Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/1462/Э |
Дугаар | 2023/ШЦТ/363 |
Огноо | 2023-03-23 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/363
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Лхагвасүрэн, хохирогч С.Б, шүүгдэгч Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1541 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овгийн Д-ийн О, 1988 оны ** дүгээр сарын **-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, тэрээр урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 capын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;
- Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг эзэмших эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах *** тоотод “эхнэр өмөөрлөө" гэх шалтгаанаар хохирогч С.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, харааны мэдрэлийн хаван, зүүн нүдний харааны бууралт 0.2, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Д-ийн О нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 2022 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах *** тоотод эхнэртэйгээ маргаж байхдаа “эхнэр өмөөрлөө” гэх шалтгаанаар хохирогч С.Б-ын нүүр лүү гараараа олон улаа цохиж, нүцгэн хөлөөр толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж, түүний зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, харааны мэдрэлийн хаван, зүүн нүдний харааны бууралт 0.2, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Хохирогч С.Б-ын “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах *** тоотод гэртээ эхнэр хүүхдийн хамт амарч байхад эмэгтэй хүн орилж байгаа чимээ сонсогдсон. Эхнэр бид хоёр босоод гарах гэхэд өөдөөс манай хөрш бөгөөд хамт ажилладаг Э-гийн эхнэр А гэрээсээ гарч ирээд манай гэрт манай байгууллагад ажилладаг Л нь нөхөртөө зодуулаад байна гэхээр нь салгах гээд хаалгыг нээгээд ороход, Л-гийн нөхөр нь миний зүүн нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад, би тонгойход миний толгой руу гараа зангидаж байгаад 7-8 удаа цохиход би газар унасан. Тэгээд миний дээрээс толгой руу нүцгэн хөлөөр дэвсээд байсан. Тэр залуу согтуу байсан. Д.О нь эмчилгээний зардалтай холбоотой 500,000 төгрөгийг надад өгч хохиролгүй болгосон байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 30-31 дэх тал);
- Гэрч Ө.Л-гийн “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой миний бие өөрийн нөхөр Д.О-тай гэр бүлийн маргаан үүсгэсэн. Д.О нь өдөр манай найзуудын хажууд архи уучхаад намайг муулаад байсан. Тэгээд орой гэрт ирээд би энэ тухай нь хэлээд маргаан болсон. Улмаар би хөрш найз А-ын гэрт орсон. Араас нөхөр дагаж орж ирээд намайг “гаръя” гээд түлхсэн бөгөөд би орцонд гарсны дараа дахиад түлхээд байхаар нь чанга орилчихсон юм. Тэр үед манай ажлын газрын ах С.Б гэрээсээ гарч ирээд бид хоёрыг болиулах гэж оролдсон. Гэтэл манай нөхөр зөрүүлээд 2-3 удаа цохиж зодож улмаар ноцолдсон юм. Манай нөхөр намайг цохиж зодсон зүйл байхгүй, зүгээр л гэртээ оруулах гэж түлхсэн. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал);
- Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 241 дугаартай “...хохирогч С.Б-ын биед зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, харааны мэдрэлийн хаван, зүүн нүдний харааны бууралт 0.2, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хааны мэдрэлийн хаван гэмтлүүдийн улмаас зүүн нүдний хараа 0.2 болж буурчээ. Уг харааны бууралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 20 хувь нөлөөлөх тул 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 107-109 дэх тал);
- Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би гэр бүлийн дундуур орлоо гэж уурласандаа С.Б-ыг хэд хэдэн удаа цохисон нь үнэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байхын зэрэгцээ нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссаны дараа прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байх боловч шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед шүүх эмнэлгийн шинжилгээ бүрэн бус хийгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хохирогчийн биед нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэсэн болно.
Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч нэмэлт шинжилгээг хийсэн ба 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 241 дугаартай дүгнэлтээр “...С.Б-ын биед зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, харааны мэдрэлийн хаван, зүүн нүдний харааны бууралт 0.2, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн улмаас зүүн нүдний хараа 0.2 болж буурчээ. Уг харааны бууралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 20 хувь нөлөөлөх тул 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгох, түүний ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хэргийн талаар мэдүүлэг өгөх эрхийг нь хангах ажиллагааг гүйцэтгүүлж, прокуророос дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр хэргийг дахин эхнээс нь хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүгчийн захирамжийн дагуу хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээгээр хохирогч С.Б-ын биед учирсан гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварыг 20 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Б-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд харилцааны үл ойлголцол болон бусдын зүй бус үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Д.О-ын өөрийнх нь согтуурсан байдал, эр эмийн хардалтаас үүдэлтэй буруу ойлголт нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.О-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.О гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,700,000 төгрөг өгсөн, хохирогч С.Б нь өөрт учирсан хохиролтой холбоотой 15,000,000 төгрөгийг баримтгүйгээр нэмж нэхэмжилж байна. Иймд хохирогч нь эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.О-аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн би, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Д.О-т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Д.О нь хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогчийн зүгээс баримтгүйгээр 15,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хийсвэр зүйл нь нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байх тул түүнийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогч: “...Нэгэнт ийм зүйл болсон. Бид нэг газар ажиллаж байгаа хүмүүс. Иймд шүүгдэгч Д.О-ын ажлаа хийх боломжийг хязгаарлахааргүй боломжтой хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нь хохирогч С.Б-д ямар ч шалтгаангүйгээр хохирол учруулсан гэж бол хэлэхгүй. Шөнөөр эхнэр лүү нь чат бичиж байсан талаар хохирогч өөрөө ч мэдүүллээ. Хэдий буруу ойлгосон ч гэсэн тэр нь асуудал болж үлдсэн байсан. Гэр бүлийн хүмүүсийн хооронд маргаантай байх үед нь дундуур нь дахин хардаж байсан хүн нь ороод ирэхэд уураа барьж чадалгүй гэмт хэрэг үйлдсэн байна. Хохирогчийн эмчилгээнд өөрийнх нь яриад байгаа мөнгө үнэхээр гарна гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгсөнгүй. Хуулийн үүднээс авч үзэхэд хохирогчид баримтгүйгээр 15 сая төгрөг өгөх боломжгүй. Шүүгдэгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн шүүхээс 2 жилийн тэнсэн, 1 жил эрх хасах ялаар шийтгүүлсэн нь Өршөөлийн хуульд хамрагдсан тул ямар нэгэн хууль зүйн үр дагавар байхгүй. Мөн шүүгдэгчийн хувьд одоогоор төлөх төлбөргүй байна...” гэв.
Шүүгдэгч : “...Хохирогчийг гэмтээсэндээ харамсаж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 17-19 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39/83 тоот албан бичиг (хавтаст хэргийн 35 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 41-42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/252 тоот албан бичиг (хавтаст хэргийн 45 дахь тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 46-55 дахь тал), Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 59-64 дэх тал), Хэнтий аймаг дахь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай” тогтоол (хавтаст хэргийн 70 дахь тал), Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1453 тоот албан бичиг (хавтаст хэргийн 71 дэх тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 95-99 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 3,700,000.0 төгрөгийг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О-т Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг эзэмших эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолоор шүүгдэгч Д.О-ын тэнссэн хугацааны үлдэх хэсэг болох 1 жил 8 сар 12 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Х овгийн Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-т сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч С.Б-д 3,700,000.0 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлсөн бөгөөд энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА