| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Ж.Алтансүх нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Алтансүхэд холбогдох эрүүгийн 2315000000084 дугаартай 163/2023/0080/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигин овогт Жамъяндагвын Алтансүх, Булган аймгийн Булган суманд 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хуурай гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй, урьд
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, РД: ГЮ87020615.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Алтансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Алтансүх нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хуурайн эх гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн “...тэгээд хоолоо хийж байтал нөхөр Алтансүх нь намайг хамт архи уусан Төөгөө гэх залуутай хардаад хэл амаар доромжлоод хамар руу гараараа цохиж цус гаргасан, мөн толгой, цээж хэсэгт хавирга руу гараа зангидаж байгаад цохисон, мөн гуя руу гуталтай хөлөөрөө өшиглөж хөхрүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Азжаргалын өгсөн “...гаднаас аав, ээж хоёр согтуу ирсэн. Тэгээд ээж аавын ах дүү нарыг сүйрүүлнэ гээд байсан. Тэгэхээр нь аав уурлаад ээжийг цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Алтанчимэгийн өгсөн “...ээж аавын ах дүү нарыг элдэв үгээр хэлээд байхаар нь аав дуугай бай гэж хэлсэн чинь дуугай болохгүй байхаар нь аав ээжийг зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дахь тал/, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай ...зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, хамар, дээд уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ж.Алтансүхийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу гараар цохих хөлөөр өшиглөх зэрэг үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэчимэгийн биед “зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, хамар, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учрах боломжтой, шүүгдэгч Ж.Алтансүхийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж хуульчилсан байх бөгөөд Ж.Алтансүх, Б.Эрдэнэчимэг нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулж, дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.6-д заасан ...хоёр, түүнээс олон хүнийг, 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Эрдэнэчимэгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон эхнэр, нөхрийн хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Алтансүх нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Алтансүхийн үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэчимэгийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр гэм хорын хохиролд 127.501 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч 130.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ж.Алтансүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Алтансүхийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Алтансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Алтансүх нь урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр түүнийг шүүхэд албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 хоног цагдан хоригдсон болно.
Мөн шүүгдэгч нь эхнэр Б.Эрдэнэчимэгийг зодсон дээрх үйлдэлдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд шийтгүүлж шүүхээр 7 хоног баривчлагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний баривчлагдсан 7 хоног, цагдан хоригдсон 1 хоног нийт 8 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Тодруулбал, баривчлагдсан, цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн тооцож, оногдуулсан 455.000 төгрөгийн торгох ялаас 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгийг хасаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нийт 335.000 төгрөгөөр тогтоов.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Жамъяндагвын Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтансүхийг 455 /дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтансүхийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоног, баривчлагдсан 7 хоног, нийт 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, баривчлагдсан, цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 455 /дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийн торгох ялаас 120 /нэг зуун хорь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хасаж, шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг 335 /гурван зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Шүүгдэгч Ж.Алтансүх нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Эрдэнэчимэг нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ