Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/207

 

 

 

 

   2023          03          16                                     2023/ШЦТ/207

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Онон,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000171 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч ***нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файр нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч ***ыг зодож түүний биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр, доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Найзуудтайгаа уулзаж байхад хоёр залуу ирж маргаан гарч гадаа гарсан. Гараад учир зүггүй нэгнийгээ цохисон зүйл байхгүй. Тэгээд эргэж орж ирээд зогсож байхад *** найзтайгаа ирээд ар талаас татаж гаръя гэсэн. Дахин гараад учир зүггүй зодолдоогүй, маргалдчихаад буцаж орсон. Тэгээд найзыгаа үлдсэнийг мэдээд буцаж гарахад Тэнгисийг зодоод байна гэхээр нь би очсон. Тэгээд очиход элэг, бөөр рүү цохисон. Дээд, доод шүд хугарсан. Шүдээ янзлуулахад 2.800.000 төгрөгийн зардал гарна гэсэн. Нийт 3.417.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз ***, ***, *** нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файр нэртэй бааранд Экс нэртэй 0.75 литрийн хэмжээ бүхий нэг шил архи аваад хувааж ууцгаасан. Би ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь зүс таних *** гэх эмэгтэй ирсэн байсан. Тэгээд юм яриад сууж байсан чинь үл таних 2 залуу хүрч ирээд ***ыг явъя гэж хэлсэн чинь *** явахгүй гэж хэлсэн. Тэгээд бүгд гарцгаасан. Гадаа байж байсан чинь үл таних 2 залуу явлаа гээд ***, найз ***, ***, *** бид нар буцаад бааранд орж ирээд байж байсан чинь үл таних 2 залуу орж ирээд гаръя гэж хэлээд намайг татаад байсан. Би найзууд дээрээ очоод тэд нарт хандаж намайг дуудаад байна гэж хэлсэн чинь найзууд бөөндөө гаръя гэж хэлээд бөөндөө гарсан. Гадаа зогсож байгаад би найз ***, *** нарын хамт баар руу буцаад орсон бөгөөд ***ыг байхгүй байгааг санаад гарсан. Баарны гадаа зогсож байсан чинь *** над дээр хүрч ирээд ***ыг зодоод байна гэж хэлээд баарнаас 100 м зай заасан. Тэгээд би очих үед үл таних 2 залуугийн нэг нь над дээр хүрч ирээд миний элэг хэсэг рүү цохиод тонгойх үед нүүр хэсэг рүү цохиод намайг зодсон. ...Намайг *** гэх нэртэй хүн ганцаараа зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

 Гэрч Ц.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “......*** хүрч ирээд бид нарт хандаж намайг танихгүй хүмүүс дуудаад байна гэж хэлээд бөөндөө гарсан. Гадаа зогсож байгаад ***, ***, *** нар нь баар руу буцаад орсон. *** надад хандаж миний ороолт, утсыг аваад явсан, хоёулаа очоод аваад ирье гэж хэлээд бид хоёр баарнаас 100 м зайд байх үл таних 2 залуу, 1 эмэгтэй дээр очих үед тэр залуучууд над руу дайрч намайг цохисон. Энэ үед найз *** ирж байгаа харагдсан чинь найз *** толгойгоо бариад замын хашлага дээр сууж байсан, тэгээд салцгаасан. ...надад гэмтэл бэртэл байхгүй. Би гомдолгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...үл таних 2 залуугийн намхан махлаг нь надтай зууралдсан. Туранхай өндөр нь манай найз руу очиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “......Үлдсэн 2 залуугийн нэг залуу /***/ надад хандаж “чи ханахын хүн бэ” гэж асуухаар нь “би Хөвсгөл аймгийн хүн байна, зодоон хэрэггүй шүү дээ” гэж хэлсэн чинь үл таних залуу /***/ над руу тулж зогсоод “Хөвсгөл гэж юу байдаг юм” гэж хэлээд намайг хавирах үед би газар унасан. Би газраас босож ирэх үед тэр залуу миний хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохих үед найз *** хүрч ирээд үл таних залууг татаад авах үед үл таних залуу ***тай ноцолдож байгаа харагдсан. Тэгээд би нөгөө залуутай маргаж байгаад харсан чинь найз *** үл таних залуугийн нүүр хэсэг рүү нь цохиж харагдсан, тэгээд салцгаасан. ...*** гэх хүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Зодоон манай найз *** болон тэр 2 дунд болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 1852 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн дээр 1-р, доод 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 27-28/,

Яллагдагчаар Ц.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...найзыгаа өмөөрч тэр залууг холдуулах үед тэр над руу дайраад байсан. *** намайг заамдаж аваад байхаар нь би түүнийг дахин цохисон. Тэгээд салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 45-46, 49-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файр нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч ***ыг зодож түүний биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр, доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Ц.***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж улмаар түүнийг цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч С.Дагвабазрын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүдэнд эмчилгээ хийлгэх “Даймонд мед премьер эстеткс ХХК”-ний нэхэмжлэх зэрэг хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн 3.417.000 төгрөгийг шүүгдэгч Ц.***гаас гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь хавтаст хэрэгт авагдсан “Даймонд мед премьер эстеткс” ХХК-ний нэхэмжлэхэд дурьдсан эмчилгээнд хамрагдаагүй боловч тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн шүдэнд гэмтэл учирсан мөн шүүгдэгч нь тухайн хохирлыг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ц.***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын санлаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***гаас 3.417.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР