02-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах БОЭТөвийн зүүн талын уулзвар дээр ******* ДОР улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “… замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино…”, мөн дүрмийн 2.7.а-д зааснаар “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно…”, 9.1-д “… жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна…”, мөн дүрмийн 2-5/а/-д “…тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх…”, 2.5./б/-д “…Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх…”, 2.5/в/-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр,  хаягийг  мэдэж  аваад  осолд  холбогдол  бүхий  эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч  А.*******, А. нарыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулан, зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч Н.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч А.*******, А., гэрч Б., Б. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Схем зураг, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 694, 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 69, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 35 тоот дүгнэлт, шинжээчийн нэмэлт 36 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.*******ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Н.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Энэ хэрэгтэд эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.*******д гэм хорын хохиролд 1000000 төгрөг төлсөн болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотын гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Н.*******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 352733 дугаартай жолоочийн үнэмлэх,  “В” ангиллын 01349248 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Н.*******эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Н.*******эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Ялтан Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч А.*******д 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Н.*******ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотын гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Н.*******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 352733 дугаартай жолоочийн үнэмлэх,  “В” ангиллын 01349248 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Н.*******эд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацааг 2017 оны 01 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА