Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Н.Нямдорж, хохирогч Б.Нарантуяа, шүүгдэгч Ч.Төмөрхүү, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ар далай Хаан овогт Чулууны Төмөрхүүд холбогдох эрүүгийн 2210021360023 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэм Транс ХХК-ийн автобусны жолооч ажилтай байсан гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 01-р хороо, Богд Ар 20а-2 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ар далай Хаан овогт Чулууны Төмөрхүү (............).

 

Холбогдсон хэргийн талаар яллах:

Шүүгдэгч Ч.Төмөрхүү нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төв хүртэл автобусаар үйлчлүүлсэн хохирогч Б.Нарантуяатай маргалдаж, түүний толгой хэсэг рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж улмаар духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

Шүүгдэгч Ч.Төмөрхүү “...Би нийтийн тээврийн жолоочоор 16 жил ажиллаж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17Б чиглэлд 16-235 дугаартай автобусыг жолоодож явсан. Барс худалдааны төв дээр ирэхэд автобусны сандалд хүнтэй, заал хоосон байсан.10 гаруй хүн орж ирээд картаа уншуулаад явсан. Нэг эмэгтэй картаа уншуулахгүй явсан. Та картаа уншуул гэж 2-3 удаа дуудахад сонсохгүй байсан. Би тухайн буудал дээр зогсож байсан тул таны карт уншсангүй гэж очоод хэлээд гараас нь татахад чи миний биенд битгий гар хүр гээд үгийн зөрүүгүй шилтэй усны саваараа толгой руу цохисон. Та яаж байгаа юм бэ гэхэд толгойны нөгөө тал руу цохисон. Миний толгой манарсан. Хүмүүс ирж салгасан. Би гараас нь усны савыг нь булааж аваад голын хаалгаар шидсэн. Энэ хүнийг усны савныхаа араас бууж магадгүй гэж бодсон. Гэтэл миний араас дайрсан. Тэр үед 1 охин би энэ хүний мөнгийг нь өгчихье гээд 500 төгрөг өгсөн. Би автобусаа жолоодоод явж байтал энэ хүн араас ирээд бичлэг хийсэн. Жигүүр грандын буудлаас олон хүн орж ирсэн. Тэр үед Наранзаяа намайг доромжлоод миний нүдний шил рүү цохисон. Шил хагарч миний хамар хавдсан. Би Замын цагдаагийн автобусны буудал руу автобусаа шахаж зогсоод гар утсыг нь булааж авсан. Автобус дотор байсан хүмүүс болиоч гээд орилолдоод байсан. Би цагдаа дуудахад 1 цагийн дараа ирсэн. Би энэ хүний өөдөөс өөрийгөө хамгаалах үйлдэл хийгээгүй. Миний хамар эдгэхдээ улаан сорвитой эдгэсэн. Шүүх эмнэлэг дээр очиход гэмтлийн зэрэг байхгүй, зулгаралт гэж гарсанд гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Б.Нарантуяа “...Би ээлжийн амралтаа аваад ажилдаа орсон байсан. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр автобусанд суусан. Картаа дарахад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь уучлаарай одоохон, энд карт цэнэглэдэг газар байхгүй юм байна гээд хойшоо яваад цүнхнээсээ бэлэн мөнгө хайсан. Гэтэл энэ хүн ирээд миний гарыг базсан. Би “чи яах гэж хүнд халдаад байгаа юм бэ” гээд түлхсэн. Тэгэхэд намайг цохисон. Хажууд байсан хүмүүс явмаар байна гэсэн. Би тухайн үед утас, усны сав бариад зогсож байсан. Гэтэл усны сав аваад миний толгой руу цохисон. Тэгснээ усны савыг хаалгаар шидчихсэн. Тэгээд толинд харахад миний дух томбойгоод хавдсан байсан. Тухайн үед нэг охин миний мөнгийг төлөхөд нь баярлалаа гэж хэлсэн. Би мөнгө авчихсан байж хүний духыг ийм болгочихлоо гээд бичлэг хийсэн. Бичлэг тасалдсан. Би дахиад бичлэг хийхэд миний утсыг булааж авсан. Жигүүр грандын буудал дээр очиход би утсаа аваад буумаар байна гэхэд өгөөгүй. Би буугаад явуулахгүй гээд автобусны урд гараад зогссон. Би тэнд байсан хүмүүсээс цагдаа дуудмаар байна гээд утсыг нь гуйж утсаар цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Цагдаа нар намайг хэсэг рүүгээ дагуулж яваад мэдүүлэг авсан...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Барс захын автобусны буудлаас Сансар, Замын цагдаа гэсэн чиглэлтэй автобусанд суусан бөгөөд картаа дарсан чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочид энд карт цэнэглэдэг газар байдаггүй гэж хэлсэн. Тэгтэл араас хүмүүс орж ирээд би түлхэгдээд хойшоо явчихсан ба цүнхээ уудлаад бэлэн мөнгө байгаа эсэхийг алгаж байтал жолооч миний араас хүрч ирээд намайг чирч буулгах гээд байхаар нь би тэр жолоочид байж байгаач би утсаараа картаа цэнэглээд төлбөрөө төлчихье гээд утсаа гаргаад ирсэн чинь миний цамцнаас заамдаж аваад биерүү түлхээд гараараа цохиод байхаар нь би тэр жолоочийг намайг битгий цохиод бай гэж хэлээд буцаагаад жолоочийн мөр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл буцаагаад намайг цохисон. Тэгтэл хажуугаас нэг хүн май гээд миний өмнөөс тэр жолоочид 500 төгрөг өгсөн чинь тэр жолооч мөнгийг нь авчхаад   намайг буу гээд хөөгөөд байсан. Би тухайн үед гартаа шилтэй ус барьчихсан байсан ба гараараа жолоочийг түлхсэн чинь чи намайг шилтэй усаар цохилоо гэж хэлээд миний гараас шилтэй ус булааж аваад миний толгойны зүүн чамархай хэсэгт нэг удаа цохисон. Тэгснээ миний шилтэй усыг хаалгаараа гаргаад шидчихсэн. Тэгээд рүлийнхээ ард очоод суучихсан. Тэгэхээр нь би гар утсаар гаргаж ирээд бичлэг хийсэн чинь гар утсыг минь булаагаад авчихсан өгөхгүй Барсын автобусны буудал дээрээс хөдлөөд явсан. Замдаа гар утсаа авах гэсэн боловч өгөөгүй, нэг эрэгтэй хүн бид хоёрын дундуур ороод боль би буухдаа гарг утсыг чинь аваад өгнө гэж хэлтэл нөгөө жолооч ахиад миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрийг нь гараараа алгадаж цохисон. Тэгтэл нүдний шил нь газар унаж хагарсан.
Тэгээд Соёолж төвийн автобусны буудал дээр зогсохоор нь буугаад замыг нь хааж
зогссон. Тэгээд би хүн гуйж утсыг нь аваад цагдаагийн байгууллагад дуудлага
өгсөн юм...”
(хавтас хэргийн 18-21 дэх тал) гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би Андуудын буудлаас суусан. Барсын автобусны буудлаас Наранзаяа хамгийн эхэнд орж ирээд картаа дарахад уншигдаагүй. Гэтэл жолооч таны карт дарагдсангүй гэсэн. Тэгэхэд “новшнууд, гөлөгнүүд” гээд орилсон. Дараа нь автобус явж байтал Замын цагдаагийн уулзварын наана жолоочийн рулийг нь мушгисан. Хүмүүс бууцгаая гэсэн. Жолооч “хүүе ээ нүдний шил хагалчихлаа, нүд сохолчихвол яах байсан юм бэ” гээд орилсон. Хүмүүс цагдаа дуудъя гэсэн. Жолооч надад туслаач гэж хэлсэн. Би буугаад өөр автобус хүлээж байгаад ирэхгүй байсан тул буусан автобус руугаа буцаж ирсэн. Тэр үед хохирогч автобусны шил арчигчийг бариад зогсож байсан. Би буцаж автобусанд орж жолоочид утсаа өгөөд цагдаа дуудсан. гэв

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 11199 дугаар “...Б.Нарантуяагийн биед духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” (хавтаст хэргийн 42-43 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Духны зүүн хэсэг, зүүн чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хоёр бугалганд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтаст хэргийн 45 дахь тал) гэсэн мэдүүлэг,

 

102 тусгай дугаар өгсөн гомдол мэдээллийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Шүүгдэгч Ч.Төмөрхүүгийн хувийн байдлыг тодорхойлсон баримт (хавтас хэргийн 70-75 дэх тал)

Хохирогч Б.Нарантуяагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт (хавтаст хэргийн 98-99 дэх тал) зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Төмөрхүүд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ч.Төмөрхүү нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төв хүртэл автобусаар үйлчлүүлсэн хохирогч Б.Нарантуяатай маргалдаж, түүний толгой хэсэг рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж улмаар духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №11199 дугаартай дүгнэлт, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Духны зүүн хэсэг, зүүн чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хоёр бугалганд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтаст хэргийн 45 дахь тал) гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Нарантуяагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт (хавтаст хэргийн 98-99 дэх тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Нарантуяагийн биед духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр бугалганд цус хуралт бүхий гэмтлийг нь шүүгдэгч Ч.Төмөрхүү нь түүний толгой хэсэгт гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Төмөрхүү, хохирогч Б.Нарантуяагийн биед духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ар далай Хаан овогт Чулууны Төмөрхүүд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...гэмтэл учруулсан нь эргэлзээтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж, хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт, мэдүүлгээр өмгөөлөгчийн гаргасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Төмөрхүү нь мөрдөн шалгах ажиллагаа болон өнөөдрийн шүүх хуралдаанд “...гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай байна.

 

Ингэснээр Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. 151230 төгрөг гаргуулж хохирогчид олгох, сидиг хэрэгт хадгалах, цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгч ажил эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй. Торгох ялын оногдуулахад 2 хүүхэдтэй, хохирогчид төлөх төлбөртэй тул оногдуулсангүй... гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

2. Шүүгдэгч Ч.Төмөрхүүг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Энэ гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, эрх нь зөрчигдсөн этгээдээр Б.Нарантуяа нар боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч шүүгдэгч нарын хэн аль нь биеэ зохисгүй авч явсан, зүй бус харилцаа хандлага нөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын болон камерын бичлэг зэргээр тогтоогдож байгаа тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Төмөрхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Шүүгдэгч Ч.Төмөрхүүгийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэхгүй, өөрийн хүсэлтээр ажлаа гарсан гэх өгүүлэмж, прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ч.Төмөрхүүд 1 (нэг) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч С Ч.Төмөрхүүд 1 (нэг) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ч.Төмөрхүүд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нарантуяагийн биед духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Нарантуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт (хавтаст хэргийн 98-99 дахь тал) авагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт 3.000.000 сая төгрөг нэхэмжилсэн ба шүүх нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэх болох 151.234 төгрөгийг хангаж шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210021360023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Төмөрхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ар далай Хаан овогт Чулууны Төмөрхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхүүд 1 (нэг) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхүүгийн эдлэх 1 (нэг) сар, 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхүүгээс 151.234 (нэг зуун тавин нэг мянга хоёр зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нарантуяад олгосугай.

 

6. Хохирогч нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Төмөрхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ