Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Уийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, П.О

 

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Р.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0008 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.У

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Э.Ж, П.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 123/2024/0055/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Уээс Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Р.М нарт холбогдуулан “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 /гэх/, 28 дугаар зүйлийн 28.3, 30 дугаар зүйлийн 30.2.5, 30.2.6, 30.2.9, 30.3, 30.4, 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг Төв аймгийн Татварын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, П.О нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх “нийт орлогоос дутуу тайлагнасан 1,183,129,869.01 төгрөгөөс хасагдах зардлыг хасалгүй нийт дүнд, мөн 5,006,412,950.95 төгрөгийн зардал гэж нэхэмжлэгчийн тайлагнасан дүнг баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр орлогод тооцон тус тус нөхөн татвар ногдуулсан нь илэрхий үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн” гэж дүгнэсэн.

Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх заалтуудыг буюу хууль зөрчиж баримтаар нотлогдоогүй татварын удирдлагын нэгдсэн системийн и-баримтын мэдээллийн худалдан авалт хэсэгт бүртгэгдээгүй 5,006,412,950.95 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан байхад, мөн нэхэмжлэгч зардлын анхан шатны баримт байхгүй, зардал нотлогдохгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад, нэгэнт зардлыг холбогдох хууль, тогтоомжоор дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдсон байхыг хуульчилсан байхад баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр орлогод тооцон нөхөн татвар ногдуулсан гэж хариуцагчийг буруутгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.2. Нэхэмжлэгч Д.У нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдож, 2020 онд төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж тайлагнасан, хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлагнасан тайлан дахь баримтаар нотлогдох зардлыг хасаж тооцсон нь хуульд нийцэх бөгөөд энэ тохиолдолд жишиг үнийн аргыг хэрэглэх хуульд заасан нөхцөл бий болоогүй.

3.3. Татварын удирдлагын нэгдсэн системээр бодогдсон шалгуур хангаагүй тайлан татварын байцаагчид хуваарилагдан очдог зохицуулалттай бөгөөд татвар төлөгч Д.Уийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр илгээсэн тайлан I94300 кодтой Б.З байцаагчид хуваарилагдаж тус байцаагч 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10:24:52 цагт буцаасан. Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд буцаасан тайланг татвар төлөгч 3 өдрийн дотор засварлаж дахин илгээгээгүй тохиолдолд систем өөрөө дахин өөр байцаагчид хуваарилдаг. Энэ дагуу 72 цагийн дараа 194309 кодтой Б.Б байцаагчид хуваарилагдаж байцаагч 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10:34:16 цагт дахин буцаасан, дахин засаж илгээгээгүй тул 194332 кодтой Д.Д байцаагчид хуваарилагдан байцаагч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11:41:22 цагт дахин буцаасан, татвар төлөгч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “тайланг засаж цалингийн дүн зөв болсон, 491,456.79 төгрөг төлөхөөр гарсан. үүнийг төлсөн. тайланг хүлээн авна уу” гэх сэтгэгдэл бичиж тайлангаа илгээсэн. Нэхэмжлэгчид тайлан залруулах боломжийг татварын алба эдлүүлээгүй бус татвар төлөгч тайлан залруулах талаар татварын албан хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, харин татварын байцаагч нар тайланд боловсруулалт хийж удаа дараа буцаасан талаар баримт хэрэгт авагдсан. Зөвхөн ямар үндэслэлээр буцаасан нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар  нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хийгээд маргааны үйл баримтад хамаарах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, ... /-ыг/ хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн зохицуулснаас гадна,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу  маргааны үйл баримтын хүрээнд хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтыг эргэлзээгүй тодорхойлж, хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Д.Уээс Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Р.М нарт холбогдуулан “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахнэхэмжлэл гаргасан.

4.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… хасагдах зардлыг огт тооцохгүйгээр нөхөн ногдуулалтын акт тавьсан, татвар ногдох орлогыг тодорхойлохдоо жишиг үнийн аргыг хэрэглээгүй, 2020 онд Монголбанкинд тушаасан алтны борлуулалтын орлого 1,183,129,869.01 төгрөгийг санамсаргүй байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт бичсэнээс ТУНС-д алдаатай тайлан илгээгдсэн байхад залруулга хийх боломж олгоогүй, татварын хяналт шалгалт нь хууль бус” гэж тайлбарлажээ.

4.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…татвар ногдох орлогоос баримтаар нотлогдох зардлыг хасч тооцсон, өөр хасагдах зардлын баримт байхгүй талаар татвар төлөгч нь хяналт шалгалтын явцад мэдүүлсэн, тайлангийн алдааг засуулахаар удаа дараа буцаасан, Монголбанкнаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр нотлохоос гадна татвар төлөгч өөрөө орлого зарлагаа тодорхойлон тайлагнасан байхад жишиг үнийн аргыг хэрэглэх боломжгүй” гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

5. Харин анхан шатны шүүхээс “… татварын улсын байцаагч нар нь 1421902588 тоот томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн татварын хяналт шалгалт хийснийг буруутгахгүй, татварын хэлтэс нь нэхэмжлэгчийн тайланг хүлээж авахдаа татвар ногдуулалт төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхэд хянан боловсруулалт хийгээгүй, хуульд жишиг үнийн аргыг хэрэглэж болохоор заасан байхад акт тавихдаа энэ аргыг ашиглаагүй, хасагдах зардлыг хасч тоцоогүй гэдэгтэй хариуцагч маргаагүй, татварын үйл ажиллагаа тодорхой байх зарчмыг зөрчсөн” гэж зөрчилтэй дүгнэлт хийсний зэрэгцээ баримтаар нотлогдоогүй татварын ногдлыг цаашид тодорхойлох шаардлагатай гэх үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэл муутай болжээ. 

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

7. Энэ тохиолдолд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулж, нөхөн ногдуулалтын актад эрх зүйн дүгнэлт өгөөгүй байхад шийдвэрт заасан эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу цаашид тодруулах шаардлагатай хэргийн нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй.

8. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд, нөхөн ногдуулалтын акттай холбогдуулан (а) 2020 онд алтны борлуулалтын орлогыг 1,183,129.869.01 төгрөгөөр дутуу тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулах зөрчлийг бодитоор гаргасан эсэх, (б) хариуцагчаас татварын хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, зөрчлийг баримтаар тогтоож, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэх, (в) Д.Уээс мэдүүлж буй зардлуудыг татвар ногдох орлогоос хасах хууль зүйн үндэслэлтэй эсэх үйл баримтад хамаарах нотлох баримтыг анхан шатны шүүхээс бүрэн цуглуулж, хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэхээр байна. Тухайлбал:

8.1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”, 41.8-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална” гэж заасан бөгөөд тус хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1421902588 дугаартай томилолт олгохдоо, хяналт шалгалтын хугацааг “2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын 10 өдөр зарцуулах” гэж тогтоосон /хэргийн I хавтасны 93 дахь талд/ боловч түүнийг сунгасан эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодорхой хариулт өгсөнгүй.

Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.5, 3.15-д зааснаар татварын хяналт шалгалтыг гагцхүү хариуцсан нэгжийн даргаас олгосон томилолтын үндсэн дээр гүйцэтгэх, тодорхой үндэслэлээр сунгах ба баримтыг хавсаргах шаардлагатай.

Харин нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлдээ “… хууль бус шийдвэрээр хяналт шалгалтанд хамруулж, татварын хяналт шалгалтыг хууль зөрчиж хийсэн” гэж тодорхойлон маргаж байхад татварын хяналт шалгалт хийх хугацааг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сунгасан эсэхийг тодорхойлоход нотолгооны ач холбогдолтой баримтыг хэрэгт цуглуулалгүйгээр татварын хяналт шалгалт хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх маргааны үйл баримтад шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.  

8.2. Мөн нэхэмжлэгч нь татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нотолно хэмээн ХААН банкин дахь 508429**** дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны 2020 оны эхний хагас жилийн гүйлгээний хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргахдаа, “данс эзэмшигч Л Э нь манай ажилтан, би дансны хамтран эзэмшигчээр бүртгэлтэй” гэж тайлбарлах боловч энэ үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг хэрэгт цуглуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

Банкин дахь харилцах дансаар шилжүүлсэн мөнгөн гүйлгээнд татвар төлөгч Д.Ут холбогдох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хасагдах зардал бий эсэх, түүний эрхэлж буй үйл ажиллагаанд хамаарах баримтаар тогтоогдох өөр бусад ямар зардал гарсан болох зэргийг тодорхойлох нь маргааны үйл баримтад хамааралтай гэж үзнэ.

8.3. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ын 47 дугаар зүйлийн 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.6-д “Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тогтоолыг маргаанд оролцогч талуудад 10 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ” гэж тус тус заасан.

Тодруулбал, Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй ба “маргаан бүхий актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхдээ түүнийг зөрчсөн эсэхийг зайлшгүй магадлан тогтоох учиртай.

Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Д.Уийн гомдлыг Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж, 1 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ. /Хэргийн I хавтасны 50-53 дахь талд/

Харин нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэзээ гардаж авсан талаар дурдаагүй, холбогдох баримтыг хавсаргаагүй, анхан шатны шүүх ч захиргааны хэрэг үүсгэхдээ энэ нөхцөл байдлыг тодруулж дүгнэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхийг зайлшгүй дүгнэх шаардлагатай тул Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг Д.У хэзээ, ямар хэлбэрээр мэдэгдэж гардуулсан талаарх баримтыг нотлох баримтаар цуглуулах нь зүйтэй.

9. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу гүйцэтгэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах буюу нотлох баримтыг нөхөн бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

                 ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ