Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00005

 

 

У.Мөнхзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар магадлалтай, 

У.Мөнхзулын нэхэмжлэлтэй,

Их монгол фүүдс ХХК-д холбогдох  

Гэм хорын хохиролд нийт 3,451,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Мөнхзул нь Их монгол фүүдс ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан, пиццаны тогоочоор ажиллаж байхдаа 2018.10.28-ны өдөр ажлын байран дээрээ түлэгдэж, 2 гар, нүүр нь гэмтсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас түүний гэмтлийн шалтгааныг үйлдвэрлэлийн осолд тооцож, акт тогтоосон юм. У.Мөнхзулд түлэгдэлтийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан, арьсны гадна талд шарх, сорви, дотор талд түлэгдэлтээс болж хордлого өгсөн. Эдгээр гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гэгээ мед эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн. Мөн 2019.01.04-ний өдрөөс 2019.04.20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хатан сондор эмнэлэгт тодорхой хугацааны давтамжтайгаар 10 удаа сорви арилгах лазер эмчилгээ хийлгэсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад ажил олгогч байгууллагын ажилтан ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс У.Мөнхзул бэртсэн болох нь тогтоогдсон гэж үзэн, тухайн ажилтанд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэвэр оногдуулсан. Анх энэ асуудлаар дүүргийн мэргэжлийн хяналтын газарт хандахад ажилтны буруу гэсэн, үүнийг зөвшөөрөөгүй тул МХЕГ-т гомдол гаргаснаар 2019.03.15-ны өдөр дээрх актад өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг ажилтны буруу гэдгийг үндэслэлгүй болохыг тогтоож өгсөн. У.Мөнхзулын нүүр түлэгдсэнээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээс гарах боломжгүй болчихоод төлөөлөгч томилсон, цаашид пиццаны тогоочоор ажиллахад сэтгэл санааны хувьд хүндхэн болсон. Их монгол фүүдс ХХК-д 2018 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөх хүсэлт гаргасны дагуу ажил олгогч төлсөн. Гэвч У.Мөнхзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх шийдвэрийг ажил олгогч гаргаагүй байгаа тул ажил олгогчоос хуулиар төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилсэн. Одоо У.Мөнхзулын биеийн байдал харьцангуй сайжирсан боловч байнгын эм уудаг, халуун, уур гарсан зүйлээс болгоомжилдог, сэтгэл санааны цочролд орсон, сэтгэлийн байнгын зовиуртай болсон. Түлэгдэлтээс болоод ойгүйдэлтэй болсныг мэргэжлийн эмч тогтоосны үндсэн дээр магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. У.Мөнхзул нь осол болсон 2018.10.28-ны өдрөөс эхлэн ажилдаа очоогүй, эмчилгээ нь 4 сард дууссан боловч тогоочоор ажиллахад нь ар гэрийнхэн дургүйцэх болсон. Эмчилгээ дууссан боловч эмнэлгийн хуудсыг тухайн үед нь аваагүй юм билээ. Иймд Их монгол фүүдс ХХК-иас Гэгээ мед эмнэлгийн эмчилгээний төлбөр 1,649,000 төгрөг, Хатан сондор эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1,500,000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302,400 төгрөг, нийт 3,451,400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч У.Мөнхзулд олгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.10.28-ны өдөр Их монгол фүүдс ХХК-ийн нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг Калифорниа-2 ресторанд У.Мөнхзул нь тогоочоор ажиллаж байхдаа пиццаны зууханд гал алдаж, газ дэлбэрч түлэгдсэн бөгөөд энэ үйлдвэрлэлийн ослыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа ба үйлдвэрлэлийн осол болсон гэдэгт маргахгүй. Үүнээс болж У.Мөнхзулд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд үүнийг эмчлүүлэхийн тулд тэрээр лазер эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. У.Мөнхзулын ой санамжаа хордлогын улмаас алдсан нь газны хордлогоос үүдэлтэй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа учраас түүний нэхэмжилж буй лазер эмчилгээ болон хордлого тайлах эмчилгээний төлбөрийг хариуцагч төлөх боломжгүй. Хатан сондор гоо сайхны хөгжлийн төв гоо сайхны салоноос 10 удаагийн эмчилгээ хийлгэсэн гэх тодорхойлолт ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 01-07 сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж байгаа боловч үйлдвэрлэлийн ослоос хойш 11, 12 сарын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлсөн. Нэхэмжлэгч У.Мөнхзул нь 2018.10.31-ний өдрөөс 2018.11.13-ны өдөр, 2018.11.28-ны өдрөөс 2018.12.08-ны өдрийн хугацаанд тус тус эмнэлгийн хуудастай байсан. Эмнэлгийн чөлөөтэй байснаас бусад хугацаанд ажилтан ажлаа хийж, үүндээ тохирсон цалин хөлсөө авах ёстой. 2019 он гарснаас хойш У.Мөнхзул ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир түүнд ажил олгогчоос цалин хөлс олгоогүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд ажилтанд олгогдож буй цалин хөлснөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхөөр зохицуулагдсан байна.

Хэдийгээр У.Мөнхзулыг ажлаас халсан тушаал гаргаагүй боловч ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил олгогч нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцаа нь 2 талын нэгдэл бөгөөд хоёр тал харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх боловч ажилтан нь хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.5, 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй, гэтэл зөвхөн 1 талаас эдгээр үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил, үүргээ биелүүлээгүй хүнд цалин хөлс олгох, ийнхүү цалин, хөлс олгоогүй байж нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй юм. Их монгол фүүдс ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтныг 300,000 төгрөгөөр торгосон нь үйлдвэрлэлийн осол болон эмчилгээний асуудалтай холбоогүй гэж үзэж байна. У.Мөнхзулын хэвтэн эмчлүүлсэн гэх Гэгээ мед эмнэлэгт түүнтэй уулзахаар хүний нөөцийн менежер Л.Оюунцэцэгийн хамт очиход тэрээр уг эмнэлэгтэй байхгүй байхаар нь асууж тодруулахад гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэж С.Юндэн эмч хэлсэн. Түүнээс гадна эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлээд өгчихвөл эмчилгээнийх нь зардлыг төлнө гэж байгаа бөгөөд ажилтнаа хайхардаггүй, арга хэмжээ авдаггүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Түүний эмчилгээ хийлгэсэн гэх баримтаар тогтоогдсон 481,000 төгрөгийг 2018.11.15-ны өдөр төлбөрийн баримтыг үндэслэн олгосон. Дээрх гэмтлийн улмаас У.Мөнхзул хөдөлмөрийн чадвар алдаагүй боловч тэрээр ажлаа огт хийгээгүй, ажил олгогчийн зүгээс түүнийг халуун нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байгаа бол өөр ажилд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажиллуулах талаар санал тавьж байсан. Гэтэл энэ бүгдийг үл зөвшөөрч, байгууллагын нэр хүндэд халдаж, 4,000,000 төгрөг өгвөл асуудлыг дуусгана гэх байдлаар хандсан. У.Мөнхзулын эмчлүүлсэн гэх баримтууд нь эргэлзээтэй боловч хуурамч гэдгийг нотолсон баримт байхгүй, үүнийг тогтоолгох талаар эрх бүхий байгууллагад хандсан зүйлгүй. Иймд У.Мөнхзулын Гэгээ мед эмнэлгийн эмчилгээний төлбөр 1,649,000 төгрөг, Хатан сондор эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1,500,000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302,400 төгрөг, нийт 3,451,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар хариуцагч Их монгол фүүдс ХХК-иас 3,451,400 төгрөг гаргуулан У.Мөнхзулд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Их монгол фүүдс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Мөнхзулд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,181 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...У.Мөнхзул нь газны хордлогод орж, ойгүйдэж, сэтгэн бодох чадвар муудаж улмаар хордлого тайлах эмчилгээ хийлгэж, Гэгээ мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэж маргадаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригуунтөгс 2018.11.06-ны өдрийн 13185 дугаар дүгнэлтдээ ...Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, байрлал идэвхитэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, хэлбэр зөв дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлтгүй, дагзны булчин хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн... дээрх гэмтэл нь Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Мөн Их монгол фүүдс ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Л.Оюунцэцэг болон хуульч Б.Мөнхболд миний бие Гэгээ мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг сонсоод У.Менхзултай болон эмчлэгч эмчтэй нь уулзахаар очтол У.Мөнхзул нь эмнэлэгт байгаагүй, хэвтэн эмчлүүлээгүй байсан. Энэ талаар У.Мөнхзул болон түүний өмгөөлөгч, төлөөлөгч, Гэгээ мед эмнэлгийн эмч С.Юндэн мэднэ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тодорхойлсон бөгөөд 3 дахь хэсэгт зааснаар ой ухаан бага зэрэг муудах нь хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсанд, тус журмын 2.2, 2.2.4-д зааснаар энэ нь гэмтлийн хүнд зэрэгт тооцогдохоор байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эрх бүхий шинжээчээс хууль сануулж авсан дүгнэлтэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ухаан санаа саруул гэснийг шүүх анхаарсангүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.4-т Шинжилгээг зөвхөн Шүүхийн шинжилгээний тухай хууль-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан шинжилгээний байгууллагад ажиллаж буй шинжээч болон зохих журмын дагуу томилогдсон этгээд хийх ба өөр байгууллага, этгээдээр энэ төрлийн шинжилгээг дангаар нь хийлгэж, дүгнэлт гаргуулахыг хориглоно гэж заасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэгдэх нотлох баримт мөн.

Ой ухаан бага зэрэг муудах төдийд 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдох учиртай байтал эрх бүхий байгууллага болох Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогоогүй. У.Мөнхзул нь түлэнхийн шарх эдгэрэх хугацаанд буюу 2018.12.08-ны өдрийг хүртэл листтэй байсан. Ийнхүү лист цаашид сунгагдаагүй тул нэхэмжлэгч нь энэхүү хугацаанаас ажлаа хийх боломжтой гэж эмнэлгийн байгууллага үзсэн байдаг. У.Мөнхзул нь тоо бодож чадахгүй, ном уншаад ойлгохгүй байгаа гэдэг боловч энэ нь үнэн эсэх, түлэгдэлт, газны хордлогоос үүдсэн үр дагавар гэдгийг хэн ч тогтоогоогүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэгдүгээр У.Мөнхзул нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх нь эргэлзээтэй, ойгүйдсэн, ой ухаан муудсан гэдэг нь тогтоогдоогүй, үйлдвэрлэлийн ослын улмаас ойгүйдсэн гэх үндэслэл нь нотлогдохгүй байна. Хариуцагч байгууллагын ХАБЭА-ын мэргэжилтэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх нь, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээсэн эсэх нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд гагцхүү зайлшгүй шаардлагатай эмчилгээг бодитоор хийлгэсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан боловч шүүх нотлох баримтын эргэлзээтэй байдлыг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл гэмтлийн хөнгөн зэрэг гэх шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлсэн боловч хүнд зэрэгт хамаарах газны хордлогын улмаас ойгүйдсэн, ой ухаан муудсан байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийн хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. У.Мөнхзулын гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй гэдгийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарна гэж найдаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журмуудын дээр дурдсан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Энэхүү хэргийг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтуудыг хэрэглэх ёсгүй байсан. Учир нь эдгээр заалтуудад Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь гэж заасан. Калифорниа 2 ресторанд гарсан үйлдвэрлэлийн ослыг Их монгол фүүдс ХХК-ийн гэм хор учруулсан үйл ажиллагаа, идэвхитэй шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Энэхүү ресторанд 5 сарын турш пиццаны тогоочоор ажиллаж байсан У.Мөнхзул нь өөрийн хайхрамжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь үйлдвэрлэлийн осол гарах гол шалтгаан болсон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна: 1/Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор; 2/Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс; 3/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого; 4/аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр гэж тус тус заасны дагуу шимтгэлийг ажилтанд олгосон цалин, хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөхөөр хуульчилсан. У.Мөнхзул нь 2019.12.08-ны өдрөөс /листний хугацаа дууссанаас/ хойш ажлаа хийгээгүй, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.4, 3.5, 3.6-д заасан үүргүүдээ хэрэгжүүлээгүй байхад ажил олгогчийг буруутгаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа огт алдаагүй боловч ажлаа хийгээгүй, ажил олгогчийн зүгээс халуун нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байгаа бол хүссэн өөр ажилд чинь цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулъя гэх мэтчилэн ажилтны эрх ашигт нийцүүлэхийг эрмэлзэж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийг хичээж байсан. Нэхэмжлэгчийн байгууллагын удирдлагад гаргасан 2018 оны 11,12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү гэх бичгээр гаргасан хүсэлтийг дагуу зохих ёсоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Иймд Их монгол фүүдс" ХХК нь У.Мөнхзулын 2019.01.07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэх асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд нэхэмжлэгч энэхүү асуудлаар гомдол нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацааг баримтлах ёстой байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс ...-өөс нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж заасан, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй" гэж дүгнэж, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн цалин хөлстэй холбоотой заалтыг баримталсан атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан биш хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг шүүх хэрэглэх ёстой. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Гэгээ мед эмнэлэгт эмчлүүлсэн гэх 1,649,500 төгрөгийн төлбөр, 2019.01.07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд 302,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

У.Мөнхзул нь Их монгол фүүдс ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3,451,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. У.Мөнхзул нь Их монгол фүүдс ХХК-ийн Калифорниа-2 ресторанд тогоочоор ажиллаж байхдаа 2018.10.28-ны өдөр пиццаны шарах зууханд түлэгдэж гэмтсэн нь тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын 2018.11.01-ний өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019.03.15-ны өдрийн 05/853 тоот албан бичиг, 2018.11.22-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогджээ.  

Үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгч У.Мөнхзулын биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хацар, дээд, доод уруул, эрүү, хүзүү, баруун шуу, баруун гарын сарвууг хамарсан биеийн нийт гадаргуугийн 10 хувь орчмыг хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.11.06-ны өдрийн №13185 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

Их монгол фүүдс ХХК-ийн хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Л.Оюунцэцэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дүрэм, журам хангаж ажиллаагүй гэм буруутай тул Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 300,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.  

Зөрчил шалган шийдвэрлэх журмаар Их монгол фүүдс ХХК-ийн ажилтан Л.Оюунцэцэгийн гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй. 

2. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд түүнийг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, хохирол нь У.Мөнхзулын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.    

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна. 

Энэхүү үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг. 

Өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

У.Мөнхзул Их монгол фүүдс ХХК-д холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохиролд нийт 3,149,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. 

Их монгол фүүдс ХХК-ийн ажилтан Л.Оюунцэцэгийн гэм бурууг нэгэнт тогтоосон эрхийн акт хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн зохицуулалт хариуцагчид хамаарахгүй. 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан маргааны зүйлийг өөрийн буруутай үйлдлийн улмаас У.Мөнхзулын эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээнд маргах эрхтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Их монгол фүүдс ХХК-иас У.Мөнхзулын эмчилгээтэй холбоотой баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс харьцуулан дүгнэх, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг багасгах боломжгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.

Нэхэмжлэгч 2018.11.28-ны өдрөөс 2018.12.08-ны өдрийг хүртэл Гэгээ мед ХХК-ийн эмнэлэгт амьсгалын замын хийн хордлого, тархины хордлогот эмзэгшил, үлдэгдэл шинжүүд, нүүрний арьсны химийн түлэгдэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж, эмчилгээний төлбөрт 1,649,500 төгрөг, 2019.01.04-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл Хатан сондор гоо сайхны салонд 10 удаагийн давтамжтайгаар сорви арилгах лазер эмчилгээ хийлгэж 1,500,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлжээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

Тухайлбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан, гэмтэл авсан үеийн нөхцөл байдал, эмчилгээнд зарцуулсан зардлын хэмжээ зэрэг хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэлийн үндэслэл болж буй үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэжээ. 

Хоёр шатны шүүх Их монгол фүүдс ХХК-иас Гэгээ мед ХХК-ийн эмнэлгийн эмчилгээний төлбөрт 1,649,000 төгрөг, Хатан сондор гоо сайхны салоны эмчилгээний төлбөрт 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж У.Мөнхзулд олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан ...Энэхүү хэргийг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтуудыг хэрэглэх ёсгүй байсан. ...У.Мөнхзул нь өөрийн хайхрамжгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь үйлдвэрлэлийн осол гарах гол шалтгаан болсон... гэх утгатай гомдол үндэслэлгүй. 

4. Нэхэмжлэгч эрүүл мэнддээ учирсан гэм хорыг арилгахыг шаардсанаас гадна нэхэмжлэлдээ ...2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302,400 төгрөг...-ийг гаргуулахыг дурдсан байна.  

а/ Нэхэмжлэгч 2018.08.15-ны өдөр Их монгол фүүдс ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тогоочоор ажиллаж байсан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.  

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч 2019 оны 1-7 саруудад Их монгол фүүдс ХХК-тай хөдөлмөрийн гэрээнд заасан болон ажил олгогчоос санал болгосон ажил үүргийг гүйцэтгээгүй байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

У.Мөнхзул ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан болон ажил олгогчоос санал болгосон ажил үүргийг гүйцэтгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл 302,400 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй байна.  

б/ Нэхэмжлэгч 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Их монгол фүүдс ХХК нөхөн төлөх үүрэгтэй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь Нийгмийн даатгалын тухай хууль, Иргэний хуульд заасантай нийцэхгүй байна. 

Үүнээс гадна Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй талаар заасан зохицуулалт нэхэмжлэгчийн дээрх шаардлагад хамааралгүй. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулахаар шаардах эрхгүй.  

Нэхэмжлэгчээс ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл 302,400 төгрөгийг ажил олгогчийн өмнөөс төлснөө нотлоогүй байхад шүүхээс Их монгол фүүдс ХХК-иас У.Мөнхзулын 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 302,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын журмаар гаргасан ...ажил олгогчийг буруутгаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн гомдол хангагдана. 

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон У.Мөнхзулын 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 302,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдлын үлдсэн хэсгийг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Их монгол фүүдс ХХК-иас 3,149,000 төгрөг гаргуулан У.Мөнхзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 302,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Мөнхзулд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,173 төгрөгийг буцаан олгосугай.  

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Х.ЭРДЭНЭСУВД

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ 

                                                                ШҮҮГЧИД                        Б.МӨНХТУЯА 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Д.ЦОЛМОН