Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/363

 

 

2023           04          06                                 2023/ШЦТ/363

 

                             

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч П.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2203007540031 дугаартай хэргийг  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ........-д жолооч ажилтай, ам бүл 2, 1 хүүхдийн хамт .............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ..........

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 05 минут орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бээжингийн гудамж, Техникийн их сургуулийн хойд замд “Daewoo” маркийн 59-40 УНЗ улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15. Уулзвар нэвтрэх 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч П.Бын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203007540031 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Одонтуяа: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатараас: “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Нотлох баримтаас шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

Хохирогч П.Б шүүх хуралдаанд “Хөлөө үзүүлж хэд хэдэн эмнэлэгт очсон. Хагалгаа хийлгэх шаардлагатай гэдэг, би одоогоор мөнгөгүй байгаа тул эмчилгээ хийлгээгүй байна. Гомдолтой байна” гэх мэдүүлгийг гаргасан,

Шүүгдэгч Л.С шүүх хуралдаанд “Үнэхээр их харамсаж байна. Маш олон жил жолоочоор ажилласан. Урьд нь хэзээ ч ингэж осол гаргаж байгаагүй. Яалт ч байхгүй миний буруугаас болж энэ хүүхэд гэмтсэн. Өөр надад хэлэх зүйл байхгүй. Энэ охинд эмчилгээний зардал гэж 400,000 төгрөгийг увуулж цувуулаад өгөөд явсан. Дараа нь мэдээж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл тэр эмчилгээний мөнгө төгрөгийг өгнө” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.С нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 05 минут орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бээжингийн гудамж, Техникийн их сургуулийн хойд замд “Daewoo” маркийн 59-40 УНЗ улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15. Уулзвар нэвтрэх 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч П.Бын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-12 дугаар тал),

-Хохирогч П.Бын “...2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад харих гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Техникийн Их сургуулийн хойд замд зам дээр явган хүний гарцаар ногоон гэрэл асах үед нь зам хөндлөн гарч байгаад том оврын автобусны хойд дугуйнд баруун талын хөлөө дайруулсан. Тухайн автобус баруун талын хойд дугуйгаараа хөл дээгүүр дайрч дээрх гэмтлийг үүсгэсэн юм. Би зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байгаад баруун талын хөлөө дайруулчихсан. Хөл дээгүүр гарсан автобусны жолооч ах түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Түргэн ирж үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Удалгүй цагдаагийн байгууллагаас ирж хэмжилт хийж эхэлсэн. Миний баруун хөл дээгүүр дайраад гарсан учир би газар уначихсан. Жолооч толиндоо хараад зогссон гэж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16288 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. ...Жолооч ах С нь гэмтлийн эмнэлэгт хөлийн зураг авахуулахад мөн эм авч өгсөн байгаа. Өөрийн зүгээс таяг, хөлний гадуур угладаг зүйл гээд 70,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-Иргэний хариуцагч, нэхэмжилэгч Д.Дгийн “...Жолооч Л.Наранцацрал осол гаргаж гэмтэл учруулсан явган зорчигчийн хохирлыг барагдуулна гэдгээ хэлж байсан. Жолооч нь байгууллагын автобус унаж замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын болон өөрийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцох эрх үүрэгтэй, ийм ч утгаараа гарсан зардал болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан зардлыг шийдвэрлэж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 23 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...П.Бын биед баруун тавхайн 2,3,4-р хурууны улны шивнүүр бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 16288 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 78-81 дүгээр тал),

-Гэрлэн дохионы горим (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 999608 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-36 дугаар тал),

-2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 51-52 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.С “В, С, СЕ, D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дүгээр тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг тус тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

Шүүгдэгч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Л.Сын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Тиймээс шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч П.Бын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №16288 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

Хохирогч П.Бд шүүгдэгчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлж байсан болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, мөн хохирогч цаашид эмчилгээ хийлгэнэ, одоогоор хохиролтой холбоотой баримт байхгүй гэж мэдүүлсэн болно.

Тиймээс шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэн, хохирогч нь цаашид хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, харин хор уршгийг арилгаагүй, хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Л.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гаргажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүний эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч . Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч П.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН