| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0056/з |
| Дугаар | 221/МА2025/0264 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0264
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн
хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн
хяналтын прокурор Б.С-ийн дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: прокурор Б.С
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С
Хариуцагч: Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М
Дүгнэлтийн шаардлага: “Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М-ийн үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0254871 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0101 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Дүгнэлт гаргагч прокурор Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2025/0056/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Прокурор Б.Сгаас Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мид холбогдуулан “... эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0254871 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0101 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Сгийн гаргасан “Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мийн үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0254871 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: прокурор Б.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
3.1. Эрх бүхий албан тушаалтан Б.Мийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх болон тээврийн хэрэгслийг зогсоож шалгах эрх хэмжээг прокуророос үгүйсгээгүй байхад хууль, дүрэмд зааснаар ийм эрхтэй хэмээн шүүх шийдвэртээ дурдаж дүгнэсэн, мөн зөрчлийн холбогдогч Ц.Г-ийг хяналт шалгалтаас зайлсхийсэн зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй гэж шүүх тус тус дүгнэн шийдвэрлэж буй нь өөрөө ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ” , 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх” гэж тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд тооцогдох үйлдэл, улмаар шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтад зөрчил нь нийцсэн байх, зөрчлийг үйлдсэнийг нотолсон байх, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ёстой.
3.2. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахдаа Ц.Гоос холбогдогчоор мэдүүлэг авснаас өөрөөр зөрчлийг нотлох ажиллагаа явуулаагүй бөгөөд мэдүүлэг авахдаа хөтөлсөн, тулгасан асуулт асууж, улмаар холбогдогч хариулт өгөхдөө зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 6, 7 дахь заалтыг зөрчиж, энэ нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байдаг.
3.3. Мөн Ц.Гийг хэзээ, хаана, ямар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад, ямар үндэслэл шаардлагаар зогсох шаардлага тавьсан нь тодорхойгүй, тогтоогдоогүй ба холбогдогч зөрчил үйлдсэнийг нотлоогүй атлаа “төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд хяналт шалгалтаас зайлсхийсэн” гэж дүгнэн, Ц.Гт Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар үндэслэлгүй шийтгэл оногдуулсан.
3.4. Шүүх дээрх шийтгэлийн хуудсыг хянахдаа, шүүхийн шатанд торгох шийтгэлийг нөхөн төлсөн, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж зэргийг нэмж гаргуулан, улмаар шийдвэр гаргахдаа “эрх бүхий албан тушаалтан тээврийн хэрэгслийг зогсоох эрхтэй” гэж, мөн “холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болсон. Гэтэл Ц.Г нь ямар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан, улмаар жолоодож явсан тээврийн хэрэгслээсээ хамаарч төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд болсныг тогтоогоогүй байхад ингэж дүгнэн шийдвэрлэснийг шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Сгаас Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мид холбогдуулан “эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0254871 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргаж, шүүхэд ирүүлсэн.
3.1. “Хяналт шалгалтаас зайлсхийсэн, зогсоогүй явсан” гэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу Ц.Гт 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргахдаа, прокуророос … Ц.Г нь ямар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад аль байгууллагын ямар албан тушаалтан, яман үндэслэл шаардлагаар зогсох шаардлага тавьсан нь тодорхойгүй, “зогс” шаардлагыг биелүүлээгүй үйлдлийг төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн гэж дүгнэх үндэслэлгүй, тээврийн хэрэгсэл нь хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй эсэх нь тогтоогдохгүй байхад зөрчил мөн эсэхийг шалгаж тогтоолгүй шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж үндэслэлээ тайлбарласан.
3.2. Хариуцагч нь дүгнэлтийг эс зөвшөөрч “…авто тээврийн хяналт шалгалт хийх явцад зогсох дохио өгөхөд холбогдогч нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ зөрчиж зогсохгүй явсан, **** УНЕ улсын дугаартай HYUNDAI маркийн HD-270 загварын тээврийн хэрэгсэл байсан, Ц.Г нь энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан байна.
4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д ““хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг /хэлнэ/”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.9.12-т “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж,
Автотээврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дараахь эрх эдэлнэ: 22.1.1. энэ хуулийн 21-д заасан чиглэлийн дагуу хяналт, шалгалт хийж захиргааны хяналтыг хэрэгжүүлэх” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд: 1.1. хяналт шалгалтаас зайлсхийсэн /бол/ хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзэхэд, автотээврийн хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтаас зайлсхийх зөрчлийг харьяалан шийдвэрлэх эрхтэй боловч тухайн тохиолдолд “төрийн хяналт шалгалтад хамрагдвал зохих этгээд хяналт шалгалтаас зайлсхийсэн” зөрчил нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтаар тогтоогдож, улмаар холбогдогч түүнийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, нотлох баримт бүрдсэн тохиолдолд уг зөрчилд шийтгэл ногдуулах зохицуулалттай ба энэ шаардлагыг хангавал Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, тогтоосон журамд нийцсэн гэж үзнэ.
5. Гэтэл анхан шатны шүүхээс “... удирдамжийн дагуу хэрэгжүүлсэн төрийн хяналт шалгалтыг хууль зөрчсөн гэж үзэхгүй, автотээврийн хяналтын улсын байцаагч нь зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх эрхтэй, холбогдогч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар ногдуулсан 100,000 төгрөгийг холбогдох дансанд төлсөн” гэж дүгнэн, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд,
6.1. Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М нь тус газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй ачаа тээврийн автомашинуудад хийх хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хэрэгжүүлсэн ба тус хяналт шалгалтын зорилго, хамрах хүрээг “нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээд, жолооч холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх” гэж тодорхойлсон.
6.2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь “Зогс” дохиогоор зогсолгүй явсан хэмээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн, холбогдогч Ц.Гоос мэдүүлэг авахад “... урд яваа тээврийн хэрэгслийг зогс гэж байна гэж ойлгосон, ... зогсох гэж байгаад зогсож амжаагүй явсан” гэж мэдүүлсэн бол тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг буюу холбогдох зөвшөөрөл авсан эсэх гэхчлэн улсын байцаагчийн хэрэгжүүлж буй хяналт шалгалтад хамрагдвал зохих этгээд мөн болохыг тогтоосон баримтыг цуглуулж бүрдүүлээгүй байна.
7. Прокурорын гаргасан дүгнэлт болон давж заалдах гомдолд дурдсанчлан хариуцагч нь холбогдогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг шаардаж аваагүй, уг тээврийн хэрэгсэл нь ангиллын хувьд улсын байцаагчийн хэрэгжүүлж буй хяналт шалгалтад хамрагдах шаардлагатай гэдгийг тодорхойлсон баримт цуглуулаагүй нөхцөлд холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийг үйлдсэн гэж буруутгаж, шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм.
Энэ тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх “зөрчил үйлдэгдсэн болох нь баримтаар тогтоогдсон байх” урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
8. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болохыг баримтаар эргэлзээгүй тогтоосон нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, холбогдогчид хариуцлага хүлээлгэх шаардлагыг хангаагүй учраас шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй, энэ тохиолдолд анхан шатны шүүх түүнийг хэвээр үлдээсэн нь буруу байна.
Иймд прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, дүгнэлтийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Сгийн гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0254871 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дүгнэлт гаргагч Б.Сгийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ