| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0210/э |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2017-01-12 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, улсын яллагч Ц.Идэрмөнх, хохирогч Г.Б-, хохирогчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүгдэгч Б.Р- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Р-д холбогдох 201614000540 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө ** ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймаг ** сум ** дүгээр баг ** гудамж, ** тоотод оршин суух хаягтай боловч ** аймаг ** сум ** баг задгайд оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овгийн Б-ийн Р- //
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Р- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Натурал текстайл группийн Эрдэнэт номин дэлгүүрийн хивс, хивсэн бүтээгдэхүүний барааны тасгийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд 8 500 000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :
1. Шүүгдэгч Б.Р-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би уг дэлгүүрт борлуулагчаар ажилладаг байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн орлого болох 8 500 000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн нь үнэн. Би хүнд өртэй байсан ба нэхэгдээд байхаар нь түр авч хэрэглээд тооллогоос өмнө төлж барагдуулна гэж бодож байсан. Хохирлоосоо 2 600 000 төгрөгийг төлсөн. 5 967 500 төгрөгийг төлж хохирлыг барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2. Хохирогч Г.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 сарын 17-ны өдрийн тооллогоор Эрдэнэт номин дэлгүүрээс дутагдал гараагүй. Харин 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор 44 000 000 төгрөгийн өр дутагдал гарсан. Уг асуудлыг шалгахад 35 200 000 төгрөгийн өр гарахад Б- би өөрөө гэрээтэд энэ бүх барааг өгсөн гэж хэлж байсан боловч цагдаагийн байгууллагад шалгуулах явцад Р- нь өөрийнхөө ажлын ээлжин дээр 8 500 000 төгрөгийг гаргасан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Бусад буюу үлдэгдэл мөнгийг Б-, Б- нар авсан байдаг. Тэгээд л Б.Р-г 8 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэдсэн. Үүнээс хохиролд бэлнээр 1 900 000 төгрөг төлөөд цалин дээрээс 632 500 төгрөг суутгаад 5 967.500 төгрөг төлөөгүй үлдсэн байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна.
3. Гэрч Р.Б-ын ...Би өөрийнхөө ээлжинд ажиллаж байх хугацаандаа 18 000 000 төгрөгийн орлогыг хэрэглэсэн. Энэ талаар Б- бид 2 мэдэж байсан. Б.Р-г ийм зүйл хийснийг мэдээгүй. Б- бид хоёрын хэрэгт Р-гийн асуудал ямар ч хамаагүй. Бид хамтарсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.... /хх-ийн 62-63 талд/,
4. Гэрч М.О-ы ...Би Номин холдинг ХХК-ийн Эрдэнэт салбарт зохион байгуулагчаар ажилладаг. Р-г Эрдэнэт хивсний агуулахын ачигч байх үеэс нь танина. Борлуулагч болсноосоо хойш манай дэлгүүрт үе үе гардаг байсан. Би уг тасгаас ийм их хэмжээний борлуулалт нэг өдөр хийгдэж байсан тухай мэдэхгүй. Дэлгүүрийн арын хаалганы түлхүүр надад байдаг ба өдрийн цагаар кассанд өгчихдөг байсан юм. Урьд өмнө нь энэ тасгаас их хэмжээний хивс алдагдлаа, тооцоо дутлаа гэсэн асуудал гарч байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 68 талд/
5. Гэрч Б.Т-ийн .... Би Номин холдинг ХХК-ийн Эрдэнэт салбарт кассаар ажилладаг. Натурал текстайл компаны хивсний тасаг борлуулалт хийхдээ манай кассаар уншуулдаг боловч тусдаа программ байдаг юм. Борлуулагч нь мөнгөө бэлнээр аваад өөрсдөө байгууллагынхаа дансанд тушааж байгууллагатайгаа тооцоо хийдэг байсан. Тухайн орлогын бүртгэлийг шалгаж үзэхэд 8 500 000 төгрөгийн гарсан бараа байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 тал/
6. Гэрч Д.Л-ын ...Б.Р-гийн манай байгууллагад учруулсан нийт хохирол 8 500 000 гэж тооцоолсон. 1 900 000 төгрөгийг бэлнээр түүний ажилласан цалин болох 516 000 төгрөгийг суутгаад үлдэгдэл нь 5 800 000 орчим төгрөг үлдэж байна. 2016 оны 08 сарын 24-ний өдөр борлуулалт хийгдсэн барааны тооцооны хуудас болон борлуулалт хийгдсэн баримт байхгүй. Бэлэн мөнгийг нь аваад кассаар уншуулахгүй гаргасан байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 талд/
Шүүгдэгч Б.Р- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Натурал текстайл группийн Эрдэнэт номин дэлгүүрийн хивс, хивсэн бүтээгдэхүүний барааны тасгийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд 8 500 000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Р.Б-, М.О-, Д.Л нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Хавтас хэргээс шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцлоо.
Иймд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Р-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Р-г бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.
Шүүгдэгч Б.Р- нь 8.500.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 2 532 500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс 5 967 500 төгрөг гаргуулан “Натурал текстайл групп” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М овгийн Б-ийн Р-г бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар шүүгдэгч Б.Р-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Р-д оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Р-гээс 5 967 500 төгрөг гаргуулан “**” ХХК-д олгосугай.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.