| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2019/01291/И |
| Дугаар | 181/ШШ2019/01843 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2019/01843
| 2019 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2019/01843 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 116 сургууль холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинд 4.369.680 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, М.П, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.Б миний бие ерөнхйи боловсролын 116 дугаар сургуульд 2016 онд жолооч, сантехникчээр ажилд ороод ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй.
Гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгчээр өмнө нь энэ сургуулийн захирлаар ажиллаж байгаад Авлигтай тэмцэх газрын шалгалтаар ашиг сонирхолын зөрчилтэй гээд халагдсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа маш олон хүмүүсийн хөдөлмөрлөх эрхэнд халдаж ажлаас халж байсан. С.Энхтуяа гэгч ирээд ямар ч хүн халж солихгүй гэж байсан боловч 3 сарын дараагаас ажилчдыг ажилаас халж эхэлсний нэг нь миний бие болоод байна.
Учир нь намайг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б/31 тоот тушаалаар ажилаас халсан.
Хариуцагч 116 дугаар сургуулийн удирдлага ажилаа хийдэггүй болох нь дараах зүйлээр нотлогддог. Жишээ нь хариуцагч анх улсын бүртгэлийн гэрчилгээг 2008 онд авахдаа харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль гэсэн гэрчилгээг авсан байдаг. Түүнээс хойш хүүхдийг эрүүл мэндийн хувьд ялгаварлдан гадуурхах нь хуульд нийцэхгүй гэж үзээд Боловсрол Соёл шинжлэх ухаан, Спортын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/244 дугаартай тушаалаар Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль гэж нэрлэхээр болсон байдаг. Түүнээс хойш улсын бүртгэлийн гэрчилгээгээ солиулахгүйгээр саяхныг хүртэл явсан.
Мөн С.Б нь анх ажилд орохдоо жолооч сантехникчийн ажилд орсон байхад жолоочийн ажилаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 38.1.2., 37.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 37.1., Авто тээврийн тухай хуулийн 10.2.2.,15.1., 15.5., хөдөлмөрийн гэрээний 4.5.2., 4.5.8., сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-, 3 дугаар сарын 222, 3 дугаар сарын 25-ны хурлын шийдвэрүүдийг удирдлага болгосон байгаа нь Балсанд ямар ч хамааралгүй зүйлүүдийг барьсан гэж үзэж байна.
Болсанг ажлаас халсан тушаалд түүнийг мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй гэж байгаа нь анх ажилд ороход нь тавьж болох шаардлагыг хожим тулгаж байна гэж үзэж байна.
2015. 2017, 2018 онуудад үзлэг, оношлогоонд оруулаагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь уг машины эзэмшигч нь Балсан биш сургууль юм.
Мөн жолоочийн хариуцалагын албан журмын даатгалыг ч мөн л байгууллага мөнгө шилжүүлж байж хийлгэх ёстой. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын байранд архидан сонтуурдаг, согтуу үедээ хүүхэд тээвэрлэсэн гэдэгт арга хэмжээ авагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрчихсөн байгаа юмаа.
Хариуцагч сүүлд 3 дугаар сарын 04-ний өдөр архи үнэртүүлсэн, жижүүрт хэлэв, дуудаж уулзах гэж, 1 дүгээр сарын 19-ний өдөр энэ өдөр жолооч Балсан халамцуу жижүүрийн өрөөнд байсан жижүүрт тэмдэглүүлсэн гэж нөхөж биччихээд үүн дээрээ үндэслэж ажлаас халах арга хэмжээ авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилтны согтуу байгаатай тааралдсан л юм бол тэр дор нь зохих байгууллагыг дуудаад согтуу байгааг нь тогтоолгохгүй яасан юм бэ, тийм эрх хэмжээ байгаа шүү дээ. Ажлаас халсан тушаалд архи уусан байдалтай байсан гэж байгаа болохоос архи уусан нь тогтоогдсон гэж байхгүй, архи уусныг нь тогтоож байж арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан жолооч, сантехникчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалинд 4.369.680 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
С.Б-г 2019 оны 3 сарын 25-ны өдрийн Б/31 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 116 дугаар сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн жолоочийн ажлаас нь чөлөөлсөн.
Жолооч С.Б нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, 2015, 2017, 2018 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд сургуулийн автобусыг хамруулаагүй, 2015, 2016, 2018, 2019, онуудад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, ажлын байран дээр архидан согтуурч, согтуу үед хүүхэд тээвэрлэсэн зэрэг нь хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгэсэн буюу Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн болно.
С.Б нь ажлын байранд архидан согтуурсан, согтуу байхдаа тээврийн хэрэгсэл жолоодохоор ажилдаа ирсэн, жолоодсон зэрэг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон.
Ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тухайн үеийн жижүүрийн дэвтэрт хийсэн тэмдэглэгээ болон 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/58 дугаартай С.Бд сануулах арга хэмжээ авах тухай Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захиралын тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай С.Бд арга хэмжээ авах тухай захирлын тушаал, 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр ажлын цагаар болон ажилтай үедээ архи хэрэглэхгүй байхыг албан ёсоор амалсан талаар гаргасан бичгээр гаргасан амлалт зэргээр нотлогдож байгаа болно.
С.Б нь жолоочоор ажилдаг бөгөөд ажил үүргийнхээ хуваарийн дагуу сургуулийн хүүхдийг зөөдөг автобусны бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн үзлэг оношилогоонд бүрэн хамруулж, хүүхдүүдийг эрүүл аюулгүй, тайван зорчуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь С.Бгийн бичиг баримтанд хийсэн үнэлгээ, тухайн үеийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний тэмдэглэл зэргээр ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэдэг нь нотлогдож байна.
Манай сургууль нь бусад сургуулиас харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг гэдгээрээ онцлогтой сургууль бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тээвэрлэдэг жолооч нь маш хариуцлагатай албан тушаалд тооцогддог.
Манай сургуулийн нягтлан мөнгө шилжүүлээгүй удсанаас улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019 оны 5 дугаар сард ерөнхий боловсролын 116 дугаар сургууль гэж өөрчлөгдсөн.
Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль 2018 оны 12 дпугаар сарын 20-ны өдрийг хүртэл удирдлагагүй явж ирсэн.
Балсан сургуулийн хүүхдүүд амарч байхад жижүүрийн өрөөнд толгой дээгүүрээ хуччихсан согтуу унтаж байсан. Балсангаас сантехникчийн ажлыг нь аваад Мөнхбаатарт өгсөн байсан. Сүхбаатар дүүргээс над руу яриад танай сургуулийн автомашин хүүхэд тээвэрлэх зөвшөөрөлтэй автомашины бүртгэлд бүртгэлгүй байна гэж хэлсэн, үүнийг би Балсан болон нягтланд хэлсэн. Балсанг анх ажилд ороход нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх ав гэсэн шаардлагыг тавьж байсан боловч биелүүлээгүй юм. Балсан байнга намайг хавчиж байна гэдэг, танхайрдаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй тул сануулах болон цалингийн хувь хасах шийтгэлийг удаа дараа ногдуулсан боловч засардаггүй юм. Баярсайхан даргад архи уусан үедээ баригдаж дахин архи уухгүй талаар амлалт өгсөн байдаг.
Балсанг ажлаас халсан нь багийн шийдвэр юмаа. Захирлын зөвлөлийн хурлаар архи уусан нь тогтоогдсон тул ажлаас нь халсан. 2017 онд Эрхэс гэдэг хүүхдийн гомдлоор Балсанг шалгахад архи уусан нь тогтоогдож 300.000 төгрөгөөр торгоод, цагдаа машиныг нь барьж ирж байсан удаатай, энэ тухай баримтыг авч ирэх гэсэн боловч архивт байхгүй болохоор боломжгүй болсон. Жижүүрийн дэвтэрт нөхөж бичсэн гээд байгаа зүйлийг би өөрөө бичсэн, нөхөж бичсэн зүйлгүй, тухайн үед харсан зүйлээ л бичсэн. Манай сургууль Нүрзэд, Энхтуяа, Баярсайхан, Энхзул гээд захирлуудтай байсан . Эдгээр захирлуудын үед мөн л архи уугаад арга хэмжээ авагдсан байдаг.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал байнга хангагдаж хүүхдүүдийг тээвэрлэж буй жолооч нь архи ууж согтуурдаг байх нь маш эрсдэлтэй учир С.Бг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд ажлаас халсан тушаал нь үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч /ажилтан/ С.Б нь хариуцагч /ажил олгогч/ Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн жолооч, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилүй байсан хугацааны буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалинд 4.369.680 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн жолоочоор ажиллаж байсан С.Бг мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, 2015, 2017, 2018 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд сургуулийн автобусыг хамруулаагүй, 2015,2016,2018,2019 онуудад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын байран дээр архидан согтуурч, согтуу үедээ хүүхэд тээвэрлэсэн үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б/31 дугаартай тушаал, тус байгууллагын захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл , хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 10,21-33,108-128-р хуудас/
Нэхэмжлэгч С.Б нь тус сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалаар жолоочийн ажилд орж, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар тус сургуулийн цахилгаанчны ажлыг хавсран гүйцэтгэхээр болж, үндсэн цалингийн 40 %-ийг нэмэгдлээр олгохоор болжээ./хх-ийн 7, 79-р хуудас/
Мөн сургуулийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус сургуулийн жолооч сантехникчээр ажиллаж байгаа С.Бгийн сантехникчийн ажлыг хавсран гүйцэтгэж буй цалингийн нэмэгдэл 40%-ийн нэмэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хасаж тооцохоор болж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/34 тоот тушаалаар Э.Мөнхбаатарыг цахилгаанчин, сантехникчийн ажлаас чөлөөлсөн зэргээс үзэхэд С.Б нь тус сургуульд жолоочоор ажиллаж байсан гэж үзэхээр байна. /хх-ийн 8, 86-р хуудас/
Ажилтан С.Б нь тус сургуульд ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/58 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 10%-иар бууруулах арга хэмжээ авагдаж байжээ. /ХХ-ийн 50, 51,130-136-р хуудас/
Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх арга хэмжээнүүдийн талаар маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн болно.
Ажилтан С.Б-г ажлаас халсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцэх учиртай.
Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байх тул тушаалд дурдагдсан зөрчил тус бүр дээр нь дүгнэлт хийлээ. Үүнд:
-мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй гэдэг нь ажилтан С.Б-г анх 2015 онд жолоочийн ажилд авахдаа тавьж, уг шаардлагыг хангуулах боломжтой шаардлага байсан төдийгүй, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг авсан байна. /хх-ийн 79,81-р хуудас/
Мөн хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдгийг дурдах нь зүйтэй.
-2015, 2017, 2018 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд сургуулийн автобусыг хамруулаагүй, 2015, 2016, 2018, 2019 онуудад жолоочийн хариуцалагын албан журмын даатгал хийлгээгүй гэдэгт ажилтны буруу зохих хувиар байгаа ч ажил олгогчийн буруу зонхилж байна. /хх-ийн 44-46, 48-49,54,55,59-61 р хуудас/
-ажлын байран дээр архидан согтуурч, согтуу үед хүүхэд тээвэрлэсэн гэдгийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж болох боловч яг хэдний өдөр архидан согтуурч, согтуу үедээ хүүхэд тээвэрлэсэн болох нь хариуцагчийн тайлбар, тус сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07, 3 дугаар сарын 22, 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд болон жижүүрийн дэвтрээр бүрэн нотлогдохгүй байна. /хх-ийн 62, 67-69, 120-129-р хуудас/
Тус сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар С.Б-г мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, 2015, 2017, 2018 онуудад оношлогоонд ороогүй, төв замаар явах зөвшөөрөл байхгүй, жолоочийн хариуцлагын даатгал байхгүй, техникийн үзлэгт ороогүй, ажлын байран дээр архи хэрэглэх асуудал удаа дараа гаргасан, арга хэмжээ авахуулж байсан, дотоод журам зөрчдөг, захирлын өрөөнд дураараа авирладаг гээд дээрх зөрчлүүдийг арилгах 7 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг үл биелүүлсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх, мөн архи удаа дараа уусан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасанд арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 124-127-р хуудас/
Мөн сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар С.Б-г 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, үе үеийн захирлуудын үед архины асуудалтай хүн, 2 удаа согтуу байхад нь таарсан, удаа дараа архи ууж арга хэмжээ авахуулдаг, архи уусан үедээ сургууль дээр ирж багш болон бусад хүмүүсийг хэл амаар доромжилдог гэх мэт зөрчлүүдийг ярьж жолооч С.Б нь Авто тээврийн тухай хуулийн 10.2.2.,15.1, 15.5 дах заалтуудыг зөрчсөн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлээгүй , сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчиж сахилгын арга хэмжээ авагдсан атлаа дутагдлаа засахгүй байгаа тул ажлаас нь чөлөөлөх тушаал гаргахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 122,123-р хуудас/
Мөн сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар дээрх зүйлүүдийг давтан ярилцаж С.Бг мөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /хх-ийн 120,121-р хуудас/
Дээрх бүхнээс дүгнэхэд Ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд жолооч ажилтай С.Б нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилийг хэдний өдөр гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, хурлын тэмдэглэлүүд болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд хангалттай нотлогдохгүй байна. /хх-ийн 3-10, 21-32, 44-45, 48-55, 59-62,67-69, 81,108-119,120-127-р хуудас/
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийг хангах үндэстэй.
С.Б-г Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 5 сар 24 хоногийн цалинд 4.256.402 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
/790909+634559+662275=2.087.743 төгрөг, 2.087.743:3=695.914 төгрөг, 695.914:21,5=32.368 төгрөг, 695.914х5сар=3.479.570 төгрөг, 32.368х24хоног=776.832 төгрөг, 3.479.570 төгрөг +776.8326 төгрөг =4.256.402 төгрөг/
Хариуцагч /ажил олгогч/ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч /ажилтан/ С.Б-г ажлын байранд архи ууж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь Монгол улсын хэмжээнд байдаг цорын ганц харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль бөгөөд тус сургуулийн үе үеийн захирлууд болох Э.Нүрзэд, С.Энхтуяа, Э.Энхзул, Баярсайхан нар нь ажилтны гаргаж буй зөрчилд тухайн үед нь хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авч ажиллаж байгаагүйд ажилтан С.Б-г буруутгах боломжгүй юм.
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар С.Бгийн сантехникчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан цалингийн 40 %-ийн нэмэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хасаж тооцохоор болсон байх тул сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэснийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэсгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан С.Б-г Ерөнхий боловсролын 116 дугаар дунд сургуулийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 4.256.402 / дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хоёр/ төгрөг гаргуулж С.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.278 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83052 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО