| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2019/0591/Э |
| Дугаар | 1134 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1134
2019 11 12 2019/ДШМ/1134
Т.С-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1536 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.С-од холбогдох 1810 02367 0016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ийн С, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “....”-д ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр гудамж, 122а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................................../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
Т.С нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн С.Түвшинтөгст “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 3 өрөө байрыг өөрийн байр гэж хуурамч гэрчилгээ үзүүлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатчаар 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 14.000.000 төгрөг, Тоёота марк Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг залилан авч, нийт 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Т-ийн С-ыг “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Т.Сод Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Сод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Сод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сын урьд нь цагдан хоригдсон нийт 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.С-оос 6.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Түвшинтөгст олгож, хохирогч С.Түвшинтөгс нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Соос жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.С нь гэмт хэрэг үйлдэхдээ Оюунжаргал, Намуунаа, Алтантуяа нартай хамтарч үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн. Тэрээр байрны хуурамч гэрчилгээг Намуунаа авчирч өгсөн, өөрийн дансанд Түвшинтөгсөөс авсан мөнгөнөөс 500.000 төгрөг үлдээгээд бусад мөнгийг Алтантуяагийн дансанд шилжүүлсэн гэж тогтвортой мэдүүлдэг. Хохирогч нь Алтантуяа гэх эмэгтэй Т.Сын хамтаар хохирогч С.Түвшинтөгсийнд очиж төрсөн дүү нь гэж хэлж, гэрт нь үлдэж эгчид нь байрыг үзүүлэх тухай ярьж байснаас гадна Т.Сыг хоригдсоны дараа 80500440 дугаарын утаснаас хохирогч руу ярьж “Та гомдолгүй гээд хэлчих, би ахыгаа хурдан гаргаж авмаар байна” гэж байсан тухай тодорхой мэдүүлсэн байдаг.
Т.С нь хохирогч С.Түвшинтөгсийн машиныг авахдаа Батбаяр гэдэг хүнтэй очиж авсан гэдэг. Т.С уг машиныг унаж яваад 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн байгаа гэдэг боловч машиныг өөрийн нэр дээр, өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй. Анхан шатны шүүх Т.Сыг бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 6 сая төгрөг гаргуулан С.Түвшинтөгсөд олгуулахаар шийдэхдээ хохирогчийн хэлсэн 7 сая төгрөгт машиныг тооцож өгсөн гэх мэдүүлгийг үндэслэсэн. Уг машин хохирогч С.Түвшинтөгсийн эзэмшлийнх мөн эсэх, тэрээр уг машиныг бусдад зарах, шилжүүлэх, барьцаалах эрхтэй эсэх, зам тээврийн осол гарсан эсэх, осол гарсан бол машиныг хэн жолоодож явсан, машин журмын хашаанд байгаа нь үнэн эсэх, уг машин ямар үнэтэй болох зэргийг тогтоогоогүй байхад хохирогчийн үнэлгээгээр машиныг залилсан гэж хохирлыг тогтоож тооцсон нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаас харахад, уг мөнгийг Намуунаа, Оюунжаргал нар өмгөөлөгчөөр дамжуулж төлсөн гэх Т.Сын мэдүүлэг үндэслэлтэй байгаа бөгөөд баримтад төлөгч этгээд Ц.Мөнхтуяа гэсэн байдаг. Мөнгө төлөх үед Т.С хоригдож байсан зэргээс Т.Сод ял оногдуулсан дээрх гэмт хэргийг тэр ганцаараа биш, бусадтай хамтарч, тэдний дарамт шахалтаар үйлдсэн байж болзошгүй байгаа юм. Иймд Т.С хэдийд ямар баримт материалаар аль банкнаас 136.000.000 төгрөгийн зээл авсан, уг зээлийг Намуунаа, Алтантуяа, Оюунжаргал гэх хүмүүс хамтран зээлсэн нь үнэн эсэх, Нийслэлийн мөрдөн шалгах газарт эдгээр хүмүүст холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг байгаа эсэх, тэр хэрэгт Т.С мэдүүлэг тайлбараа өгсөн эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн үндэстэй нотлоогүй, гэмт хэргийг хамтран үйлдсэн этгээдүүдийг олж шалгаагүй байхад Т.Сыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1536 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, гомдолд дурдсан ажиллагааг хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийтгэх тогтоолд дурдсан байсан. Би мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч чадаагүй. Хэргийн материалтайгаа танилцаж чадаагүй байхад шүүх рүү хэргийг шилжүүлсэн.
Мөрдөн байцаалтад Алтантуяа гэх хүний дансыг шалгуулъя гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч байцаагч хүлээж аваагүй. Намайг 1 сард хоригдсон байхад 15.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Би анхан шатны шүүх хурлаас 3 жилийн хорих ял аваад ачигдаад ирсэн. Давж заалдах шатны шүүхээс Алтанцэцэг өмгөөлөгчийг авсан байгаа. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэв.
Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн гомдолд дурдсан Оюунжаргал, Намуунаа гэх хүмүүсийн талаар нэг ч удаа мэдүүлж байгаагүй. Алтантуяа гэх хүний талаар хэлдэг боловч нэрнээс өөр зүйл мэдэхгүй гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Алтантуяа гэх хүний тухай огт ярилгүйгээр Намуунаа, Оюунжаргал гэх хүмүүс намайг айлган сүрдүүлж, энэ залилан мэхлэх гэмт хэргийг үйлдүүлсэн гэж хэлдэг. Прокурорын зүгээс “та мөрдөн байцаалтын шатанд Алтантуяа гэх хүний талаар хэлсэн байна” гэхэд “би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ мартчихсан байна” гэдэг. Худлаа хэлээд байгаа үйл баримт нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байгаа. Т.С нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төмөрчөдөртэй гэрээ байгуулахдаа “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 4 өрөө байрыг өөрийн байр гэж хуурамч гэрчилгээ үзүүлэн гэрээг өөрийн биеэр үйлдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Т.С нь иргэн Б.Төмөрчөдөр, С.Отгонцэцэг нарын нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 4 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэлтэй байр гэж хохирогч С.Түвшинтөгст хуурамч гэрчилгээ үзүүлж, 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатчаар 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 14.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч, Тоёота марк Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг 7.000.000 төгрөгт тооцон авч, нийт 21.000.000 төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Түвшинтөгсийн “...С 25.000.000 төгрөг зээлээд нэг жилийн хугацаанд хүүнд нь суулгах 4 өрөө байр байна гэж яриад фэйсбүүк чатаар байрныхаа зургийг явуулсан. Тухайн байр надад таалагдсан тул 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би Стой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны гадна уулзахад С нь “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьчихсан, надад харуулаад “энэ байр миний өөрийн эзэмшлийнх байгаа юм” гэж хэлсэн. Би байрны үл хөдлөх гэрчилгээг харахад 136.52 м/кв талбайтай байр байсан ба нэг хүний өмчлөлийн буюу Төгсмөнхийн Сын нэр дээр байсан. Ингээд С бид 2 хоорондоо харилцан тохиролцоод, би Сод бэлнээр 14.000.000 төгрөг, 7.000.000 төгрөгөнд Тоёота марк Х загварын автомашин өгч, нийт 21.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлийн хүүнд нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцанд 2 жилийн хугацаанд оршин суухаар болсон. ...”/хх 22-23/,
гэрч Б.Баасансүрэнгийн “... “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоотод байрлах 90.62 м/кв талбайтай 4 өрөө орон сууцыг миний төрсөн ах Бадарчийн Төмөрчөдөр нь 2014 онд худалдан авч, амьдарч байгаад 2018 оны 6 дугаар сард Япон улс руу ажиллаж, амьдрахаар явсан. Би 2018 оны 7 дугаар сард unegui.mn сайт дээр “Трю эл” хотхоны 716 дугаар байранд бүрэн тавилгатай 4 өрөө орон сууцыг гражийн хамт удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зарыг байршуулсан. ... “Цолмон зууч” ХХК-ийн менежер Солонго, захирал Эрдэнэдалай нар над руу утсаар ярьж байгаад манай байрыг түрээслэх Т.С гэх залуу болон түүний дүү эмэгтэйн хамт ирж надтай уулзаад зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, орон сууц түрээслэх гэрээг тус тус байгуулсан. ...” /хх 28-29/,
гэрч Ц.Солонгын “...С “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцыг түрээслэхийг зөвшөөрсөн тул би Баасансүрэнтэй утсаар ярьж, тохиролцож байгаад ажил дээр нь очиж Баасансүрэн, С бид гурав зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсны дараагаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцыг Сод хүлээлгэн өгсөн. ...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,
Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн магадлагаа /хх 36-37/, Т.Сын “Хаан” банкны эзэмшлийн 5175039238 дугаартай дансны хуулга /хх 87/, Т.Сын нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот, 136.52 м.кв, 5 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч гэрчилгээ /хх 111/, Б.Төмөрчөдөр, С.Отгонцэцэг нарын 2 хүний өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот, 90.62 м.кв, 4 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 123/, хохирогч С.Түвшинтөгс шүүгдэгч Т.Сод Тоёота марк Х 41-48 УНЭ автомашиныг хүлээлгэн өгсөн гэх газрыг заасан гэрэл зураг /хх 20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Сыг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байдлаар гэм буруутайд тооцсон байна.
Хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр тухайн зүйлд заасан гэмт хэргийн аль шинжийг нь шүүгдэгчийн үйлдэлтэй нийцэж байгаад дүгнэлт хийж, тухайн шинжээр гэм буруутайд тооцох буюу өөрчлөх эрх хэмжээ анхан шатны шүүхэд байх боловч энэ талаар дүгнэлт хийсэн байх учиртай.
Цаашид энэ байдалд анхаарч шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт хийвэл зохино.
Шүүгдэгч Т.Сын хохирогч С.Түвшинтөгст байрны хуурамч гэрчилгээ үзүүлж, уг байрыг 3 сарын хугацаатай түрээслүүлэхдээ хүү төлөхгүйгээр 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 21.000.000 төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдэлд анхан шатны шүүхийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шинжүүд байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Сын хохирогч С.Түвшинтөгсийг залилан мэхэлж, 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн /хх 133-136/ заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1536 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн М.Сын биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь хуульд нийцэж байна.
Шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, гэмт хэргийг хамтран үйлдсэн этгээдүүдийг олж шалгаагүй, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Т.С нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдоогүй, харин С.Түвшинтөгсөөс залилж авсан мөнгөө бусдад өгсөн, ашиглуулсан байдлыг шүүгдэгч өөрөө захиран зарцуулсан гэж үзэх тул түүнийг бусадтай хамтран залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан байх бөгөөд хэргийн материалтай танилцаж санал хүсэлт байхгүй гэж бичиж, гарын үсгээ зурсан баримт хэрэгт тус тус авагдсан /хх 58, 130/ байх тул өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид баримт бичиг ашиглаж үйлдсэн шинж хамаарч байх бөгөөд шүүх, Т.Сыг “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тусдаа гэмт хэрэг үйлдсэн байдлаар шийтгэх тогтоолдоо дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Гэвч энэ дүгнэлтийг шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж заажээ. Т.Сод холбогдох хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш тэрээр шүүхэд ирээгүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж, Т.Сыг эрэн сурвалжлах шүүгчийн захирамж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан байх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг сэргээж, шүүх хуралдаан товлогдсон байна. Өөрөөр хэлбэл, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс сэргээн тоологдох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хугацаанд хамаарч байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1536 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ