Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1136

 

 

 

 

 

 

 

   2019         11            12                                            2019/ДШМ/1136       

 

 

Э.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                 

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, Х.Даваахүү

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Төд холбогдох эрүүгийн 1803005490290 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Эийн Т, 1992 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 6 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП92030234/;

 

Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам “Шижир" авто төвийн арын замд 2018 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 22 цаг 34 минутын орчимд Дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Кiа Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтад “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”:

а/ “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалтад “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С.Авирмэдийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Тээврийн прокурорын газраас: Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Эийн Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, нэг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э.Төд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч Э.Тийн жолоочийн “В” ангиллын 696615 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СD, 2 ширхэг флашийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагаас “Сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан нь тэжээгчээ алдсантай холбоотой болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зам тээврийн осол болох үед явган зорчигч явган хүний гарцгүй газраар явж байсан. Амь хохирогч тухайн үед согтуу байсан. Энэ тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.2 дугаар зүйлийн 11-д “давуу эрх”, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 16-д “замд тавьж өгөх” гэсэн ойлголтууд зайлшгүй бий болж зохицуулагддаг. Үүнээс харахад явган зорчигч давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хурд болон чиглэлийг өөрчлөхгүй, хөдөлгөөнөө эхлэхгүй, үргэлжлүүлэхгүй байсан бол осол гарахгүй байх нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгчтэй уулзахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлсэн бөгөөд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Тухайн осол гарах үед албан үүргээ гүйцэтгэж байсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өндөр настай эхийн хамт амьдардаг. Эдгээрийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн шүүх Э.Тийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 5.2 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. 1 дүгээр хавтас хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр “хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо тухайн осол болох үед үүссэн, осол болохоос өмнө үүсээгүй” гэж дүгнэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар заалтын хавсралт 2-т “хойд дугуйны тоормос ажиллагаагүй болсныг заагаагүй”. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 57158 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл осол болохоос сарын өмнө тухайн тээврийн хэрэгслийг оношлуулсан байсан. Уг оношлогооны дүгнэлтийг гаргаж өгөх боломжгүй гэдэг. 1 дүгээр хавтас хэргийн 205-206 дугаар хуудсанд, Галбадрах шинжээчийн мэдүүлэгт “хойд талын дугуйны тоормос барьж байсан бөгөөд дугуйгаа зогсоож чадаагүй байна, үүнийг нарийн шинжлэх боломжгүй” зэрэг нотлох баримтуудыг анхаарч үзнэ үү. Мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийтгэх тогтоолд дурдсан. ...” гэв. 

 

Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийг хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ. Гэтэл Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 12/38 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд “Жолооч Э.Тийн гүйцэтгэсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй, харин дээрх осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн” гэжээ. Мөн шүүгдэгчид дарга нь үүрэг өгч машин жолоодох шаардлага гарсан. Тухайн үед амь хохирогч бусадтай маргалдан зам хөндлөн 2 удаа гарсныг гэрч мэдүүлсэн. Эдгээрийг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогчийн ар гэр Налайх дүүргийн Замын Цагдаагийн тасгийн дарга нарт гомдолтой байгаа талаараа анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. 3 дугаар хавтас хэргийн 37 хуудсанд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл оногдуулж, нэг үйлдэлд хоёр хариуцлага оногдуулсан. Эдгээрийг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Э.Тийг “Кiа Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч С.Авирмэдийг мөргөж, амь насыг хохироосон гэм буруутай гэж тооцсон атлаа бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргаж хүний амь нас хохироох нөхцөл байдлыг бүрдүүлсэн буруутай албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй үлдэж байгаад маш их гомдолтой байна. Э.Тийн мэдүүлснээр уг тээврийн хэрэгслийг “би байнга барьж байгаагүй, тормос ажиллаж байгаагүйг ч би мэдэхгүй” гэх, мөн гэрч Т.Түвшинбаатар мэдүүлэгтээ “тухайн машин дээр тогтсон цагдаа жолооч гэж байхгүй болохоор манай зохицуулагч цагдаа нар, мөн би өөрөө тэр машиныг ажил гарсан үед жолоодоод явдаг” гэжээ. Үүнээс үзэхэд, уг тээврийн хэрэгсэл хариуцах эзэнгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллуулдаг, засвар үйлчилгээ хийдэг болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгч сургалтанд хамруулж гарын үсэг зуруулдаггүй хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдож байна. Мөн гэрч Т.Түвшинбаатарын мэдүүлгээр тус цагдаагийн хэлтэст 12 тээврийн хэрэгсэл байдаг. Хэлтсийн хэмжээнд автомашин хариуцдаг албан тушаалтан байхгүй. “Кiа Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэлтсийн дарга Н.Сумъяагийн зөвшөөрлөөр авч явсан гэх мэдүүлгээс харахад Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмших, захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан болох хэлтсийн дарга Н.Сумъяагийн албан тушаалдаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон тул эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийг хариуцуулж өгөөгүй, тухайн хийгдэх ажлын төлөвлөгөөг баталгаажуулж тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг 12 машин тус бүрийг хариуцсан жолооч нарт өгч гарын үсэг зуруулаагүй зэрэг нь хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн. Тийм байхад прокурорын гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваагүй, шүүхэд прокурор хохирол төлбөрийн асуудал дээр ч өмчлөгч яригдана гэж, шүүх нь буруутай албан тушаалтнуудыг шалгах эсэх асуудлаар огт дурдалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргаж хүний амь нас хохирох нөхцлийг бүрдүүлсэн албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

2. Э.Тд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж, гомдолтой байна. Миний хүү тэр өдөр бусдад зодуулж гүйж яваад тийм байдалд орсон. Гэтэл Э.Т нь өчигдөр очиж гомдолтой нь танилцахад “талийгаач согтуу гүйж яваад ийм юм болчихлоо гэж байгааг харахад хэргээ ойлгоогүй, гэмшээгүй байгааг харуулж байна. Тэгэхэд 25 насандаа өөд болсон миний хүү, түүний нялх хүүхэд, бэлэвсэрч үлдсэн эхнэрийг нь огт тоож үзэхгүй, харамсаж гэмшихгүй байна.

3. Иргэний нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой, талийгаач нь “Хүрэн Сухайт” ХХК-д ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, өгөх ёстой хүн нь олддоггүй. Хяналтын хуудас бөглөн ажлаа хийж байсныг гэрч Л.Энхсайхан мэдүүлдэг, харин нас барчихаад ажилдаа очоогүйг, нас барахаас өмнө 2 хоног ажилдаа ирээгүй гэж андуурсан. Миний ач, миний хүүг нас барснаас хойш төрж, тэжээгчээ алдсаны тэтгэмж 171.000 төгрөгөөр тогтоолгосон. Үүнийг яагаад шүүх үнэлээгүйг ойлгоогүй, гомдолтой байна.

            4. Налайх дүүргийн замын цагдаагийн тасгийн дарга, хурандаа Н.Сумъяа мөн тасгийн дарга хурандаа Т.Түвшинбаатар, авто хариуцсан механик /нэр нь үл мэдэгдэх хүн/, жолооч Э.Т нарын 4 хүнд хариуцлага тооцож, хүүгийнхээ амь насанд дүйцүүлж 100.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв дээрх 4 хүн хохирлыг барагдуулж чадахгүй бол байгууллагаас нь нэхэмжилж байна. Уг тээврийн хэрэгслийг хурандаа Т.Түвшинбаатар ажлын бус цагаар өөрөө барьж явж байгаад Э.Төд шилжүүлсэн нь ямар учиртай эсэх, үүнийг шалгаж өгнө үү.

            Шүүгдэгч Э.Т бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож миний хүүгийн амь насыг хохироосон. Бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан байгууллагаас нэг ч хүн шүүх хуралдаанд оролцоогүй.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол төлбөрийг шийдвэрлэх боломжгүй, харин иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Энэ хэрэгт хор уршиг арилаагүй гэж үзэж байна. Амь хохирогчийн ар гэрийн байдлын хувьд, эхнэр нь нялх хүүхэдтэй бөгөөд тэжээн тэтгэх өөр хүнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хүний амь нас эрсдэж, хохирогчийн ар гэрийнхэнд хүндрэлтэй байдал үүссэн тул үүнийг хор уршигт хамааруулж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх явган зорчигчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг харгалзан үзэж, шүүгдэгчид энэ зүйлд заасан оногдуулах ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд шүүгдэгчийн гэм буруугийн байдал, учирсан хор уршигт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

    

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам “Шижир" авто төвийн арын замд 2018 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 22 цаг 34 минутын орчимд Дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Кiа Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтад “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

“а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалтад “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С.Авирмэдийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайханы “...Жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас бид нарын хувьд маш их гомдолтой байгаа. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагаас яагаад бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, Улаанбаатар хотод албаны машинтай явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн хойд тоормос нь бариагүй, урд хоёр тоормос 1,6-1,9 хэмжээтэй байсан. Бид нарын хувьд сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байна. Эхнэр нь байнга зүрхний эм тариа хэрэглэж байгаа. Жолооч нь яагаад 40-50 км/цаг-ийн хурдтай явж болоогүй юм бол гэж бодоод жолоочид гомдолтой байна. Шижир авто угаалгын камерийн бичлэгийг тухайн үед нөгөө талын хүмүүс ирээд аваад явсан байсан. ...” /3хх 60-63/,

 

гэрч Р.Цээлхагвын “...Тухайн өдөр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Насанбатын өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын талаарх ач холбогдол бүхий дүрс бичлэг байгаа эсэхийг тодруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны нутаг дэвсгэр буюу ослын газрын ойр орчмын аж ахуйн нэгж байгууллагын камерын бичлэгийг шалгаж ажилласан. Хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх боломжтой “Хөтөл”, “Цагаан болор” гэх 2 аж ахуйн нэгжийн камерийн бичлэгт үзлэг хийсэн. Үзлэгээр уг зам тээврийн осол болсон газрын ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт “Хөтөл” гэх нэртэй авто угаалгын газар байсан. Уг авто угаалгын газрын баруун дээд буланд, өөрөөр хэлбэл зам тээврийн осол болсон газар луу чиглэсэн байрлалд камер суурьлуулсан байсан. Уг камерийн бичлэгийг шүүж үзэхэд 22 цаг 14 минутанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байснаа ертөнцийн зүгээр зүүн талаас тусгай дуут гэрлэн дохио анивчуулсан тээврийн хэрэгсэл явж байгаад зогссон /тухайн дүрс бичлэгийн камерийн цагаар 22 цаг 14 минут /бичлэг бичигдсэн байсан тул тус газрын эзэн Ч.Эрдэнэтөгөлдөрийг байлцуулан дээрх дүрс бичлэгийг хуулбарлан авсан. Тухайн дүрс бичлэгийн төхөөрөмжийн цаг зөрүүтэй байсан тул илтгэх хуудсанд тусгасан. Мөн зам тээврийн осол болсон газрын замын эсрэг тал буюу ойролцоогоор 80-100 орчим метрийн зайд байрлах “Цагаан болор” авто угаалгын газрын камерийн бичлэгийг шүүж үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэггүй байсан тул тус газрын эзэн М.Эрдэнэбаатарыг оролцуулан бичлэгийг хуулбарлан авч, илтгэх хуудсанд тусгасан. Түүнчлэн зам тээврийн осол болсон газрын ойр орчимд байрлах аж ахуйн нэгж камерийн бичлэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг байгаагүй. Зарим нэг газрын камер ажиллахгүй, ослын газраас хэт алслагдсан зайтай байсан. ...” /1хх 92-94/,

 

гэрч Т.Түвшинбаатарын: “...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албаны “Киа Рио” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай автомашиныг хэлтсийн дарга Н.Сумъяагийн зөвшөөрлөөр Улаанбаатар хотод засвар хийлгэж байсан автомашинаа үзэж, шалгах, Замын цагдаагийн албанд очиж ажил амжуулах зэрэг ажлаар дэд ахлагч Э.Тийн хамт авч явсан. Хотод 20-21 цагийн хооронд орж ирсэн. Тэгж байтал хэлтсээс “маргааш болох дүүргийн баяр наадмын бэлтгэл өглөө 06 цагт зохион байгуулагдана, 06 цагаас өмнө алба хаагчдаа хариуцсан газруудад бэлэн байлгах хэрэгтэй” гэсэн мэдээллийг хэлтсийн жижүүрийн ахлах Г.Алтансүх утсаар хэлсэн. Тэгэхээр нь бид 2 буцъя гэж ярилцсан. Би 21 цаг өнгөрч байхад “Тэнгис” кино театрын хойно байдаг гэрийн үүдэндээ буугаад, Т Баянхошуунд байдаг гэр лүүгээ явчихаад буцаж ирэхээр болоод явуулсан. Гэртээ байж байтал 22 цагийн үед Т “даргаа би хүн мөргөчихлөө” гээд ярихаар нь хэргийн газарт буюу Баянхошууны Хөтөлийн замд яваад очиход манай машин аваараа асаачихсан замын 2 дугаар эгнээнд зогсож байсан. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа болон хөдөлгөөнт эргүүл ирчихсэн байсан. Мөргүүлсэн хүн нь байгаагүй, 103 аваад явсан байсан. ...” /1 хх 100-101, 190-192/,

 

гэрч Ц.Мөнхжаргалын “...Энэ машиныг 2017 оны 5 дугаар сараас хойш миний нэр дээр бүртгэж, хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулж өгсөн. ...Ер нь машины хойд тоормос нь сул барьдаг байсан. Энэ талаар ч хэлээд шинэ наклад солиулж байсан бөгөөд мөн л тийм сайн барихгүй байсан. Тухайн үед шинэ тавьсан наклад нь барьцалдах чадвар муутай юм байна гэж бодож байсан. Түүнээс урд тоормос хэвийн ажиллагаатай байсан. ...” /1 хх 196-198/,

 

гэрч Б.Баасанжавын: “...Намайг уг айлд байж байгаад гарахад талийгаач Авирмэд уг айлын ахтай маргалдаж, хоорондоо хэрэлдээд зууралдаад байхад нь Жамц тэр 2-ыг салгаад Авирмэдийг өмөөрөөд “больцгоо” гээд байсан. Хэсэг хугацааны дараа тэр 2 дахин барьцалдах үед талийгаач Авирмэд, танихгүй ах 2 нэг нэгийгээ цохиж, танихгүй ах Авирмэдийг өшиглөхөд газар унасан. Авирмэд босоод хойшоо зам хөндлөн гарч, ертөнцийн зүгээр зүүн зүгт гүйсэн. Тэгснээ буцаж зам хөндлөн гараад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү замын урд талаар гүйж байгаа харагдсан. Би Жамцад “гэртээ харьлаа” гэж хэлчихээд замын урд талаар зүүн зүгт Авирмэдийн явсан чиглэлд явж байтал замын хойд талд зам тээврийн осол гарсан байсан. Очоод хартал зам дээр цагдаагийн алаг тэрэг зогссон, Авирмэд машины урд талд хэвтэж байсан. Би цагдаагийн алаг тэрэгний жолооч цагдаагаас “энэ хүн яасан юм бэ, машинд мөргүүлсэн юм уу” гэхэд жолооч цагдаа “би мөргөсөн” гэж хэлсэн. ...” /1хх 89-91, 3хх 10-13/,

 

шүүгдэгч Э.Тийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 20 цагт ажлаасаа буугаад хэлтэс дээр очиход манай тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Түвшинбаатар нь Улаанбаатар хот руу явна гэсэн учраас би даргыг хүлээж байгаад хамт явчихъя гээд хэлсэн. 20 цаг 45 минут болж байхад Түвшинбаатар дарга бид хоёр хот руу явсан. Налайхаас гарахдаа дарга машинаа барьж явсан. 22 цагийн орчим би Нийслэлийн Цагдаагийн газрын баруун талд буусан. Намайг Баянхошуу өгсөж зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад миний машины урдуур гэнэт хүн гараад ирсэн. Тэгэнгүүт нь би тоормос гишгихэд урдуур орж ирсэн залуу машины баруун урд талын гуферт цохигдож унасан. Тэр залуу машинд цохигдоод унахдаа зэрэгцээд машин зогссон. Буугаад мөргүүлсэн хүн дээр очиход толгойноос нь цус гоожсон байсан учир 103, 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Би маш их сандарсан байсан, юу ч хийхээ мэдэхгүй шахам зогсоод байсан. Нөгөө мөргүүлсэн хүн ч гэсэн “ёо ёо” гэснээс өөрөөр ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн мөргүүлсэн хүнээс архи үнэртэж байсан. ...” /3 хх 51-54/,

 

шинжээч М.Галбадрахын: “...Манай ашиглаж байгаа багаж нь зөвхөн холын гэрлийг шалгадаг. Ойрын гэрлийг шалгах багаж байдаггүй. Ойрын гэрлийг асааж үзээд асаж байгаа эсэхийг нь шалгадаг. Дүгнэлтийн хуудсан дээр шалгагдаагүй учраас цаанаасаа автоматаар “0” гэсэн тэмдэглэгээ гарч ирдэг. ...Тоормосны аппарат нь бүрэн бүтэн боловч энэ машины тухайд хойд талын тоормос нь барихгүй байсан. ...” /1хх 205-206/ гэх мэдүүлгүүд,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 1445 дугаартай: “...Талийгаач С.Авирмэд нь гавлын баруун чамархай, суурь яс, дагз яс, ухархайн дээд ханын хугарал, тархины зулай, чамархай суурь хэсгийн аалзан хальсан дахь цус харвалт, тархины суурь хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. ...” /1хх 113-116/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 57158 дугаартай “...Уг автомашины урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тоормос, баруун урд дохио, дуут дохио, урд шил баруун доод буландаа хагархай, урд шилний баруун багана хонхойсон, урд копуд баруун урд хэсгээрээ тунарсан, баруун зүүн гар талын урд их гэрлийн хол, ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины тоормосны аппарат, явах анги, шил арчигч, дугуй, толь, жолооны механизм эвдрэл, гэмтэлгүй байна. Уг тээврийн хэрэгслийн хойд тоормос зогсоогүй нь тоормосны мөр уртасгах байдлаар, харин урд их гэрлийн хувьд жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тодорхойлох боломжгүй. Харин бусад эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2018 оны 5 дугаар сарын 23-нд Монгол терминал буюу хувийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. ...” /1 хх 127-133/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 456 дугаартай “Киа Рио” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.” а “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаарт заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:”, 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг:” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /1хх 138-140/,

 

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12/38 дугаартай “...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Киа Рио загварын 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Т нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...З.Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд (4-р хуудас) “уг автомашины баруун талын дугуйны тоормосны мөрний урт 13.2 м... зүүн талын дугуйны тоормосны мөрний урт 16.5 м”, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (6-р хуудас) зэрэг баримтаас үзэхэд Киа Рио загварын 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй байна. 4.Уг зам тээврийн осол нь хэний буруутай үйлдлийн улмаас гарсан болоход техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй. ...” /2хх 135-138/,

 

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 5 шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 12/48 дугаартай “...Жолооч Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 5.2 заалт “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан.” тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Жолооч Э.Т нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй. ...” /2хх 164-166/ гэх дүгнэлтүүд,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-13/,  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 72-73/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 73/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Тийг Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Тийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан. “... Хүүгийнхээ амь насанд 100.000.000 төгрөг  нэхэмжилж байна. Талийгаач хүүгийн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн баримтыг үнэлээгүй, иргэний хариуцагч байгууллагаас хохирол гаргуулмаар байна. ...” гэсэн агуулга бүхий,

 

Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Даваахүү: “... Хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн. Шүүгдэгч Э.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...”гэсэн агуулга бүхий,

 

 Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Ж.Уранчимэг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, мөн хуулийн 7.1 дүгээр  дүгээр заалтыг хэрэглэж өгнө үү. ...”гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайханд оршуулгын зардал 14.702.554 төгрөг  төлсөн боловч түүний үйлдсэн хэргийн улмаас хүний амь нас хохирсон, энэ хор уршиг арилах боломжгүй, талийгаачийн ар гэрийн зүгээс гомдол, саналтай байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Хэдийгээр явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх боловч шүүгдэгч Э.Тийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн баруун, зүүн гар талын урд их гэрлийн хол, ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангаагүй байдлаар үзэгдэх орчныг хязгаарласан болон хойд тоормос зогсоогүй байдлаар хүн мөргөсөн байдал тогтоогдсон тул түүний гэм буруутай үйлдлийн улмаас явган зорчигчийн амь нас хохирсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Явган зорчигч /амь хохирогч/ С.Авирмэд нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а “явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах:  өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 1445 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, талийгаачийн цусанд 1.6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарах /1хх 138-140/ зэрэг хэрэг гарахад явган зорчигчийн /амь хохирогч/ буруутай үйлдэл  нөлөөлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүх тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 1 жил хорих ялыг шүүгдэгч Э.Төд оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Мөрдөн  шалгах ажиллагааны үед, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор  Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийг иргэний хариуцагчаар татсан байна. /2хх 77/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайханы нэхэмжилсэн 14.702.554 төгрөгийг шүүгдэгч Э.Т төлсөн байна.   Мөн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санаа, гэм хорын хохиролд 100.000.000 төгрөг нэхэмжилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагаас иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/919 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ