Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Д.Ганзориг нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганзоригт холбогдох эрүүгийн 2315000000044 дугаартай, 163/2023/0051/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Анчин овогт Дуламын Ганзориг, Булган аймгийн Булган суманд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуут, Хийдийн 2-203 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 52 настай, эрэгтэй, урьд

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 35А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, РД: ГЭ71100113.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ганзориг нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Хөшөөт баруун салаа гэх газраас 8 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 5.9 м3 түлээний, 0.84 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1,250,000 төгрөгийн шууд хохирол, 3,750,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000044 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Ганзориг нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Хөшөөт баруун салаа гэх газраас эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр 8 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж 5.9 м3 түлээний, 0.84 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод тус тус бэлтгэж байгаль экологид 1,250,000 төгрөгийн шууд хохирол, 3,750,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганзоригийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Хөшөөт баруун салаа гэх газарт болсон байв. Д.Ганзориг нь унагаасан босоо моднуудыг өөрөө зааж өгч, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Хожуулуудыг 1-8 гэж дугаарласан хожуулын өндөр, диаметрийг хэмжив... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-15 дахь тал/,

2. Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Цагдаагийн хэсгийн хашаанд байрлах 1-50 хүртэл дугаарласан модонд хэмжилт хийв. Нийт 50 ширхэг мод байсан ба модны өргөн нь 14-48 см, модны урт нь 144-152 см байв гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-26 дахь тал/,

3. Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улбар шар цагаан өнгөтэй, дээд талдаа улаан өнгийн тагтай, баруун талдаа цэнхэр өнгийн хамгаалагчтай, улбар шар өнгийн маниултай, хар өнгийн татагчтай, улаан өнгийн 1 шихэг тагтай, JIN SHIWANG гэсэн бичиглэлтэй, хуучин моторт хөрөө байв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

4. Уг тээврийн хэрэгсэл нь 91-39 БУА улсын дугаартай цэнхэр өнгийн Kia Bongo загварын тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгсэл нь зөв талдаа жолоодлоготой, 2 ширхэг хаалгатай, гэрэл дохио толь бүрэн, гаднах өнгө үзэмж нь дундаж сэв зураастай, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад импортлогдсон, KNCSC0362SS860761 гэх арлын дугаартай, ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл байв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын өгсөн: Тухайн газарт ойн тусгаарлалт хийгдээгүй учир мод бэлтгэж болохгүй. Иргэн Д.Ганзориг нь ойгоос мод бэлтгэх талаар юм хэлээгүй. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

6. Гэрч Г.Амаржаргалын өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед намайг Булганд гэртээ байх үед найз Ганзориг, Бат-Эрдэнэ хоёр ирээд Орхон сум руу хамт яваад мод ачилцаад өгөөч гэхээр нь би хамт явахаар болоод бид гурав Ганзоригийн 91-39 БУА улсын дугаартай хөх өнгийн Киа Бонго маркийн ачааны автомашинтай Орхон сумын 1 дүгээр багийн Хөшөөт гэх ууланд очсон. Ууланд очоод Ганзориг нь өөрийн цахилгаан хөрөөгөөр босоо модыг хөрөөдөж унагаагаад Бат-Эрдэнэ бид хоёр унагаасан моднуудыг өнхрүүлж цагаалсан. Тэгээд байж байтал цагдаагийн албан хаагч ирээд бид нарыг шалгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

7. Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед Булган сумын зах дээр явж байгаад Ганзоригтой тааралдахад 5 дахь өдөр Орхон сум руу модонд яваад өгөөрэй гэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ганзориг нь өөрийн 91-39 БУА улсын дугаартай Киа Бонго ачааны машинтайгаа ирж аваад замаараа аймаг дээрээс Амаржаргалыг гэрээс нь очиж аваад бид гурав Орхон сумын төв дээр Засаг даргын тамгын газар дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн чинь хуралтай байхаар нь Ганзориг нь Батаа гэх хүнтэй утсаар ярихад очиж бай араас чинь мод бэлтгэх бичиг аваачна гэж хэлсэн байна лээ. Тэгээд бид гурав 1 дүгээр багийн Хөшөөт гэх газарт очиж Ганзориг цахилгаан хөрөөгөөрөө мод унагааж Амаржаргал бид хоёр унасан моднуудыг цагаалж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

8. Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Жавхлангийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай: Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Хөшөөт баруун салаа гэх газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Бэлтгэсэн мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн хуурай мод байна. Ойн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэхдээ босоо мод унагааж болохгүй. Уг модны нийт эзэлхүүн нь 6.74 м3 болж байна. Үүнээс хэрэглээний 0.84 м3, түлээний 5.9 м3 мод байна. Нийт 6.74 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,250,000 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

9. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон : Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 1,250,000 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэн тооцоход 3,750,000 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/,

10. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ОРА: 10011307, 2023 оны 02 сарын 19-ний өдрийн ТХҮ-ОРХ/6006 дугаартай: 91-39 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2,000,000 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 60,000 төгрөгөөр тус тус тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-67, 86-88 дахь тал/,

11. Яллагдагч Д.Ганзоригийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед би Орхон сумын захиргаан дээр очоод байгаль орчны байцаагчтай уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд очиход байгаль орчны байцаагч байхгүй болохоор нь Орхон суманд байдаг Бат-Эрдэнэ рүү утсаар яриад мод бэлтгэх эрхийн бичиг авах гэхэд байгаль орчны байцаагч Ганбаатар байхгүй байна, хаана байгаа талаар асуусан чинь хуралтай байгаа талаар хэлээд намайг хаана мод бэлтгэх гэж байгаа гэхээр нь Хөшөөт гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа гэсэн. Би тэндээс мод бэлтгэнэ гэж хэлэхэд араас чинь эрхийн бичгийг чинь аваад очъё гэж хэлэхээр нь би Орхон сумын 1 дүгээр багт байрлах Хөшөөт гэх газарт өөрийн эзэмшлийн Кia Bongo загварын 91-39 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж очоод 8 ширхэг босоо мод унгаагаад цагаалаад байж байтал сумын хэсгийн төлөөлөгч болон байгаль орчины байцаагч нар ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн маниултай, хар өнгийн татагчтай, улаан өнгийн 1 шихэг тагтай, JIN SHIWANG гэсэн бичиглэлтэй, хуучин моторт хөрөөг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатар, гэрч Г.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Д.Ганзориг нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Хөшөөт баруун салаа гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж 5.9 м3 түлээний, 0.84 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ганзоригийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн, түүнчлэн дагалдах бичиг баримтгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ганзориг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Д.Ганзоригийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүгдэгч Д.Ганзориг нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшөөт баруун салаа” гэх газрын ойгоос 8 ширхэг босоо модыг хөрөөдөж 5.9 м3 түлээний, 0.84 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн модыг тус тус хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Ганзоригийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,250,000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 3,750,000 төгрөгийн /хавтаст хэргийн 80 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг Д.Ганзориг нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс байгаль экологид учруулсан хохирол 3,750,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ганзоригийг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ганзоригийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 101-119 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ганзориг нь Булган аймгийн Булган суманд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эхнэрийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуут, Хийдийн 2-203 тоотод амьдардаг, малчин, урьд энэ төрлийн гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд сар бүр 160,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ганзориг нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн маниултай, хар өнгийн татагчтай, улаан өнгийн 1 шихэг тагтай, JIN SHIWANG гэсэн бичиглэлтэй, хуучин моторт хөрөө, 91-39 БУА улсын дугаартай “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27, 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ганзоригийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Kia Bongoзагварын 91-39 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 50 ширхэг буюу 6.74 м3 хэмжээтэй түлээний болон хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Анчин овогт Дуламын Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзориг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

 4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ганзоригоос 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ төрийн сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27, 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 50 ширхэг буюу 6.74 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай түлээний болон хэрэглээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн 91-39 БУА улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.  

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улбар шар өнгийн маниултай, хар өнгийн татагчтай, улаан өнгийн 1 ширхэг тагтай, JIN SHIWANG гэсэн бичиглэлтэй, хуучин моторт хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.  

 

8. Шүүгдэгч Д.Ганзоригоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатар нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ