Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/357

 

 

2023           04          05                                 2023/ШЦТ/357

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч М.Т,  өмгөөлөгч Н.Оролжмаа,

шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хишигбуян ургийн овогт Рэнцэнжүгдэрийн Мд холбогдох эрүүгийн 2209000002398 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 31-нд Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 2 дүү, 2 ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 42-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хишигбуян ургийн овогт Рэнцэнжүгдэрийн М, регистрийн дугаар: АП02303115/.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Р.М нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүүд Даг” гэх нэртэй Солонгос хоолны газарт хохирогч М.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дунд хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000002398 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ц.Гэрэлбаатараас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Оролжмаагаас: Хохирогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцоно. Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилгоор шүүх хуралдаанд оролцоно. Хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно гэжээ.

Хохирогч М.Таас: “Одоо хамар маань байнга битүүрч, тонгойход өвддөг. Хамрын хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгааны зардал хэд гарах талаар судалж үзсэн. Ингээд “ЭМЖЖ” эмнэлэгт хамрын хагалгаанд ороход 3,899,400 төгрөгийн зардал гарах юм байна лээ. Энэ хагалгааны зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Мөн эмчилгээний шууд гарсан зардал 160,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Би өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авсан байгаа. Хэрэв энэ хүнд зодуулж ингэж гэмтэж бэртээгүй бол өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй. Би хууль эрх зүйн мэдлэггүй. Өмгөөлөгчдөө 1,500,000 төгрөгийн хөлс төлсөн. Тэгэхээр энэ нь надаас гарч байгаа хохирол тул энэ мөнгөө нэхэмжилнэ. Ингээд нийт 5,561,200 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Хохирол төлбөр төлөгдсөн тохиолдолд гомдол байхгүй” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч Р.Мгээс: “Би өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирлын тухайд шүүхээс хэдэн төгрөг төлүүлэхээр тогтоосон, тэр дүнгээр хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэхэд хохирогчид хамар ясны хугарал гэмтэл учирсан байхад Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай дүгнэлтээр “хамрын яс хугарсан” гэх дүгнэлт гаргаагүй байсан тул “хамар ясны хугарал” гэмтэл хохирогчид учирсан эсэх, хэрэв энэ гэмтэл учирсан бол гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэх, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт бүрэн биш хийгдсэн гэх үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт шинжилгээ хийлгэсний эцэст 2023 оны 3 сарын 10 өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтэд “М.Тын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дурджээ.

Шүүгдэгч Р.М нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүүд Даг” гэх нэртэй Солонгос хоолны газарт хохирогч М.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дунд хуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч М.Тын “...дөлгөөнөө намайг газар унагаагаад дээр гараад миний нүүр хэсэгт цохиод байсан. Гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. ...Дөлгөөн нь намайг газар хэвтүүлээд миний нүүр хэсэгт 5-6 удаа цохисон. Тэгээд босоод ирсэн чинь гэдэс хэсэгт 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч Д.Хдын “...Т, М нар дахиад бие биеэсээ заамдалцаад бие биенийхээ толгой руу харилцан цохилцож байсан. Тэгээд М Тыг газар унагаагаад улмаар дээр нь гараад хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Гэрч О.Цийн “...М Тын дээр гарсан байдалтай нүүр рүү нь цохиод байж байсан. Тэр хоёрын хажууд Хатанболд гэх залуу зүгээр хараад зогсож байсан. ...дахиад маргалдаж эхлээд харилцан бие биенийхээ нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “...Зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн 15288 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...1.М.Тын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 259 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Р.М нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Р.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч М.Т эмчилгээний төлбөрт 5,561,200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан хохирол, хор уршигтай холбоотой нийт 4,059,400 төгрөгийг /үүнд ирээдүйд хийгдэх мэс заслын үнийн дүнг оруулсан/ шүүгдэгчээс гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж зааснаар хохирогч нь өөрийн эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч авч үйлчлүүлж байх тул өмгөөлөгчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Я.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, хохирогчийн өмгөөлөгч “эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор хэлэх зүйл байхгүй” гэж, шүүгдэгч “хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Р.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 4,059,400 /дөрвөн сая тавин есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, өмгөөлөгчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч нь хохирогчид төлөх 4,059,400 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахыг анхааруулсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН