Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0442

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  Б.М

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Гуравдагч этгээд “Д” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0293 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Т, Т.С

Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э, Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 128/2024/0916/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Б.М нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн орц гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарцыг нарийсгасан хэсгийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, ажлын хэсэг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0293 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасныг тус тус баримтлан Б.М-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн орц гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарцыг нарийсгасан хэсгийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, ажлын хэсэг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, бусад тогтоомж болон газар ашиглах гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн буюу газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй, олон жил ашиглаж ирсэн газрын чөлөөтэй нэвтрэх орц, гарц буюу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хаасан үндэслэлээр маргаан бүхий актыг холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дүгээр тушаалаар “Д” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсгийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 болон Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны **** дугаар тушаалаар баталсан БНбД-32- 04-06 “Хот суурины гудамж, зам төлөвлөлт”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 заасныг тус тус зөрчиж “Д” ХХК-д газар олгосон гэж маргасан билээ. Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэл гаргагчийн эзэмшиж, ашиглаж буй газрын зэргэлдээ оршдог түүнийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгөөсэй гэж хүсэж байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 222 дугаар тушаалаар баталсан БНбД-32-04-06 “Хот суурины гудамж, зам төлөвлөлт”-ийг буюу захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тухайд: Тодруулбал Хот суурины гудамж, зам төлөвлөлт БНбД 32-04-06-ын 2.1-т “Гудамж зам, талбай зорчих хэсгийг тээврийн хэрэгслийн төрөл, овор хэмжээ, хурд, хөдөлгөөний аюулгүй байдлын тооцоог үндэслэн төлөвлөнө”, 2.2-т “Гудамж замын тооцооны үзүүлэлтүүд болон гудамж замын ирмэгээс орон сууцны барилгын эдэлбэр газрын улаан шугам хүртэлх хэмжээг 3 дугаар хүснэгтэд зааснаар төлөвлөнө” гэж тус тус заасан.

...Үүнээс үзэхэд нутаг дэвсгэрийн туслах гудамж нь хамгийн багадаа 3 метр байхаар БНбД-д тусгагдан батлагдсан байна. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь өөр хоорондоо давхцаагүй, хоорондын зай нь 2.7 метр болох нь ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдсон, уг зайгаар эмнэлгийн тусламжийн болон автомашин зорчих бүрэн боломжтой байна” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль тогтоомжийг зөрчиж, бодит байлалд биелэгдэх боломжгүй байна. Учир нь гудамж талбайг төлөвлөхдөө түүний зорчих хөдөлгөөний хэсгийг аюулгүй байхаар буюу явган зорчигч, тээврийн хэрэгсэл зөрөх болон автомашин эргэлт хийхэд саадгүй байхаар төлөвлөдөг. Мөн 1 урсгалтай гудамж нь зөвхөн автомашин зорчиход зориулагдаагүй гэдгийг анхаарах ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатын шүүхээс үндэслэлдээ дурдсан БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12-т заасан Галын аюулгүй байдлын шаардлага нь зөвхөн нэг хэсэг нь юм. Галын машин тусгай тоноглогдсон учраас алсаас тусламж үзүүлэх боломжтой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн учирч болох эрсдэл, аюул гамшгийн хэмжээ, тухайн үеийн нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулалгүйгээр тусгай мэдлэг шаардлагатай асуудалд шууд хувийн дүгнэлт хийж ирээдүйд гарч болох эрсдэлийн хувийн байдлаар дүгнэсэн нь-шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрсөн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Хууль, стандартыг зөрчиж төлөвлөлтгүй олгосон газрууд, түүнд түшиглэн барьсан барилгууд өнөөдрийн Улаанбаатар хотын саарал дүр төрхийг бүрдүүлж байгаа нь нийтэд ил билээ.

Газрын тухай хууль зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, Монгол улсын Үндсэн хууль бусад хууль тэдгээрт нийцүүлэн гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмыг заримыг нь биелүүлнэ, заримыг нь биелүүлэхгүй гэдэг тайлбар хэлээд байх шиг байна. Гэтэл энэ хүчин төгөлдөр хуулийг заавал хэрэглэх ёстой. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2- т заасан хууль дээдлэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчмын асуудлууд, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн эсэх асуудлаар маргасан билээ. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна. Энэ бол зөвхөн газрын давхцал биш орц гарц хүртэл хамаарч байгаа. Ямар нэгэн байдлаар давхцаж байна уу, үгүй юү гэдгийг хариуцагч захиргааны байгууллагаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны олгох журамд заасны дагуу шалгах ёстой байсан. Энэ: асуудал болон уг журмын 7.2.5-д заасан “...хөршүүдийн нэгж талбарын орц гарцыг нь тодорхойлох ёстой...” Яагаад тодорхойлох ёстой гэхээр орц гарц нь давхцахгүй байх ёстой бөгөөд давхцал байгаа эсэхийг шалгах ёстой билээ. Иймд газар нь давхцаагүй ч орох гарах гарч нээлттэй эсэх, тухайн газар эзэмшигч нь газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ зөвхөн газрын давхцал биш орц гарц давхцаж буй нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах эсэх талаар дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн нутгийн тухай хуулийг зөрчсөн тухайд: Өмнө нь 2023 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар шалгачхаад өнөөдөр болохоор бид нар шалгах үүрэггүй мэтээр тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухай 2023 оны шалгах ажиллагаа, 2024 оны гомдол өгөөд байгаа ажиллагаанууд бүгд бодит нөхцөл байдлыг тогтоож чадахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг хийхгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс маргасан. Тодруулбал 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарал бүхий бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. 3326 гэдэг тоо хэмжээг гаргахдаа бодит тооцоо гаргаагүй, судалгаа хийгээгүй бөгөөд бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Шийдвэр гаргах ажиллагаанд өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэхдээ оролцогчийн гаргасан нотлох баримт өргөдөл хүсэлтийг харгалзаж үзээгүй манай хүсэлтийн дагуу гаргаж өгөөд байгаа нотлох баримтуудыг үнэлээгүй. 3926 метр гэдэг баримт гомдол шалгах ажиллагаанд нь байсаар байтал үнэлэлгүй зөвхөн саналыг нь үндэслэж байгаа нь бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хийгээгүй гэж үзэх нэг үндэслэл болсон гэж маргасан хэдий ч анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд хариуцагч тус шийдвэрээ өөрөө хүчингүй болгоогүй байх тул шүүхэд уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ олгосон хуулийн зохицуулалт буюу Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг энэхүү маргаан бүхий харилцаанд хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй тухайд: Анхан шатны шүүхээс шаардлагатай ажиллагаа хийгээгүй, газруудын хувийн хэрэг болон хэрэгт ач холбогдолтой баримтуудыг гаргаж өгөөгүй нуун дарагдуулсан хариуцагчийн үйлдлийг өөхшүүлсэн. Энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тус тус заасныг буюу шүүх нотлох зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ. 

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчилж, хугацаа сунгах тухай” тушаалаар[1]  “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсээс иргэн Б.М-д олгосон 518.3 м.кв газрын зориулалтыг хуульд нийцүүлэн “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” болгон өөрчилж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газар ашиглах эрхийн хугацааг 2028 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгаж” шийдвэрлэсэн байна.

3.2 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрх олгох тухай” захирамжаар[2] Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан хоёрдугаар хавсралтад дурдсан 43 иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож, хавсралтын 17-д “Д” ХХК-д Х дүүрэг, Богинын аманд 4954 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалттай 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгожээ.

3.3 Нэхэмжлэгч Б.М-ээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр[3], 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр[4], 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр[5] тус тус “...орж гарах газрыг хааж, иргэн аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон байгааг эргэн харж, хашаа байрнаас орох, гарах замыг нээж өгнө үү” гэх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байна.

3.4 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “...нийтийн эзэмшлийн орц гарц нээж “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний ашиглалтын талбайн солбицлыг өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.

3.5 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/*** дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №** дугаар тэмдэглэлд[7] “...Орц гарц нээж “Д” ХХК-ийн газраас хэсэгчлэн цуцлах тухай асуудлыг хэлэлцэж... Х.Н: “Д” ХХК зөвшөөрснөө илэрхийлж албан бичиг ирүүлсэн. Нээлгэх гэж байгаа тал уул тал руугаа илүү талбай авна, тэр талбайд манайх мод тарьсан гэж хүсэлт тавьсан. Цуцлуулах гэж байгаа тал-Танайх манай талбайд зөвшөөрөлгүй мод тарьсан, түүнийгээ нүүлгэн шилжүүл гэж шаардлага тавьсан. Гэхдээ 2 талын саналыг сонсоод тухайн 2 талд харилцан тохирч чадаагүй тул авто машины зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар тооцож, стандарт хэмжээг харгалзан “Д” ХХК-ийн газраас цуцлах санал ирүүлэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгасан. Тухайн саналаар 493 м.кв газрыг цуцлах санал ирүүлсэн байна” гээд гишүүдийн 100 хувийн саналаар “Д” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Богинын аман дахь газраас орц гарц нээж 493 м.кв газрыг цуцлахыг дэмжсэн байна.

3.6 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/*** дугаар “Ашиглах эрхийн газрыг хэсэгчлэн цуцлах тухай” тушаалаар[8] Богинын амны хязгаарлалтын бүсээс “Д” ХХК-д олгосон 4951 м.кв газраас 493 м.кв талбайг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хэсэгчлэн цуцалж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна. Энэ бол зөвхөн газрын давхцал биш орц гарц хүртэл хамаарч байгаа. Ямар нэгэн байдлаар давхцаж байна уу, үгүй юү гэдгийг хариуцагч захиргааны байгууллагаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны олгох журамд заасны дагуу шалгах ёстой байсан... нутаг дэвсгэрийн туслах гудамж нь хамгийн багадаа 3 метр байхаар БНбД-д тусгагдан батлагдсан байна... анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь өөр хоорондоо давхцаагүй, хоорондын зай нь 2.7 метр болох нь ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдсон, уг зайгаар эмнэлгийн тусламжийн болон автомашин зорчих бүрэн боломжтой байна” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль тогтоомжийг зөрчиж, бодит байлалд биелэгдэх боломжгүй” гэж маргасан.

5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2/**** дүгээр албан бичгээр[9] “Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлд албан бичигт дурдсан нэгж талбарын 1************, 1************* дугаартай газрууд нь хоорондоо 2.7 метр зайтай байна” гэжээ.

6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь ямар нэг хэмжээгээр давхцалгүй болох нь дээрх албан бичиг болон кадастрын зургаар[10] тогтоогдож байна.

7. Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө” гэж, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12-т “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө. Зам гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэл 5м-ээс багагүй, 10 дээш давхар барилгын хана хүртэл 8м-ээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Энэ бүсэд ямар нэгэн хаалт, цахилгаан дамжуулах агаарын шугам болон мод эгнүүлэн тарихыг хориглоно. Барилгын орц байхгүй ханын дагуу галын машин зорчих 6м-ээс ихгүй зурвас зай гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө” гэж тус тус заажээ.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/*** дугаар тушаалаар “Д” ХХК-д олгосон 4951 м.кв газраас авто машины зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар тооцож 493 м.кв талбайг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “...эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна. Энэ бол зөвхөн газрын давхцал биш орц гарц хүртэл хамаарч байгаа. Ямар нэгэн байдлаар давхцаж байна уу, үгүй юү гэдгийг хариуцагч захиргааны байгууллагаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны олгох журамд заасны дагуу шалгах ёстой” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч Б.М-ээс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд “...Д ХХК нь Богдхан уулын дархан цаазат газарт 4458 м.кв газар ашиглаж түүнийгээ бетонон хашаа барьж байгаа нь Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 12 дугаар заалт, Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо Монгол улсын барилгын норм ба дүрэм БНбД 32-04-06-ийн 2.1 дүгээр заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны**** дугаар тушаалаар батлагдсан БНбД 32-01-06 суурин гудамж, зам төлөвлөлтийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын 3 дугаар хүснэгт зэрэг нь хуульд нийцсэн эсэхийг хянаж, иргэн Б.М миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгнө үү” гэх хүсэлтийг[11] гаргаж, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэнтэй утсаар холбогдож өргөдлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн болох нь бүртгэл хяналтын картаар[12] тогтоогдож байна.  

10. Анхан шатны шүүхийн “...эмнэлгийн түргэн тусламжийн болон автомашин зорчих бүрэн боломжтой, харин галын машины тухайд нэхэмжлэгчийн газар нь баруун талаараа мөн авто замтай бөгөөд эрсдэл учирсан тохиолдолд уг байршлаар тусламж авах боломжтой. Өөрөөр хэлбэл галын авто машин нь тусгай зориулалтаар тоноглогдсон, нэхэмжлэгчийн хашаанд нэвтрэхгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжтой, хариуцагчаас орц, гарцыг нээж зөрчлийг арилгасан” гэх дүгнэлт үндэслэлтэй.

11. Мөн хавтаст хэрэгт авагдсан агаарын зураг[13], шүүхээс хийсэн газрын үзлэг, фото зураг, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын кадастрын зураг, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.М-ийн  ашиглалтын газар нь баруун талаасаа орц гарцаа шийдвэрлэх боломжтой, замтай,  баруун урд зүгтээ 2 ширхэг контейнер байршуулсан зэргээс үзвэл гуравдагч этгээдэд газар ашиглуулснаар орц, гарц хаагдсан газраа ашиглах боломжгүйд хүрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “маргаан бүхий газар нэхэмжлэгчийн маргаж буй асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн бүсчлэл байгалийн цогцолбор, хамгаалалтын бүс гэх зэрэг тусгай дэглэм бүхий газар байна. Тусгай дэглэм бүхий газар байгаа учраас хязгаарлалтын бүс бүхий улсын хамгаалалттай Богд хан уулын дархан цаазат газрын Богинын ам гэх газар ямар ч иргэний амьдрах зориулалттай орон сууц байх боломжгүй. Гэтэл тус БНбД 32-04-06 норм дүрэм стандартад иргэний зориулалттай барилга байгууламжийн хоорондын зайг тодорхойлсон байдаг. Иймд тус норм дүрэм Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээ биш юм. Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан БНбД 30-01-03 гэсэн норм дүрэм зөрчигдөж байна гэдэг асуудлыг ярьдаг. Тус норм дүрмийг гаргах эрх зүйн эх сурвалж нь Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зохицуулагдсан байдаг” гэх тайлбарыг гаргасан бөгөөд маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахаар байх бөгөөд энэхүү маргаанд Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан  “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө. Зам гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэл 5м-ээс багагүй, 10 дээш давхар барилгын хана хүртэл 8м-ээс багагүй” байх гэсэн заалт үйлчлэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 15 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 107-115 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 149 хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 53 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 248 хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 201 хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 175-198 хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 202 хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 79 хуудас

[10] 2 дугаар хавтаст хэргийн 80 хуудас

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 82-83 хуудас

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 86 хуудас

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 203 хуудас