Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

 

 

   2023          03          22                                     2023/ШЦТ/231

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Хохирогчийн төлөөлөгч: ***,

Шүүгдэгч: ***өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205037040220 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмаз” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч ***ын толгойн тус газарт шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь хацар, хоншоор, зүүн ухархайн ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ныг шилжих шөнө найзуудтайгаа “Алмаз” бааранд орсон. Бүжгийн талбайд ганцаараа байсан. 3-4 залуучууд Солонго гэх эмэгтэй найзыг дундаа хийж, биед нь хүрээд байхаар нь нөхөртэйгөө явж байгаа та нар өөр газар бүжиглэ гэсэн. Би нилээн согтолттой байсан. Солонго найзыг авч гарах гэж үзсэн, тэгээд *** гэдэг залуутай маргалдсан. *** гэдэг залуу намайг түрүүлээд цохисон. Маргалдаад салчхаад байж байгаад нөгөө найз нар нь бүгдээрээ над руу дайрахаар нь би архины шил аваад хохирогчийг цохисон” гэв.

Хохирогчийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...11 дүгээр сарын 08-ны өдөр Солонгос улс руу явах гэж байсан. Онгоцны билет зэрэг бүх зүйлээ авчихсан байсан. Өнөөдрийг хүртэл ийм байдалтай байна. Хохирлын тодорхой хувийг барагдуулсны дараа шүүх хурлыг үргэлжлүүлж болох болов уу. Сувилалд 650.600 төгрөгөөр хэвтсэн, эмчилгээний баримт нь 2.620.000 төгрөг, нэмэлт эмчилгээ хийлгэсэн. 79.000 төгрөг унааны зардал, нуруунд эмчилгээ хийлгэсэн. Аптект хувь хүнээр авах уу, байгууллагаар авах уу гэхээр нь аж ахуй нэгжээр авъя гэсэн. Нийт 4.694.423 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний 23 цаг 50 миунтад Модны хоёрын Алмаз гэх нэртэй бааранд найз ***ын хамт бүжиглэж байхад тухайн бааранд байсан үл таних эрэгтэй бүжгийн талбайд байхад толгойн зүүн хэсэгт цохисны улмаас толгой хагарсан. ...миний толгойны хэсгээс их хэмжээний цус алдсан учраас 103 дуудаж Гэмтэл согог судлалын төвд үзүүлж толгойн зүүн хэсэгтээ 4-5 оёдол тавиулсан. Би бүжиглэж байхдаа ямар нэг хүнтэй маргалдаж муудлцсан асуудал байгаагүй. ...миний биед зүүн хацрын яс болон зүүн нүдний ухархайн яс хугарсан мөн толгойн зүүн хэсэгт хуйх язарч оёдол тавиулсан. Энэ гэмтлүүдийг надад дөрвөлжин хээтэй эрээн өнгийн цамцтай залуу намайг пивоны шилээр цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Шинжээчийн 15258 тоот дүгнэлтэд: “...***ын биед хацар, хоншоор, зүүн ухархай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хацар, хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн ухархайн ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 33-34/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...эрээн цамцтай байсан залуу нэг ширээн дээрээс пивоны шил аваад бүжгийн талбай руу очиж үсээ боосон залууг шилээр нэг удаа цохив...” гэжээ /хх-н 13-14/,

Яллагдагчаар ***мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр найзуудын хамт Алмаз бааранд орсон. Найз Солонгоог өмөөрч хэсэг залуучуудтай маргалдсан. Тухайн залуучуудын нэг нь эхлээд намайг цохисон. Тэгээд би маргалдаад уурандаа нэгнийх нь толгой руу пивоны шилээр цохисон. Би тухайн үед согтуу байсан ...Наранбаатарын биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Наранбаатарын нүүрэн тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Мөн пивоны шилээр нүүрний зүүн хэсэгт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 79/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-н 8-10/, хохирлын баримтууд /хх-н 48-58/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-70/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмаз” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч *** болон түүний найз нартай маргалдсаны улмаас хохирогчийн толгойн тус газарт гараараа болон шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь хацар, хоншоор, зүүн ухархайн ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *** болон түүний найзуудтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөн толгой тус газар нь гараараа болон пивоны шилээр цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***хохирогч ***ыг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** нь Бүгд найрамдах Солонго Улс руу явах болсон тул өөрийн эх ***г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн тул хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх *** тогтоогдсон байна.

Хохирогчийн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс нийт 4.694.423 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирогчийн эм тариа авсан, эмчилгээ хийлгэсэн болон бусад зардлууд болох нийт 3.649.768 төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч ***д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх баримтуудад хохирогчийн сувлалд хэвтсэн, эмнэлэгт үзүүлэх зэрэгт гарсан шатахууны зардал мөн Бүгд найрамдах Солонгос Улс руу явах байсан онгоцны тийз буцаасан зөрүү зэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан зардалд тооцсон болно.

Учир нь хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас гэмтэл аваагүй бол дээрх зардал гарахгүй байсан гэж шүүх үзлээ.

Харин хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалинг хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн гаргуулах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт хохирогч “Дархан Үйлс” ХХК-д ажилладаг гэх баримт авагдсан ба нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийн төлөөлөгч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй тул цалинтай холбоотой нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Иймд хохирогч нь дээрх нэхэмжилсэн хохирол, мөн хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.700 нэгж буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгэнлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.700 нэгж буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1.700 нэгж буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 3.649.768 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч ***д олгосугай.
  6. Хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР