Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1106

 

 

 

 

 

 

 

2019            10             31                                         2019/ДШМ/1106                                                          

                                   Д.Мд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Д.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1408 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806079081601 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Д М, 1969 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 68-8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХП69030472/;

 

Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мобикомын гэрээт салбарт хохирогч Э.Сувдтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Д Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д Мг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.        

 

Шүүгдэгч Д.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Миний бие өндөр настай эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 68-8 тоотод амьдардаг. Хүүхдүүдийн маань ээж нас барсан, би орх толгойлон хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байна Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж шүүх хуралд оролцсон. Шүүхээс миний хувийн байдал, хохирогчийн үйлчилгээний стандартаа барьж надад үйлчлээгүй зэрэг хэрэг гарсан байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэж ял оногдуулаагүй гэж үзэж байна. 2018 оын 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон үйл явдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Надад холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар дуусч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 -д заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1408 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Д.Мгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дууссан. Гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Шүүгдэгч давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гаргасан байна. Иймд давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мобикомын гэрээт салбарт хохирогч Э.Сувдтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Сувдын: ...Би 2018 оны 9 дүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Мобиком”-ын гэрээт салбарт ажлаа хийж байхад өглөө 09 цаг 45 минутын орчим 99107899 дугаартай үйлчлүүлэгч төлбөрөө төлөхөөр орж ирэхэд нь “манай РОЗ машин ажиллахгүй байгаа тул та бэлэн мөнгөөр үйлчлүүлнэ үү” гэхэд тэр хүн гарч яваад эргэж орж ирээд төлбөрөө төлөхөд нь 10.000-тын 1 дэвсгэрт нь гэмтсэн, сериал дугаар нь байхгүй болсон байсан учир энэ мөнгөө солиод ирнэ үү, энэ мөнгөн дэвсгэрт гэмтсэн байна, бид авах боломжгүй гэтэл өөдөөс орилоод ширээн дээр байсан онцлох дугаар гэсэн бичигтэй самбарыг аваад булангаар нь миний толгой, зүүн гарын шууны ар хэсэгт цохисон. Тэгэхээр нь би тэр хүнд юу ч хэлээгүй, уйлаад л өнгөрөөсөн. ...” /хх-ийн 15-18/,

 

Д.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Мобикомын ажилтан наад мөнгийг чинь авахгүй гэж над руу уурлаж, муухай хараад үйлчилгээ үзүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтэд Э.Сувдын биед зүүн бугуйн үенд шарх, цус хуралт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлийг би цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх137/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11706 дугаартай шинжээчийн: “Э.Сувдын биед зүүн бугуйнд үенд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”/хх2/ гэх дүгнэлт /хх-ийн 2/  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Мгийн олон нийтийн үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа, тус үйлчилгээний газрын мэргэжилтэнг ширээн дээр байсан жижиг пластик самбараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.М “...Надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар дуусч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 -д заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байна. Иймд  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч  Д.Мгийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч тухайн  гэмт хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа” 2019 оны 9 дүгээр сарын 26-нд дууссан байх тул Д.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Мгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1408 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Боржигон овгийн Д Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ