| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2019/01542/И |
| Дугаар | 1956 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э холбогдох,
Гэм хорын хохиролд нийт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, хариуцагч С.Э, иргэдийн төлөөлөгч Х.Оюунбилэг, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
С.Э нь миний эхнэрийн эгчийн охинтой хамт амьдарч байгаад салсан хүн юм. Энэ хүн миний хамаг мөнгийг зөрчилтэй, маргаантай газарт барилга барихад оруулна гэж хэлээд үрсэн. С.Э нь надаас 21,000,000 төгрөг залилан авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс цагдаагийн ахлагч Гарьд дээр шалгагдаж, С.Э надад учруулсан хохирлыг төлнө гэсэн учир прокуророос хэргийг өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Надад баримттай байгаа мөнгө нь л 21,000,000 төгрөгийн асуудал байгаа.
С.Э залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар нотлогдсон бөгөөд өөрийн бурууг хүлээж, хохирлыг нөхөн төлье гэсэн учраас л өршөөлд хамрагдаж, ялаас хэлтэрсэн. Гэтэл ялаас хэлтэрсэн бол боллоо гэсэн шиг одоо элдэв тайлбар хэлж байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч хохирол 21,000,000 төгрөгөөс надад өөрөө болон бусдаар дамжуулан зохих хэмжээнд мөнгө өгсөн. Тэр нь миний тооцоогоор 7,000,000 төгрөг болсон. Энэ тооцоог хасахгүйгээр нэхэмжлэлдээ 21,000,000 төгрөг гэж буруу дүн бичсэн байна. Би анх гаргасан шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж, одоо 14,000,000 төгрөгийн үлдэгдэл байгааг гаргуулмаар байна гэв.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. Г.Эы нэр дээр барилга баригдаж дууссан. Барилгаа бүхэлд нь зарж үрээд бидэнд мөнгө өгөхгүй дуусгасан. Ажилд гаргасан мөнгөө биднээс нэхээд байгааг зөвшөөрөх боломжгүй. Намайг цагдаад өгсний дараа би түүнд 15,000,000 төгрөг төлсөн болохоор л өршөөлд хамрагдсан. Одоо 3,000,000 төгрөгийн л үлдэгдэлтэй байгаа гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.Эаас гэм хорын хохиролд 21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,000,000 төгрөг болгож багасгасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлж барагдуулсан үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
С.Э нь Г.Эаас 2014 оны 4 дүгээр сард “...барьж байгаа барилгын дулааны шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж өгнө...” гэж итгэл төрүүлэх аргаар 14,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд баригдах барилгын газрын үнэ болох 7,000,000 төгрөгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тушаана...” гэж авч залилан мэхэлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.
Тэрээр гэмт хэрэг үйлдсэнээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг өгсөн тул түүнд холбогдох эрүүгийн 201625021319 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1536 тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Прокурорын тогтоолоор тогтоогдсон дээрх үйл баримтын талаар хариуцагч “...21,000,000 төгрөгийг Г.Эаас авсан нь үнэн, өөрийн амьдралд хар толбо үлдээхгүй гэсэндээ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж өршөөлд хамрагдсан, хохирлоос 18,000,000 төгрөгийг буцаан төлсөн” гэж тайлбарласан тул шүүх гэм буруу болон учруулсан хохирлын хэмжээнд маргаангүй гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгч өөрт учирсан хохирол 21,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлөгдсөн гэж, хариуцагч 18,000,000 төгрөгийг төлсөн гэж маргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байдаг.
Нэхэмжлэгчид учирсан 21,000,000 төгрөгийн хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч хассан 7,000,000 төгрөгөөс бусад хэсгийг хариуцагч нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийг гэм хорын хохирол 14,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч С.Эаас гэм хорын хохиролд 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчим буюу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул нэхэмжлэгч гаргасан шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч татгалзаж буй бол татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох, нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж цуглуулж шүүхэд гаргаж өгөх, хэрэв өөрсдийн гаргаж өгөх боломжгүй, тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нотлох баримт байвал түүнийг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлүүлэх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д зааснаар талууд хүлээдэг.
Нэхэмжлэгчийн өөрт байгаа нотлох баримт, эсхүл өөрийн олж авах боломжтой нотлох баримт гаргах үүрэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хийгдсэн байхыг хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагаар тодорхойлогддог бол хариуцагчийн нотлох баримт гаргах үүрэг нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоног буюу уг хугацааны дотор шүүхээс тогтоосон хугацаанд, өөрт байхгүй баримтыг бүрдүүлэх хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.7, 42 дугаар зүйлийн 42.2, 62 дугаар зүйлийн 62.1.4, 67 дугаар зүйлийн 67.1.3, 72 дугаар зүйлийн 72.2-т заасан.
Энэ тохиолдолд хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар, нотлох баримт гаргах үүргээ огт биелүүлээгүй, шүүх хуралдааны явцад татгалзсан тайлбараа гаргаж, гэрч асуулгах хүсэлт гаргасанд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч тайлбартай танилцах хугацаа шаардлагагүй, хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж маргасан тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуулиар тогтоосон журам болоод талуудын зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан С.Эаас гэм хорын хохиролд 14,000,000 төгрөг гаргуулж Г.Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
С.ХИШИГБАТ