| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2019/01724/и |
| Дугаар | 2049 |
| Огноо | 2019-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2049
| 2019 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2019/02049 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: регистрийн дугаартай, овогт Юийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: регистрийн дугаартай, овогт Эын Бд холбогдох
Автомашины үнэ 8.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж иргэн Э.Бад өөрийн нэр дээрх 19-60 УНЯ улсын дугаартай суудлын автомашиныг 8.0 сая төгрөгөөр худалдаж өөрийн авга эгч болох ******* мөнгийг хүлээн авахаар тохиролцсон. Учир нь ******* нь Э.Бын аав С.Этай найз нөхрийн харьцаатай түүнд тусламж дэмждэг, хэрэгцээтэй үед мөнгө зээлдүүлдэг, буцааж авдаг сайн харьцаатай байсан бөгөөд дүү Ю.Эынхаа нэр дээр шилжүүлсэн байсан автомашиныг С.Эын хүсэлтээр түүний хүү Э.Бад зарсан байдаг. Гэтэл С.Э гэнэт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд хүү Э.Б авсан машиныхаа мөнгийг төлөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. ******* 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э.Бтай уулзаж дээрх автомашины мөнгийг өгөхийг шаардаж, Э.Б зөвшөөрч “С.Эын Б.Б би төлнө” гэсэн гарын үсэгтэй бичиг үйлдсэн байдаг. Иймд Э.Бад худалдсан улсын дугаартай суудлын автомашины үнэ 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн сүүлийн тайлбараараа дахин жич мөнгө нэхэмжилнэ гэж байна. Энэ хүн гэрчийн төлөөлөгч биш. Ю.Эын төлөөлөгч атал гэрчтэй холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргана гэж байна. Ю.Э, ******* нарын хооронд хэлцэл хийсэн гэж нэхэмжлэлд бичсэн байгаа нь *******т худалдсан гэж бичсэн зүйл алга. *******т худалдсан гэж нэхэмжлэгч өөрөө үзэж байгаа бол *******ээс мөнгөө нэхэмжилж авах эрхтэй. Ю.Э гэх хүнтэй холбоотой худалдах худалдан авах гэрээтэй холбоотой ганц харилцаа байгаа. Өөр харилцаа Ю.Эт байхгүй. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг бүрэн барагдуулсан болно гэж бичсэн байдаг. Өмнөх шүүх хуралдаанд ороод хэрэгтэй танилцаад Э.Баас асууж тодруулахад С.Э, ******* нарын мөнгө өгч, авч байсан баримт байдаг гэсэн. Банкнаас хуулгыг авах гэтэл банкнаас зөвхөн шүүх шаардсан тохиолдолд хуулгыг гаргаж өгч болно. Мөн өв залгамжлалаар тогтоогдсон бол хуулгыг гаргаж өгч болно гэж хариу өгсөн. Тэгэхээр үүнээс мөнгийг бүрэн төлж дуусгасан гэж нотлогдож байгаа юм. 2014 оны 10, 11 дүгээр сард машины тал мөнгийг төлж авсан. Тэгээд 1 дүгээр сард бүх мөнгийг төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлсэн тухай асуудал яригддаг. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөггүй байсан. Сая оны өмнө урьдчилаад машиныг авсан байсан талаар хүлээн зөвшөөрсөн. Машинаа зээлээр өгөөд дараа нь төлбөрийг төлөөгүй байхад бүрэн тооцоо дууссан гэх бичиг хийж өгнө гэсэн ойлголт байхгүй. Тиймээс тухайн үед ******* сэтгэцийн хувьд эрүүл учраас гарын үсэг зурахдаа анхааралтай хандсан байх гэж ойлгож байна. Мөнгө өгч авалцах асуудлыг Э.Б, ******* нар хоорондоо хийсэн байдаг. С.Э, ******* нарын хооронд хийгдсэн гэж байгаа бол С.Э, *******ийн дансны хуулгуудыг гаргуулбал энэ талаар тодорхой болох байлгүй. С.Эын дансны хуулгыг гаргуулъя гэж хүсэлт гаргаж чадаагүй. Учир нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж банкны дансны хуулгыг гаргуулъя гэж бодож байсан. *******ийн хувьд хариуцагч байх эсэх асуудал хуулийн зохицуулалтаар явах байх. Гэхдээ *******, Ю.Э нарын хооронд хэлцэл хийгдсэн. Ю.Э, Э.Б хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш мөн чанартаа худалдах худалдан авах үйл ажиллагаанд оролцоогүй. Худалдах худалдан авах ажиллагаанд Ю.Э, ******* нар оролцсон. Мөнгө нэхэмжлэх эрх нь хэнд нь байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ. Худалдсан хүнээсээ мөнгөө нэхэмжилж авдаг болохоос биш огт танихгүй хүнээс мөнгө нэхэмжлэх ойлголт байхгүй. Э.Быг Ю.Э огт танихгүй. Энэ машиныг Э.Б *******ээс худалдаж авсан гэж ярьдаг. Нэхэмжлэлийн үндэслэл болсон ганц баримт байдаг. Энэ нь талийгаачийг нас барсны дараа 49 хоногийг дуусаагүй байхад ******* нь Э.Б руу байнга утсаар ярьж, байгаа газар нь очоод машиных нь урьд очиж машинтайгаа зам хааж зогсож байгаад машин дотроо оруулчихаад гаргахгүй байж байгаад үйлдсэн баримтаа нотлох баримт гэж байгаа. Энэ баримт хуулийн шаардлага хангах баримт мөн эсэх тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э хариуцагч Э.Бад холбогдуулан автомашины үнэ 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын болон гэрчийн тайлбар, мэдүүлэг зэргээс дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ю.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ю.Э, Э.Б нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э.Бын *******т мөнгө төлөх талаар бичсэн гэрээ хэлцэл байгуулах тухай баримт болон гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн гэж тайлбарлаж, 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх ба хариуцагч тал талуудын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрчийн мэдүүлгүүд утга агуулга болон цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй, гэрээ байгуулсан тал буюу гэрээний оролцогчоос мөнгийг нэхэмжлээгүй, хариуцагч төлбөрийг төлж дуусгасан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Ю.Эын эзэмшлийн 19-60 УНЯ улсын дугаартай Тоёота бревис маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгах, мөн гэрээний нэмэлт нөхцөлөөр 3 хоногт нэр шилжүүлэх, тооцоо дууссан гэсэн гэрээг байгуулсан байна. /хх-ийн 5/
Дээрх гэрээний агуулгаас харахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээхээр зохицуулжээ.
Ю.Э, Э.Б нарын хооронд байгуулсан дээрх гэрээний 3-т: Автомашины үнийг 8.000.000 төгрөгөөр хоёр тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгана., 7-д: нэмэлт нөхцөл: 3 хоногт нэр шилжүүлэх, тооцоо дууссан гээд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргааны зүйл болох Тоёота бревис маркийн автомашин нь гэрч *******ийн эзэмшлийн автомашин байсан боловч дүү Ю.Эаас худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүйгээс Ю.Э, Э.Б нар уг гэрээг байгуулсан, *******, Э.Бын аав ******* нар сайн найз нөхдийн харилцаатай, ******* *******ээс байнга мөнгө зээлж буцааж өгдөг итгэлтэй түнш нь байсан тул түүний хүссэнээр гэрээг байгуулж, мөнгийг төлсөн, тооцоо дууссан гэж бичиж, гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан, бодит байдал дээр мөнгийг төлөөгүй, тиймээс Э.Б аав *******ын төлөх зээл болон автомашины мөнгийг би төлнө гэж 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хэлцэл байгуулах тухай баримтыг үйлдсэн гэж тайлбарлаж байгаа болно.
Нэхэмжлэгч Ю.Эын эгч буюу гэрч *******ийн мэдүүлгээс үзэхэд ******* нь 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр надаас автомашинаа худалдаач, хүү Э.Бдаа худалдан авч өгье гэж хүссэний дагуу түүнд өөрийн унаж явсан Тоёота бревис маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдсан, түүнд мөнгө зээлдэг хугацаандаа төлбөрөө төлдөг итгэлтэй найз минь байсан учир түүний хүссэнээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 15-нд байгуулсан, зээлийн барьцаанд машинаа тавих гэж байсан тул төлбөр тооцоо дуусан гэж бичсэн гэж тус тус мэдүүлжээ.
Хэргийн баримт, зохигчдын шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээс дүгнэж үзэхэд зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э.Бын *******т мөнгө төлөх талаар бичсэн гэрээ хэлцэл байгуулах тухай баримтад дурдсан үйл явдал нь цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна автомашин худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг төлсөн, тооцоо дууссан гэж бичиж, талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан ба хариуцагч тал төлсөн гэж маргадаг, нөгөө талаар автомашин худалдсан үнийн дүн зөрүүтэй, мөнгийг төлсөн, төлөөгүй талаар талууд маргаантай, гэрчийн мэдүүлэг өгч буй *******ийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн нэхэжлэл тайлбар өөр хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч тал шаардлагаа баримтаар бүрэн нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Ю.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Баас автомашины үнэ 8.000.000 төгрөг гаргуулах тухай Ю.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН