| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01085/и |
| Дугаар | 01083 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 01083
| 2019 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2019/01083 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т-д холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .Х би Тийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өөрийнх нь Хаан банкны 512731751 тоот данс руу шилжүүлчих гэсний дагуу шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн боловч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хүү тооцоход 4.000.000 төгрөг болсон байна. Хүү болон үндсэн зээлийн нэмж тооцон 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Т нь 2018.01.04-ний өдөр 4,000,000 төгрөг хамт ажилладаг байсан Хаас зээлж авсан бөгөөд авсан мөнгөө 2018.07.17 ны өдөр Хын Хаан банкны 5090505667 данс руу 4000000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5000701634 тоот данснаас шилжүүлэн буцаан өгсөн. Түүнээс зээлсэн 4000000 төгрөгөө бүрэн төлсөн. Харин 2018.02.25 ны өдөр зээлсэн 2900000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд би төлнө. Нийт Хаас 6900000 төгрөгийг цувуулан зээлж авсан нь үнэн бөгөөд түүнээс үлдсэн 2.900.000 төгрөгийг төлнө. Энэ хугацаанд зээлж өгсөн мөнгөд хүү бодож авна. Өгөхгүй удаж байна гэж надруу хэлж, ярьж байсан. Зээлж авсан мөнгөнд хүү тохиролцох талаар бид хэлэлцэж байгаагүй бөгөөд хожим нь үлдэгдэл зээлд хүү тохирч авна гэж нэхэмжлэгч надруу бухимдаж байсан нь үнэн. Зээлийн үлдэгдэлд хэдэн төгрөгийн хүү тохиролцох гээд байгаа талаар надад мэдэгдэж байгаагүй харин утсаар ярьж байхдаа хүү авна л гэж ярьж байсан боловч хэдэн төгрөгийн хүү авах талаар хэлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний нэхэмжлэлд дурдаж байгаа 2018.02.25 ны өдөр шилжүүлэн өгсөн 2900000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж байгаа талаарх тайлбар үндэслэлгүй байгаа бөгөөд 2,900,000 төгрөгийг авахдаа ч ямар ч хүү тохиролцож байгаагүй. Үлдэгдэл зээлийг өгч чадаагүй шалтгаан нь ажлаас гарч ажилгүй болсон байсан бөгөөд Улаанбаатар хот Өмнөговь аймагт ажилд орох санаатай хэдэн сар гэрээсээ хол байсан нь үнэн бөгөөд 1 сар гаруй өмнөөс ажилд ороод удаагүй байгаа учир төлбөрийг төлж чадаагүй байсан.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Тээс зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл 4.000.000 төгрөг,түүний хүү,алданги нийт 8.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 4.000.000 төгрөгийг буцааж төлсөн хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй гэж тайлбарлаж байна.
Талууд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулан нэхэмжлэгч хариуцагчид 4.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэнээр хариуцагч нь нэхэмжлэгчид 4.000.000 төгрөг буцааж төлөх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн 5090647444 тоот данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлснээр гэрээнийхээ үүргийг биелүүлсэн байна. Нэхэмжлэгч нь зээлийн хүү алданги нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү, алдангийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлага үндэслэлгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид урьд нь зээлж авсан 2.900.000 төгрөгийг төлнө гэж байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн хүрээнд хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар Тээс 2.900.000 төгрөг гаргуулан Хт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 5.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61,350 төгрөг гаргуулан Хт олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН