Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Д.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Лайхан овгийн Дашцэрэнгийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2203007130099 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1..................................),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа захын хойд замд 2022 оны 11-р сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Х.Портер маркийн 73-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Оюундэлгэрийг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

  

Шүүгдэгч Д.Мөнхбаяр “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч С.Оюундэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022.11.05 ний өдөр ХУД-ийн 16-р хорооны нутагт байх Буянт-Ухаа захын эсрэг талд байх гэрээсээ гараад тус захын хойд талд байрлах автобусны буудал орох санаатай замын зүүн талаас баруун зүгт чиглэн зам хөндлөн гарах гээд алхаж явсан чинь гэнэт түс тас гээд явчихсан, тэгээд нэг ухаан орсон чинь зам дээр хэвтчихсэн зүүн талын хөл хөлийн шилбэ хэсгээр маш их өвдөж хугарсан байсан. Ингээд сэргээд хартал Х.Портер маркийн машин байсан ба жолооч гээд нэг залуу над руу уурлаад байх шиг байсан. Тэгэхлээр нь би айсандаа чи эгчийгээ гэрт хүргээд өгчих зүгээр зүгээр гэж хэлээд гэртэй хүргүүлсэн. Харин нөгөө жолооч намайг гэрт үлдээгээд яваад өгсөн. Ингээд удалгүй миний хүү Цагаач гэрт ирж намайг авч ГССҮТ-д аваачиж үзүүлсэн чинь миний хөл хугарсан гэсэн...” (хавтас хэргийн 22 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 15581 дугаар “...С.Оюундэлгэрийн биед шаант ясны хоёрлосон, тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” (хавтаст хэргийн 75 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Оюундэлгэр нь “ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн сангаас 1,741,000 төгрөг гарсныг яллагдагч Д.Мөнхбаяр гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” (хавтас хэргийн 53 дахь тал) гэсэн,

 

Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 999656 дүгнэлт (хавтаст хэргийн 82-86 дахь тал)

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1630 дугаартай: “Жолооч нь Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана “. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... гэх магадалгаа (хавтаст хэргийн 89-90 дэх тал) гэсэн,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... Осол гаргасан газрын орчимд байрлуулсан Буянт-Ухаа зах трейд ХХК-ын Хяналтын камерын бичлэгийг төхөөрөмжөөс нь хуулбарласан ослын талаар бичигдсэн бичлэгт үзлэгийг явуулахад тус хяналтын камер нь ертөнцийн зүгээр хойд зүгт харж байрласан байх ба 2022.11.05 ний өдрийн 10 цаг 13 минут 59 секундэд бичлэг эхэлж явах ба бичлэгийн цаг Улаанбаатар хотын цагаас 1 цаг 16 минутаар хоцорч явж байгаа зөрүүтэй байлаа. Тухайн үед гадаа цаг агаар хэвийн үзэгдэх орчин сайн, цас ороогүй, халтиргаа гулгаа үүсээгүй байсан. 10 цаг 15 минут 01 секундэд замын зүүн талаас явган зорчигч Сайнхүүгийн Оюундэлгэр нь дээгүүрээ хар бараан өнгийн куртиктэй баруун зүгийг чиглэн явж замын зорчих хэсэг рүү алхаж орж байгаа нь бичлэгт харагдана. 10 цаг 15 минут 06 секундэд осол гаргасан цагаан өнгийн Х.Портер маркийн 73- 76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн зүгийг чиглэн замын зорчих хэсэг рүү нийлж орж зүүн гар тийш буюу хойд зүг рүү эргэх үйлдэл хийж явах үедээ 10 цаг 15 минут 10 секундэд машины урд хэсгээрээ явган зорчигчийг мөргөж газарт унагаж байгаа нь бичлэгт харагдана. 10 цаг 15 минут 14 секундэд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч бууж ирж улмаар газарт хэвтэж буй явган зорчигчийг өргөж машины баруун талын хаалгаар суулгаж хөдөлж цааш явж байгаа нь бичлэгт харагдана.” гэх тэмдэглэл, (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

Яллагдагчаар Д.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “...Би тухайн өдөр 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Х.Портер маркийн 73-76 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодоод Био комбинатаас 5 шар орж хүн авахаас явж байсан. Ингээд Нисэхийн Буянт-Ухаа захын хойно байдаг дугуй засварт запас дугуйгаа нөхүүлчхээд машинаа жолоодоод хөдөлсөн, тэгээд дугуй засварын зогсоолоос төв зам руу нийлээд хойшоо эргээд явахаар зүүн гар талаас автомашин ирж байгаа эсэхийг харахад улаан өнгийн том оврын автобус ирж байсан, өөр автомашин байхгүй байхаар нь ахиад эргэн тойрныг харахад цаана хашааны булангийн ойролцоо нэг хүн алхаад явж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би баруун гар талаа хараад урагш хөдлөөд төв зам руу нийлэхэд юм мөргөх чимээ гарахаар нь би машинаа зогсоогоод машинаас буугаад харахад миний автомашины зүүн хойд хэсэгт 55-60 орчим насны эмэгтэй хүн сууж байсан. Тэгэхээр нь би та ямар болгоомжгүй явж байна зүгээр үү гээд асуухад эгчийгээ уучлаарай, эгч нь автобусанд амжих гээд яарч гүйж байгаад мөргүүлчихлээ гэж хэлж байсан. Тэр хүн босож чадахгүй байхаар нь би. Өргөөд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг явах замд машинд мөргүүлсэн эмэгтэй манай гэр ойрхон байгаа манайхаар орж манай хөгшинд хэлчхээд явъя гэхээр нь би буцаад гэрт нь очоод машинд мөргүүлсэн хүний нөхрийг нь дуудсан, тэр үед машинд мөргүүлсэн эмэгтэй хөл хугарсан юм шиг байна чиг тавиад боогоод явъя гэсэн. Гэрт нь гарын доорх материалаар эгч өөрөө хөлдөө чиг тавиад боосон, дараа нь би эмнэлэг рүү явъя гэхэд эгч нь одоо гэртээ ирсэн юм чинь гэртээ байя гэхээр нь би мөн гэр лүү нь оруулж өгөөд түргэн дуудах гэхэд машинд мөргүүлсэн эгч би өөрөө дуудъя чи ажлаа бод гээд надад хэлсэн тэгэхээр нь би 5 шарын буудал дээр хүн хүлээлгээд яарч байсан учир эгчид учир байдлаа хэлээд яваад өгсөн. ...Би хохирогчид одоогоор нийт 1.505.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал) ,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-14 дэх тал)

Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 23-32 дахь тал),

Хохирогч С.Оюундэлгэрээс гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 33-46 дахь тал),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал)

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 66-73 дахь тал),

Шүүгдэгч, хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 72 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюундэлгэрт хохирол 2.000.000 сая төгрөг төлсөн банкны баримт 1 ширхэг, хохирогчийг хохирол төлбөр авсан гомдол саналгүй гэх хүсэлт 1 хуудас, Эрүүл мэндийн даатгалын санд 1.741.000 төгрөг төлсөн банкны баримт 1 ширхэг зэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч насаар хуралдаанд шинээр гаргасан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа захын хойд замд 2022 оны 11-р сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Х.Портер маркийн 73-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Оюундэлгэрийг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Оюундэлгэр болон шүүгдэгч Д.Мөнхбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 999656 дүгнэлт (хавтаст хэргийн 82-86 дахь тал)

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1630 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 89-90 дэх тал) гэсэн,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-14 дэх тал)

Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 23-32 дахь тал),

Хохирогч С.Оюундэлгэрээс гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 33-46 дахь тал),

Шүүгдэгч, хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 72 дэх тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюундэлгэрт хохирол 2.000.000 сая төгрөг төлсөн банкны баримт 1 ширхэг, хохирогчийг хохирол төлбөр авсан гомдол саналгүй гэх хүсэлт 1 хуудас, Эрүүл мэндийн даатгалын санд 1.741.000 төгрөг төлсөн банкны баримт 1 ширхэг зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбаяр нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Оюундэлгэрийг мөргөж биед шаант ясны хоёрлосон, тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбаярын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь явган зорчигч С.Оюундэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг, 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайлс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна... гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улмаар учирсан баримттай хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 2,500,000 төгрөг нэхэмжилсэн, 2,800,000 төгрөг төлөгдсөн байна эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг төлсөн, ийм бусдад төлөх төлбөргүйд тооцуулах, СиДи-г хэрэгт хавсаргах саналтай... гэсэн санал дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Анх удаа болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсон, жолоочоор ажилладаг, 2 хүүхэдтэй байгаа. 500 нэгжээр торгож өгөөч хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан үзээ өгнө үү... гэж тус тус мэтгэлцэв.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 66-73 дахь тал), ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Мөнхбаярт автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Мөнхбаярт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Оюундэлгэрийн биед шаант ясны хоёрлосон, тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ зэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд (хавтаст хэргийн 33-46 дахь тал) нийт 1.505.820 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр ба шүүгдэгч, хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 72 дэх тал) мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюундэлгэрт хохирол 2.000.000 сая төгрөг төлсөн банкны баримт 1 ширхэг, хохирогчийг хохирол төлбөр авсан гомдол саналгүй гэх хүсэлт 1 хуудас зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хохирогч С.Оюундэлгэр нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.741.000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байх ба хавтаст хэргийн 51-54-р талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралтад заагдсан баримтаар шүүгдэгч Д.Мөнхбаяраас Эрүүл мэндийн даатгалын санд 1.741.000 төгрөг төлсөн банкны баримт 1 ширхгийг хуралдаанд гаргасан тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн камерын бичлэг бүхий СиДи-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Лайхан овгийн Дашцэрэнгийн Мөнхбаярыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Мөнхбаярт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь хохирогч С.Оюундэлгэрт 3.300.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах, болон шүүхийн ажиллагаанд төлсөн,

- Эрүүл мэндийн даатгалын санд 1.741.000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн камерын бичлэг бүхий СиДи-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч 27.10 урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ