Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00017

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч Б.Гансүх, шүүгдэгч Б.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Алтансүхэд холбогдох 201614000516 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө СББТ ХХК-д орон нутаг хариуцсан супервайзераар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймаг Булган 2-р баг Хужирт 2в-5 гудамж 03 тоотод оршин суух хаягтай боловч Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 40-4 оршин суудаг, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Болдсүхийн Алтансүх /ТГ 88090618/

                                           Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Алтансүх нь СББТ ХХК-д орон нутаг хариуцсан супервайзераар ажиллаж байхдаа 8 307 500 /найман сая гурван зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

    1. Шүүгдэгч Б.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би  СББТ ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт борлуулалтын супервайзераар ажиллаж байхдаа 2016 онд нийт 8 307 500 төгрөгийг хувьдаа завшсан нь үнэн. 5 300 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард тооцоо нийлсэн байгууллагуудаас авсан. 3 000 000 төгрөгийг Ачит холдинг ХХК-аас зээлж авсан.  Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. 8 307 500 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэв.

  2. Хохирогч Б.Гансүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай компанид 8 307 500 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   3. Гэрч Т.Ууганбаатарын ...2016 оны 02 дугаар сараас эхлэн СББТ ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт Алтансүхтэй хамт ажиллаж байсан. Алтансүх нь хамт ажиллаж байхдаа намайг байгууллагуудад түгээсэн барааныхаа мөнгийг аваад явж байхад хэд хэдэн газруудын барааны тооцооноос нэг удаа мөнгө авч байсан.   Тайгер, Эмпайр, Богд гол, Баялаг төв, Казино зэрэг газруудын баарны тооцоо хийсэн мөнгөнөөс 1 000 000-1 500 000 төгрөг авахуулж байсан. Яг аль байгууллагаас хэдийг авахуулж байсныг санахгүй байна. Тухайн үед би шинээр ажилд орсон байсан болохоор учрыг нь сайн олохгүй, ингэж авах ёстой байдаг юм байх гэж бодож байсан. Дараа нь Алтансүхээс байгууллагуудаас авсан мөнгийг яасан юм бэ? гэхэд зүгээрээ би мэдэж байгаа гэж байсан. Өөр газраас дахиж мөнгө аваагүй гэсэн мэдүүлэг....  /хх-ийн 15 талд/,

   4. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн ...Би Эмпайр пабыг ажиллуулдаг юм. Тооцоо нийлсэн актын тухайд гэвэл над дээр Алтансүх өөрөө ирээгүй. Би сайн санахгүй байна. Тооцоо нийлсэн акт гэсэн тамга тэмдэггүй баримт дээр авдар, савны тооцоо нийлсэн акт гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж, тамга даруулж байсан санагдаж байна. Сар бүрийн 20-нд СББТ ХХК-ийн ажилчин ирж барааныхаа мөнгийг авдаг. Тухайн үед Алтансүх өөрөө ирээгүй, ямар түгээгч ирж гарын үсэг зуруулж тамга даруулсныг санахгүй байна. 2 сар гарангийн өмнө СББТ ХХК-ийн нягтлан ирээд Алтансүх гэдэг хүнтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн үү гэж асууж байсан. Мөн сар гарангийн өмнө Улаанбаатар хотоос ирсэн компаны ажилтан гэж залуу ирээд энэ таны гарын үсэг мөн үү гээд асуугаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 68 талд/

 5. Гэрч Ш.Уранчимэгийн ....2016 оны 07 дугаар сарын 20-ноос 2016 оны 08 дугаар сарын 20-ны хугацаанд 256 800 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй гэж үйлдсэн тооцоо нийлсэн акт дээр миний гарын үсэг болон тамга зөв дарагдсан байна. Өөрөөр хэлбэл миний гарын үсэг ХХК-ны тамга мөн байна. 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 2016 оны 09 дүгээр сарын 20-ны хугацаанд 307 800 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо нийлсэн акт дээрх миний гарын үсэг биш байна. Харин тамга нь манай байгууллагынх мөн байна. Миний бодлоор архи пивоны авдар савны тооцоо нийлсэн акт гэж хэлээд юм бичээгүй тооцоо нийлсэн акт гэсэн баримт дээр тамга даруулж гарын үсэг зуруулж авсан байх гэж бодож байна. Би сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 тал/

  6. Гэрч М.Наранхүүгийн ...Би Тайгер баарны захирлаар ажилладаг. Алтансүх нь манай бааран дээр ирээд л танай байгууллагыг дэмжиж ажиллана, төв рүү захирлууддаа хэлнэ гэх зэргээр бид ажил хэргийн харилцаатай байсан. Алтансүх 2016 оны 06 сарын орчим ирээд Нараа эгчээ та манай тооцоо нийлсэн акт дээр 1 500 000 төгрөгийн өртэй гээд гарын үсгээ зураад тамга дараад өгөөч гэж хэлсэн. Би он, сар, өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед би таны итгэлийг алдахгүй, надад итгээд нэг удаа туслаач дээ гээд байхаар нь би яахав хамтарч ажилладаг юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод 1 500 000 төгрөгийн өртэй гэж бичсэн тооцоо нийлсэн акт дээр нь гарын үсгээ зураад тамга дарж өгсөн. Урд нь болон дахиж ийм асуудал гараагүй  гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 талд/

   7. Гэрч Б.Хишигмаагийн... Би Баялаг төвийн нягтлан бодогчоор ажилладаг. Бид СББТ ХХК-тай сар бүрийн 20-ноос дараагийн сарын 20-ны дотор авсан барааныхаа тооцоог хийдэг байсан. 2016 оны 07 дугаар сарын орчим Алтансүх манай бааранд ирээд 1 500 000 төгрөгийн өртэй /үлдэгдэлтэй/ гэсэн тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд ямар учиртайг нь асуухад 7 дугаар сарын 30-наар тооцоо нийлж байна гэхээр нь би 7 дугаар сарын 20-ноос 30-ны хоорондох өр юм байна гэж бодоод тамга дарж өгсөн. Би Алтансүхэд дор бүр нь өөрт нь бэлнээр болон данс руу нь мөнгөө хийж тооцоогоо дуусгадаг. Сүүлд нь СББТ ХХК-ийн ажилчид ирээд Алтансүхийн үйлдсэн баримтыг харуулахад Алтансүх нь тухайн үед үйлдсэн баримтын он, сар өдрийг засварласан байсан.Тэгэхээр тухайн үед худал хэлж гарын үсэг зуруулж, тамга даруулж аваад дараа нь засварласан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 талд/

  8. Гэрч Ж.Батжаргалын ... Би Бат-Ач ХХК-д менежерээр ажилладаг. 2016 оны 10 дугаар сарын 20-доор ОХУ-ын Улаан-Удэ хот руу явсан хойгуур манай нөхөр Ачит төвийн 1 дүгээр давхарт байдаг манай архи пиво бөөнөөр худалдаалдаг лангуун дээр ажиллаж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 20-21-ний үед СББТ ХХК-ийн супервайзер Алтансүх бараагаа түгээж ирээд манай нөхөрт 10 орчим сая төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн байсан. Барааны мөнгийг нь бид компаны данс руу хийдэг юм. Гэтэл Алтансүх манай нөхөрт та надад 3 000 000 төгрөг бэлнээр өгчих, би танайд ирүүлсэн барааны мөнгөн дээр танаас авсан мөнгөө нэмээд тооцоог нь хийчих тул санаа зоволтгүй гэж хэлээд манай нөхрөөс 3 000 000 төгрөг аваад явсан байсан. Намайг ирэхэд нөхөр маань Алтансүх түгээгчийн хамт ирээд манайд 10 сая төгрөгийн түгээлт хийсэн. Тэгээд одоо 3 000 000 төгрөг өгчих би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр танай тооцоон дээр нэмээд хийчихнэ гэсэн гэхээр нь би аан тийм үү гэж хэлээд өнгөрсөн. Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тооцоогоо хийх гээд Алтансүх рүү залгаад үлдэгдэл мөнгөө ирж авах уу тэгээд манай барааны тооцоог байгууллагадаа тушаагаач гэж хэлэх гэсэн чинь эхлээд утсаа салгаад байснаа дараа нь над руу би Хөтөлд ажилтай байна гэсэн мессеж явуулсан. Удалгүй над руу залгаад Батжаргал эгчээ та наад мөнгөө гүйцээгээд өгчих боломж байна уу гэж асуухаар нь надад тийм боломж байхгүй байна, би өөрийнхөө төлөх ёстой 7 000 000 төгрөгөө бэлдчихсэн байна. Чи авсан 3 000 000 төгрөгөө гүйцээгээд төлчих гэж хэлсэн чинь  за за Оюун-Эрдэнийг явуулъя гэж хэлээд утсаа салгасан. Оюун-Эрдэнэ гэдэг нь түгээгч нь бөгөөд үлдэгдэл тооцоо болох 7 000 000 төгрөгийг аваад явсан. Алтансүх манайхаас мөнгө авахдаа бэлэн мөнгөний баримт үйлдүүлж авсан байгаа. Тэр баримтыг СББТ ХХК-ийн худалдааны төлөөлөгч ирээд авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 талд/

    9. Найдвар-Од аудит ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 21-24 талд/

   Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Шүүгдэгч Б.Алтансүх нь “СББТрейд” ХХК-д орон нутаг хариуцсан борлуулалтын супервайзераар ажиллаж байхдаа байгуууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүний үнэ 8 307 500 /найман сая гурван зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Т.Ууганбаатар, Э.Эрдэнэцэцэг, Ш.Уранчимэг, М.Наранхүү, Б.Хишигмаа, Ж.Батжаргал нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Дээрхи шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөв гэж үзлээ.

Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, 82 дугаар талд  авагдсан СББТрейд ХХК гүйцэтгэх захирлын тушаал, 85 дугаар талд авагдсан ажлын байрны тодорхойлолт, хохирогч,  гэрчүүдийн мэдүүлэг зэргээр Б.Алтансүх нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн болох нь тогтоогдож байна.

       Иймд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Алтансүхэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч Б.Гансүх шүүх хуралдаанд манай компанид 8 307 500 төгрөгийн хохирол учрасныг бүрэн төлж барагдуулсан одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн гэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 294, 297, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

    1. Шүүгдэгч Боржигон овгийн Болдсүхийн Алтансүхийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

     4. Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

     5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.