Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0493 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Т-ын М , Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.М нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж төвийн хойд талд Э.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

“Шүүгдэгч Т.М нь 2023 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Э.Б, Ө.Б нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж төвийн хойд талд Э.Б-ыг “найз бол найз шиг бай. Мөнгө төгрөгөө гаргаад яв” гэж уурлан түүний нүүр хэсэгт нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн дээд зовхи, хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

-Хохирогч Э.Б-ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед миний найз Т.М нь “А караокед сууж байна, чи хүрээд ир” гэхээр нь би ганцаараа яваад очсон. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах найз Ө.Б-ын гэрт очсон ба бид гурав Т.М-ын машинд дэлгүүрээс авсан пивоныхоо 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд Ө.Б эхнэр Х-аас 30,000 төгрөг аваад цааш яван Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Л бааранд орж суусан. Бид гурав ширээн дээр нэг, нэг шил Heineken нэртэй 0,5 литрийн пиво авч суусан. Бүжгийн талбай дээр Т.М нэг үл таних эмэгтэй хүнтэй танилцаад уг баарнаас гараад нөгөө хүүхнээ хүргэж өгнө гээд Миний маркет дэлгүүрийг зүглээд явсан. Тун удалгүй найз Т.М нөгөө эмэгтэйг гэрт нь оруулаад өгчихлөө, явцгаая гээд нэлээд ууртай хэлсэн. Бид гурав уг байрнаас яваад холдоогүй байхад миний найз Т.М нь гэнэт над руу уурлаад “найз бол найз шиг бай. Мөнгө төгрөгөө гаргаад яв” гэж уурлаад шууд намайг хавирч унагаад нүүрэн дээр хөлөөрөө дэвссэн. Тэгээд “чи битгий маяглаад бай, босоод ир, явъя” гэж хэлээд миний баруун хавирга орчим нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний найз Т.М намайг зодчихоод цаашаа явсан... Т.М надад “найзыгаа уучлаарай, уурласандаа болоод найзыгаа зодчихлоо” гэхээр нь би тухайн үед уучилсан. Одоо миний зүүн нүдний ухархай цөмөрсөн, зүүн нүд ягаарч цус хурсан байдалтай юм харахад торж хатгуулж өвдөж байна...шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн төлбөр 8,000 төгрөг, Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн төлбөр 35,000 төгрөг, нүдний дусаагуур эм авсан 40,500 төгрөг, нийт эмчилгээний 84,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид нүдний ухархайн яс цөмөрсөн болохоор хагалгаанд орох хэрэгтэй. Хэдэн төгрөг болохыг би мэдэхгүй байна. Одоогийн байдлаар Т.М-аас 1,484,000 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9, 34 дэх тал);

-Гэрч Ө.Б-ын “...тухайн баарнаас гараад явах үед үл таних эмэгтэй бид гуравтай хамт гарч ирсэн. Тухайн эмэгтэйг бид гурав авто сургуулийн урд байрлах байрны орцонд хүргэж өгөөд буцаад явсан. Энэ үед эргээд хартал Э.Б газар унасан байдалтай Т.М, Э.Б-ын нүүрэн тус газар өшиглөхөөр нь би очиж салгасан. Тэгээд Э.Б-ын нүд хавдсан байсан тул гэрийнх нь гадаа хүргэж өгөөд Т.М бид хоёр гэртээ харьсан. Т.М нь Э.Б-ыг газар унасан байхад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 11-12 дахь тал);

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2672 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Э.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн дээд зовхи, хацарт зулгаралт, зүүн дээд доод зовхи, алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дэх тал);

-Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Э.Б-ыг тэр өдөр дуудаагүй. Өмнөх өдөр Э.Б-тай уусан байсан учир “чи хоёр хоног уугаад яах юм бэ” гэсэн. Э.Б намайг Т гэх найзтайгаа байхад ирсэн. Тэгээд хамт 2,5 литрийн савтай пиво ууж байхад надад “Ө.Б чамайг хүмүүстэй нийлээд ална гэж байсан” гэсэн. Дараа нь Ө.Б-тай уулзаад бааранд сууж байгаад гарахад нэг хүүхнийг хэдэн залуучууд хоргоогоод байхаар нь “намайг хүргээд өгөөч” гээд бид нар хамт хүргэж өгсөн. Тэгээд буцаад явж байхдаа би Ө.Б-аас “яагаад намайг ална гээд байдаг юм бэ” гэж асуутал тэгж яриагүй гэсэн. Би Э.Б-аас яагаад ийм зүйл ярьсныг нь асуухад хүмүүстэй муудалцуулах гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Э.Б-ыг түлхсэн. Түүнээс Э.Б-ыг би 2,3 удаа цохиогүй. Түлхээд брожур дээр унахад нь өшиглөсөн. Тэгээд Ө.Б бид хоёр Э.Б-ыг гэрт нь хүргэж өгсөн. Жилийн өмнө миний бие өвдөөд эмнэлгээр явахад Э.Б миний таньдаг хүмүүст намайг нас барсан гэж хэлсэн байсан. Би тухай үед чимээгүй л өнгөрсөн. Түүнээс сая бид хоёр муудалцсан юм байхгүй. Би “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ” гээд түлхсэн. Тэгэхэд Э.Б-ын ард брожур байж таараад тээгэлдээд унахаар нь нүүр рүү нэг өшиглөсөн. Би Э.Б-д дансаар 400,000 төгрөг, бэлнээр 100,000 төгрөг, мөн гоёлын обуд өгсөн. Э.Б авах гээд сонирхоод байдаг байсан юм. Хагалгаанд орох талаар нь асуухад “хувийн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагагүй” гэж байсан...Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань 3, 4 настай. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Т.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2672 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.М-ын өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Э.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Т.М нь тухайн үед өөрт үүссэн уур бухимдал, үйлдлээ хянаж чадаагүйн улмаас хохирогч Э.Б-ын нүүр лүү өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн биед учирсан “...зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн дээд зовхи, хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Т.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний үйлдэлд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Б нь эмчилгээний зардалд 84,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого хэмээн 1,400,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 92-93 дугаар талд 83,500 төгрөгийн эмчилгээний баримт, ажлын газрын тодорхойлолтоос өөр баримт гаргаж өгөөгүй байна.

Тэрээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Э овогтой Б нь М-аас бэлэн 500,000 төгрөг авсан. Эд зүйлээр 500,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлс авсан. Миний хувьд гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ.

Мөн шүүгдэгч Т.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээний зардал гарсан 161,000 төгрөг төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч Т.М нь энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин хохирогч Э.Б цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа зөвшөөрч байгаа зэргийг харгалзсан шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Т.М “...Би гэм буруугаа ойлгож байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзтайгаа маргасан. Торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа  (хавтаст хэргийн 41 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44-45 дахь тал), “Г” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23/20 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 47-80 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 97-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, байнга оршин суух хаягтай хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн болохыг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгж буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.М-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Т-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР