Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00181 0384 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б-ын Б, Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, дүү, охины хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн Э.Б-тай маргалдаж улмаар нүүрэн хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  Л.Батаа шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

“Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.Б, Б.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байрлах өөрийн гэртээ Э.Б-ыг “миний эхнэртэй уулзаж, салгах шалтгаан болсон” гэж уурлан түүний нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

-Хохирогч Э.Б-ы “...Би 2022 оны 12 дугаар сарын 13-ны орой 01 цагийн үед гэртээ байж байтал зүс таних Б.Б над руу залгаад 21 дүгээр хорооллоос машин бариад хүргээд өгөөч. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэхээр нь би шөнө 01 цаг өнгөрөөгөөд такси бариад 21 дүгээр хорооллын авто сургуулийн буудалд очиход Б.Б нэг найзынхаа хамт машиндаа унтаж байсан. Тэгээд би машиныг нь бариад Б.Б-ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Б.Б-ын гэрт дүү нь болон 1 орчим настай хүүхэд байсан. Тухайн үед 02 цаг болж байсан бөгөөд бид нар юм яриад 06 цаг хүртэл Б.Б-ын гэрт суугаад юм ярьсан. Тэгээд өглөө 07 цагийн үед дэлгүүр онгойхоор нь Б.Б 0,75 граммын нэг шил архи авч ирсэн. Тэгээд тухайн архийг аваад уух гэж байхад зүс таних А ирсэн. Тэгээд Б.Б-ын авсан архинаас бид гурав уусан. Тухайн үед Б.Б-ын архи нь сайн гараагүй байсан. Харин А ирэхдээ архи уусан байсныг мэдэхгүй байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уухаар хурдан согтчихдог учир тухайн архи тал дунд ороход согтож толгой эргэж эхэлсэн. Бид нар ширээ тойроод сууж байсан бөгөөд миний баруун гар талд Б.Б, зүүн гар талд А сууж байсан. Миний ухаан санаа орж гараад нэлээд согтсон бөгөөд тэр үед Б.Б надаас юм асуусан. Би юу асуусан талаар нь санахгүй байна. Тэгтэл миний баруун гар талд сууж байсан Б.Б гараараа миний баруун талын нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед би сууж байсан сандлаасаа унасан. Тэгтэл А босож ирээд миний цээж рүү өшиглөөд намайг чирээд хойшоо жижиг өрөө рүү орсон. Тэгтэл А миний толгойны ар дагз хэсэг рүү өшиглөсөн. Б.Б тэр үед миний баруун талын шанаа болон нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд би өрөөний хаалганы бариулыг нь хугалаад том өрөө рүү гараад больё, би явъя гэж хэлээд А-г утсаараа нэг яриулчих гэж хэлэхэд утсаа өгсөн бөгөөд би эхнэрээ дуудсан. Тухайн үед Б.Б манай эхнэрт гэрээ зааж өгсөн. Ингээд би тэдний гэрээс гараад гудамжинд нь явж байтал эхнэр ирээд намайг дагуулаад буцаж Б.Б-ын гэрт орж яагаад зодож цохисон талаар асуухад ямар нэгэн юм яриагүй. Тухайн үед эхнэр цагдаа дуудаад 30 орчим минут хүлээж байгаад бид хоёр гэр рүүгээ явсан. Би ямар шалтгаанаар маргалдсан талаар санахгүй байна. Нэг хэсэг манараад сууж байхад Б.Б надаас юм асуусан. Би тэр үед хариулсан үгүйгээ мэдэхгүй байна. Тухайн үед бид гурав байсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...Тухайн үед би Б.Б-тай хувийн шалтгааны улмаас маргалдсан. Миний биед учирсан хохирлыг Б.Б учруулсан бөгөөд Б.Б тухайн үед миний нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй шүүх эмнэлэгт л үзүүлсэн, өөр ямар нэгэн эм тариа авч эмчилгээ хийлгэсэн юм байхгүй. Б.Б надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16, 19-20 дахь тал);

-Гэрч Д.Н-ийн “...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сарын 13-ны орой найзуудтайгаа уулзлаа гээд гэрээсээ гараад явсан. Тухайн өдөр гэртээ хоноогүй бөгөөд маргааш нь 14 цагийн үед над руу архи уусан байдалтай залгаад “манай найзууд намайг зодчихлоо. Намайг ирээд ав. Би найз Б-ийн гэрт байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б гэх залуугаас гэрийг нь заалгахад 1 дүгээр хорооллын арын дэнж рүү өгсөөд байгаа гэж хэлэхээр нь тухайн айлын гудамж руу эргэж байтал урдаас манай нөхөр гараад ирсэн бөгөөд хамраас нь цус гараад хувцас хунар цус болчихсон байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б, А хоёр намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө дагуулаад Б-ийн гэрт ороход Б, А нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Манай нөхрийн хамраас цус гараад, хувцас нь цус болчихсон. Баруун талын нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 31-33 дахь тал);

-Гэрч Б.А-ын “...Би тухайн өглөө 10 цагийн үед найз Б.Б-ын гэрт очиход Б.Б, Э.Б, хашааны найз Э.Б нар байсан. Тэгээд бид нар 2 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хоёрыг уусан. Тэгээд Э.Б гэх манай найз яваад өгсөн бөгөөд Б.Б, Э.Б бид гурав үлдээд байж байтал Э.Б, Б.Б хоёр “Б.Б-ын эхнэр Э.Б-тай явалдсан” талаар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед бид нар ширээ тойроод сууж байхад Б.Б уурлаад Э.Б-ы нүүр рүү гараараа нэг удаа цохиод цус гарсан. Би тэр хоёрыг хоёр тийш салгаад Б.Б болон Э.Б-ы цээж хэсэг рүү нь цохиод больцгоо гэж хэлсэн. Тэгтэл Э.Б миний утсаар яриад эхнэрээ дуудсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд намайг тухайн өдөр эрүүлжүүлсэн. Б.Б эхнэр Х-аас салаад нэг жил болж байгаа бөгөөд Б.Б өөрөө охин А-ыг өсгөдөг юм. Тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхад Б.Б Э.Б-ыг “чи манай эхнэртэй явалдаж надаас салгасан” гэж хэлээд маргалдаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал);

-2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх тал);

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт:1.Э.Б-ы биед баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

-Шинжээч эмч Э.Б-ын “...хохирогч Э.Б-ы биед учирсан баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл нь мөн тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд юм. Үүнээс хоёр хэсэг газар гэмтэл учирсан байсан тул дүгнэлтэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тусгасан. Хоёр болон түүнээс дээш хүчний үйлчлэлийг олон тооны хүчний үйлчлэл гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 52-53 дахь тал);

-Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Би тухайн өдөр гэртээ Э.Б, Б.А, Б нарын хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд хоёр шил архи уугаад дуусах дөхөж байхад Б яваад өгсөн. Би эхнэрээсээ нэг жилийн өмнө салсан бөгөөд салсан шалтгаан нь манай эхнэр Х Э.Б-тай дотно харилцаа үүсгэж байгаад надад баригдаж, тэгээд би салсан юм. Одоо би 2 настай охин А-ы хамтаар болон эцэг, эхийн хамтаар амьдардаг. Тухайн үед Э.Б-тай эхнэрээсээ болж маргалдаад нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 63-65 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй.Хохирогч Э.Б-ыг би нүүр рүү нь цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримт, гэм буруугийн талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б-ы эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Э.Б-ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Б.Б нь тухайн үед урьдын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогч Э.Б-ы нүүр рүү гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан “...баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний үйлдэлд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3 Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг гарган өгөөгүй ба 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “....Б надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Гэм буруугаа зөвшөөрч байгааг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял ногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрч, уучлалт гуйсан. Улсын яллагчаас 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал оруулж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөлд саналгүй. Харин Б.Б-ын хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч бага  насны хүүхдээ өсгөдөг, өрх толгойлсон эцэг болохыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү ..” гэв.

Шүүгдэгч Б.Б: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Ц-1/597 тоот албан бичиг (хавтаст хэргийн 69 дэх тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/3406 тоот албан бичиг (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/838 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 75-78 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн ба  торгох ялыг бүрэн барагдуулж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байна. . 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР