Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/321

 

 

2023           03          27                                 2023/ШЦТ/321

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйст ургийн овогт Энхтөрийн Дд холбогдох эрүүгийн 2109000001236 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй /уншиж, бичиж чадна гээд яллах дүгнэлтийн 2 дугаар хуудсаас эхлэн уншуулахад уншиж байв/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар тогтоож, энэ ялыг биечлэн эдэлж дууссан гэх, ...........

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө .......... нутаг дэвсгэр Хангай хотхоны ар талд баригдаж байгаа тусгайлан хамгаалсан барилгын 10 давхарт ажилчдын багаж хадгалдаг өрөөнд хууль бусаар, нууцаар нэвтэрч хохирогч Б.Огийн 268,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан дриллийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2109000001236 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Булганчимэгээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Э.Дэс: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэдгээ илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны ар талд баригдаж байгаа тусгайлан хамгаалсан барилгын 10 давхарт ажилчдын багаж хадгалдаг өрөөнд хууль бусаар, нууцаар нэвтэрч хохирогч Б.Огийн 268,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан дриллийг хулгайлан авсан үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16, 31-32 дугаар тал),

-Хохирогч Б.Огийн “...2021 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа ирэхэд байрны 10 давхарт модон хаалга хийсэн өрөөнд хаалгыг нь цоожилж үлдээсэн багаж маань алга болсон байсан. Модон хаалгыг нь эвдсэн байсан тэгээд цагдаад хандсан юм. ...Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 13- ны орой хийгээд цоожилсон юм... Э.Д болон ах нь бид нартай хамт ажилладаг юм, гэтэл багаж байхгүй бид нарын ажил явахгүй болоод ах нь, бэр нь нийлээд багаж авч өгсөн байгаа. Надад одоо гомдол санал байхгүй. Хохирол барагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 21-22 дугаар тал),

-Гэрч Г.Оын “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутаас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө 8 цаг 30 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Бэрх ХХК-ийн баригдаж байгаа барилгын харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө барилгын ажилчид ирэхээр нь орцны хаалга онгойлгож өгсөн. Тухайн үед орцны хаалга эвдрэл байгаагүй гэтэл 30 минутын дараа багаж алдагдсан байна гээд ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “...молдоктой цахилгаан дрилл 2 ширхэг 268,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг тодорхойлов” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Орой 22 цагийн үед гэрээс гараад ажил дээрээ очихоор такси бариад очсон. Тэгээд ажлын газрын хашааг давж ороод хоёр ширхэг дрилл аваад гарч очоод барьж ирсэн таксины жолоочтой үнэ тохироод 150,000 төгрөгөөр өгөхөөр болж бэлэн 40,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь дараа өгье гээд аваад явсан. Тэр таксины жолоочийг танихгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирчээ.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Э.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Тиймээс шүүгдэгч Э.Д “Тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Од учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...268,000 төгрөгийг Э.Дэс бүрэн хүлээж авсан, одоо ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал)-ээр нотлогдож байна гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол шүүгдэгч “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал, шүүхийн шатнаас оргон зайлж шүүн таслах ажиллагаанд зориуд саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 06 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд зориуд саад болсон үндэслэлээр эрэн сурвалжлагдсан бөгөөд түүнийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон бөгөөд энэ хэрэгт нийт 43 хоног цагдан хоригдсон байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зйүлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХСАЙХАН