Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0012

 

 

 

 

 

 

 

        2021         12          30                                  128/ШШ2022/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г д ХХК /РД: /

Хариуцагч: ЭТ ХК ТҮХ

Гуравдагч этгээд: Х ХХК /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ЭТТ/202106456 дугаартай тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч Г дХХК-ийн захирал Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Ц.С, Э.У, гуравдагч этгээд Х  ХХК-ий захирал Л.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Г д ХХК нь Э ТХК-иас зохион байгуулсан ЭТТ/202106456 дугаар Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх этгээдээр Х  ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Х  ХХК-ийн техникийн саналын маягтад тендерийн хүчинтэй байх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гэж бичсэн нь хуулийн хүчинтэй хугацаанд бус байсан атал гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1 -д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэсэн заалтыг зөрчсөн.

Энэхүү эхний тендер шалгаруулалтаар манай компанийн авсан оноо 2 дугаарт байсан. Гэтэл Э ТХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12/2411 тоотоор манай компанийг шалгараагүй болох талаар мэдэгдсэн.

Манай гаргасан гомдлын дагуу Сангийн яам хянан үзээд танайд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6-1/6249 дугаартай албан тоотоор тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн, мөн үүнийг хэрхэн ойлгож, Үнэлгээний хороо болон захиалагч хэрхэн шийдвэр гаргах ёстой талаар бид тус яамнаас тайлбар авахад зөвхөн Сангийн яамны хянаж, алдаатай шийдвэр гаргасан болохыг тогтоосон хэсгийн хүрээнд үнэлгээг хуульд нийцүүлэн хийх ёстой талаар мэдэгдсэн.

Дээрх 6-1/6249 тоотын дагуу танайхаас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12/2358 тоотод ...тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоног сунгасан.; ...техникийн саналын маягт, санхүүгийн саналын маягт болон тендерийн баталгааны хугацааг шинэчлэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 12.00 цагаас өмнө Э ТХК-ийн оффисын төв байранд ирүүлэхийг мэдэгдсэний дагуу бид утсаар лавлаж тендерийн бичиг баримтаа дахин хүргүүлсэн болно.

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 02/124 дугаартай албан тоотоор тендер шалгаруулсан урьдын шийдвэрийг эргэн харж хянан үзэх талаар хүсэлтээ хүргүүлсэн.

Гэтэл Э ТХК-иас маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12/2445 тоотоор урьдын таван оролцогчийн тендерийн баримт бичигт үнэлгээ хийсэн, манай компанийг шалгараагүй болох талаар мэдэгдсэн. Энэ үйлдлээрээ Төрийн захиргааны төв байгууллагын хууль ёсны шийдвэрийг зөрчиж, Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг үл хэрэгссэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол үүнийг хүчингүй гэж үздэг. Тэгэхээр бүр ажлаа гүйцэтгэсэн гээд оруулчихсан байна. 12 дугаар сарын эхээр судалгаа нь явсан гээд байх шиг байна. Тайланг нь хараад үзэхэд уг ажлыг мэргэжлийн хүний хувьд 40 хувьд хүрэх хэмжээний гэж үзэхгүй байна. Хөрсний бичиглэл зэрэг нь хоорондоо зөрөөтэй. Яг үнэхээр тэр газар дээр ажилласан юм уу, иймэрхүү байдлаар ажилладаг компанийг шалгаруулах нь ашиг сонирхлын зөрчил байсан юм болов уу гэж дүгнэж байна.

Иймд ЭТТ/202106456 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2021оны 11 дүгээр ын 15-ны өдрийн Х  ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, Сангийн яамны 6-1/6249 тоотод дурдсан асуудлыг хэрэгжилтийг хангуулж өгнө үү.” гэв.

          Хариуцагч ЭТ ХК ТҮХны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

           “Э ТХК нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 сарын 28-ны өдрийн 113 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Э ТХК-ийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгойн ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Э ТХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/195, 2021 оны 7 дугаар сарын сарын 29-ний өдрийн А/221 дугаартай тушаалуудаар байгуулагдсан Үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгох Үнэлгээний хороо нь ЭТТ/202106456 дугаартай зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журмын дагуу зохион байгуулсан.

Үнэлгээний хороо тус тендер шалгаруулалтыг 2021 оны 8 сарын 11-ны өдөр зарлаж, тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn болон Э ТХК-ийн www.ett.mn цахим хуудаст байршуулж, өдөр тутмын Зууны мэдээ /№ 156/, Үндэсний шуудан № /147/ сонинд хэвлүүлж нийтэд зарласан. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлсэн дэлгэрэнгүй жагсаалтыг нээхэд дараах компаниуд тендер ирүүлсэн.

Г дХХК, Гр*******с ХХК, Д******* ХХК, И******* ХХК, М******* ХХК, ******* ХХК, Х******* ХХК, Э ХХК, Э******* ХХК, Э******* ХХК.

Үнэлгээний хороо дэлгэрэнгүй жагсаалтад ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлэхэд дараах аж ахуй нэгжүүд хураангуй жагсаалтад шалгарсан.

Г дХХК, Д******* ХХК, И******* ХХК, ******* ХХК, Х******* ХХК, Э ХХК, Э******* ХХК.

2021 оны 8 сарын 30-ны өдөр дээрх тендерт оролцогч нарт тендерийн баримт бичиг болон ажлын даалгаврыг хүргүүлэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр техникийн саналыг хүлээн авахад дараах аж ахуй нэгжүүд техникийн саналыг ирүүлсэн. Г дХХК, Д******* ХХК, И******* ХХК, Х******* ХХК, Э ХХК.

Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйл, Сангийн сайдын 2008 оны 249 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу нэг бүрчлэн нарийвчлан хянан үзэж, үнэлсний дагуу дараах аж ахуй нэгжүүд босго оноог /70 буюу түүнээс дээш/ давсан тул санхүүгийн саналыг нээсэн.

Х******* ХХК -194,785,800 төгрөг,

Г д ХХК 198,039,600 төгрөг.

Ингээд 2021 оны 10 сарын 27-ны өдөр Х******* ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай, Г дХХК-д техникийн болон санхүүгийн саналд хамгийн өндөр аваагүй тул тендерээс татгалзах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн.

ЭТТ/202106456 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Х  ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, Сангийн яамны 6-1/6249 тоотод дурдсан асуудлын хэрэгжилтийг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 6-1/6249 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэн, захиалагчийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл олгосон.

Үнэлгээний хорооны 2021 оны 11 сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улсын Сангийн яамны дээрх албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг олгосон тул Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох жишиг баримт бичгийн 5.4-т Тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаар тендерт оролцогч захиалагчид мэдэгдэж, зөвшөөрсөн тохиолдолд тендерийн баталгааны хугацааг сунгаж ирүүлнэ. Харин тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байх тул тендерийн баталгаа, техникийн саналын маягт, санхүүгийн саналын маягтын хугацааг шинэчлэн ирүүлэх мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд компанийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 12/2358 тоот “Хугацаа сунгах тухай" албан бичгээр тендерийн баталгаа, техникийн саналын маягт, санхүүгийн саналын маягт нарын хугацааг сунган ирүүлэхийг Г дХХК, Д******* ХХК, И******* ХХК, Х******* ХХК, Э ХХК нарт хүргүүлсэн.

Үнэлгээний хорооны 2021 оны 11 сарын 11-ний өдрийн хурлаар Монгол Улсын Сангийн яамны дээрх албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн техникийн санал ирүүлсэн дээрх 5 /тав/ компанийн техникийн саналыг хуульд нийцүүлэн дахин үнэлэхэд Х******* ХХК нь техникийн саналд 93.85 оноо /Т=70/, санхүүгийн саналд 100 оноо /Т=30/ тус тус авч нийт 95.7 хамгийн өндөр оноо авсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх зөвлөмж, дүгнэлт гаргасан.

Үнэлгээний хороо 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х  ХХК-ийг шалгаруулсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудал болох Х******* ХХК-ийн техникийн саналын Тендерт оролцох саналын тэргүү хэсэгт “2021 оны 10 дугаар сарын 08 өдөр” гэсэн бичиглэл байх бөгөөд “2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хэлэлцээр хийнэ” гэсэн нь бичиглэлийн алдаа гэж Үнэлгээний хороо хянан үзэж, үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийн дагуу Захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 6-1/6249 дугаар албан бичгээр хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэгч Г дХХК-ийн нэхэмжлэлтэй Э ТХК-ийн Үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Манай компани Э ТХК-ийн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх тухай 2021 оны 8 дугаар сарын 11- ны өдөр зарлагдсан тендер шалгаруулалтанд хуулийн хүрээнд оролцсон.

Ингээд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тендер нээхэд нийт 10 компани тендер хүргүүлснээс нэр бүхий 7 компани хураангүй жагсаалтанд багтсаны нэг нь манай компани байсан. Үүнээс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар техникийн санал хүргүүлсэн 5 компанийн хоёр нь манай компани болон Г д ХХК байсан.

Манай компани Техникийн саналын тэргүү хэсэгт “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр” гэсэн бичиглэлтэй явсан бөгөөд харин “2021 оны 10 дугаар сарын 06-аас өмнө хэлэлцээр хийнэ” гэсэн нь техникийн буюу бичиглэлийн алдаа гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Техникийн санал хүргүүлэхээс өмнө хэлэлцээр хийнэ гэдэг асуудал байх боломжгүй гэдэг нь тодорхой юм. Энэ ч утгаараа Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж гарч, Захиалагч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компанид гэрээ байгуулах эрх олгосон.

Гэтэл Г д ХХК нь гомдол гаргаснаар Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 6-1\6249 тоот албан бичгээр Захиалагчийн манай компанид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг олгосон байдаг.

Улмаар Үнэлгээний хороо 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр тендерт оролцогч нарт тендерийн баталгаа, техникийн саналын маягт, санхүүгийн саналын маягтын хугацааг шинэчлэн ирүүлэх мэдэгдлийг ирүүлснээр манай компани мэдэгдлийн дагуу материалаа хүргүүлсэн бөгөөд дахин үнэлэхэд манай компани нийт 95.7 хамгийн өндөр оноо авсан байдаг.

          Уг тендерийг 8 дугаар сарын 11-ний өдөр анх зарласан. 8 дугаар сарын 20-ны өдөр тендерээ нээсэн байдаг. 10 дугаар сарын 08-ны өдөр тендерийн саналыг хүргүүлсэн байдаг. 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон байдаг. 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яамнаас уг гомдлыг хянаж үзээд тендерийг зөрчилтэй хэсгийг нь дахин үнэлэх чиглэлийг өгсөн байдаг. Ийнхүү тендерийн хугацааг сунгасан. Энэ сунгасан хугацаанд тендерийн хороо хууль журмын дагуу хугацааг сунгасан талаар оролцогч 5 компанид мэдэгдэл хүргүүлсэн. Санхүүгийн саналын баримт материал он, сар, хугацаа нь зөрж байгаа учраас дахин шинэчилж ирэхийг тендерт оролцогч компаниудад мэдэгдсэн байдаг. Ингэж Сангийн яаманд гаргасан гомдлын хариуны дагуу дахин ирүүлсэн материалд дахин үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг хийгээд дахиад Х ХХК шалгарсан байдаг. Эхний 10 дугаар сарын 27-ны өдрийн тендер шалгаруулалтаар Х ХХК яагаад шалгарсан гэдэг дээр нэхэмжлэгч гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч хэлэхдээ 10 дугаар сарын 06-ны өдөр гэсэн огноог бичиглэлийн алдааг гаргасан байдаг. Энэ нь хуулийн 24-д 30 хоногийн дотор гэж хуулийн үг хэллэгийг гуравдагч этгээд Х ХХК 30 хоног буюу он сараа тавихдаа 10 дугаар сарын 08-ны өдрийг 10 дугаар сарын 06-ны өдөр. Үүн дээр нэхэмжлэгч гомдол гаргаад Сангийн яам түүнийг хүлээж аваад, тэр хэсэгт нь дахин үнэлгээ хийнэ үү гэдэг байдлаар дахин үнэлгээ хийгээд үнэлгээ хийхэд хугацаа сунгагдсан учраас бүх баримтууд оролцогч 5 компани дахин өгөөд энэ үнэлгээг нийт 2 удаа хийгээд Х ХХК шалгарсан байдаг.

          Тэгэхээр Г д ХХК Сангийн яамны гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийгдэж байгаа сунгасан мэдэгдлүүдийг хүлээж аваад нэхэмжлэгч өөрөө дахин оролцсон байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн агуулга бүхий гомдол гаргаад байгаа хэсэгтээ гомдол гаргаад түүнийг Сангийн яам шийдсэнийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд дахин тендерт оролцсон асуудал яригддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тайлбарлаж буй агуулгаас харвал мөн адил Х  ХХК-ийн он сарын асуудлыг яриад байна. Энэ он, сарын асуудлыг Сангийн яам урьдчилсан байдлаар шийдээд дахин үнэлгээ хийгээд дахин үнэлгээ хийхэд хамгийн сайн үнэлгээгээр гуравдагч этгээд шалгарсан байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага, агуулга тодорхой гарч ирэхгүй байна. Нэхэмжлэлийн хамгийн ард талд 11 дүгээр сарын 15-ны өдрийн шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Тэгэхээр 11 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээдийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр гараагүй. Нэхэмжлэгчийн өнөөдөр шүүхэд хандаад байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ дурдаад байгаа асуудлууд нь эхний тендер шалгаруулалтаар гомдлынх нь дагуу дахин тендер шалгаруулалтад ороод шийдвэрлэгдсэн асуудал юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г******* ХХК нь тус шүүхэд ЭТ ХК ТҮХнд холбогдуулан Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ЭТТ/202106456 дугаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчээс Х  ХХК-ийн техникийн саналын маягтад тендерийн хүчинтэй байх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гэж бичсэн нь хуулийн хүчинтэй хугацаанд бус байхад гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ  гэсэн заалтыг зөрчсөн гэж,

          Хариуцагчаас Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/6249 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэн, захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл олгосны дагуу дахин үнэлэхэд нэхэмжлэгч саналаа ирүүлж оролцсон гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Г д ХХК нь Э ТХК-ийн зарласан Үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгох зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202106456 дугаар тендер шалгаруулалтад оролцсон.

Хариуцагч тендерийн ЭТ ХК ТҮХ 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцогчдын ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч, хянан үзээд Х******* ХХК , Г дХХК-ийг тус тус босго оноо давсан гэж үзэж, үүнээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Х******* ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай, Г дХХК-д техникийн болон санхүүгийн саналд хамгийн өндөр оноо аваагүй тул тендерээс татгалзах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн байна.

          Г д ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12/2411 дүгээр албан бичгээр ирүүлсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд 2021 оны 6-1/6249 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

          Тодруулбал, тус тендерийн Үнэлгээний хороо нь Х******* ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08 өдөр ирүүлсэн Тендерт оролцох саналд “Саналын хүчинтэй байх хугацаа санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хэлэлцээр хийгдэх бол...” гэж бичигдсэн нь илэрхий бичиглэлийн алдаа гэж үзэж шалгаруулалт явуулсныг Сангийн яам хүчингүй болгон дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгасан.

          Ингээд тендерийн Үнэлгээний хороо 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12/2358 дугаар албан бичгээр ...тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоног сунгаж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэний дагуу оролцогч компаниуд саналаа ирүүлсэн байна.

          Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дахин үнэлгээ хийж, гаргасан дүгнэлтээр хосолмол үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан Хатандэлхий ХХК-ийг тендерт шалгаруулж,  2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/2410 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож, 12/2411 дүгээр албан бичгээр Г дХХК-д тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн.

Түүнчлэн Э ТХК нь Х  ХХК-тай 2021оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2021/759 дүгээр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байна.

Тендерийн Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг Г д ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан гомдлыг хянаад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6453 дугаар албан бичгээр ... хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана, ... тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.5-д ... гомдол гаргасан асуудлаар өмнө нь Сангийн яам шийдвэрлэж хариу өгч байсан нөхцөл байдал бүхий гомдлыг буцаах гэж заасны дагуу Г******* ХХК-ийн гаргасан гомдлыг буцаажээ.

          Г дХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан  Х  ХХК-ийн техникийн саналын маягтад тендерийн хүчинтэй байх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гэж бичсэн нь хуулийн хүчинтэй хугацаанд бус байхад гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх гомдлыг Сангийн яам нэгэнт шийдвэрлэж, дахин тендер шалгаруулалт явагдсан байна.

          Иймээс Э ТХК-ийн  Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ЭТТ/202106456 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэснийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

          Нөгөө талаар нэхэмжлэгч Г дХХК-ийн гаргасан гомдлын дагуу захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин явагдсан тендерт оролцох саналаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэс таван толгой ХК-д ирүүлж, тендер шалгаруулалтад оролцсон атлаа      өмнөх хүчингүй болсон тендерт холбогдуулан гаргасан гомдлоо дахин нэхэмжлэлийн үндэслэл болгон гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дахин явагдсан тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй болно.

          Эдгээр нөхцөл байдлыг дүгнэн үзээд нэхэмжлэгч Г******* ХХК-ийн гаргасан Э ТХК-ийн  Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ЭТТ/202106456 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн гаргасан Э ТХК-ийн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ЭТТ/202106456 дугаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

                      

                         ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН