Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/255

 

 

 

 

 

  2023          03          30                                     2023/ШЦТ/255

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Б.Билгүүн /томилолтоор/,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000000335 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Баясалт” хүнсний дэлгүүрт хохирогч ***тэй “эмэгтэй хүн дээрэлхээд байна” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа толгой хэсэгт нь цохиж биед нь зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн худалдагчид мөн утаснаасаа дансаа харуулаад ингээд 2 удаа гарсан байна гээд үзүүлж байхад худадагч наадах чинь угаасаа чиний дансанд буцаагаад орчдог юм гээд байсан. Худалдагч бид нээх маргалдаагүй ярилцаад зогсож байтал тухайн дэлгүүрийн арын өрөөнөөс 34-36 орчим насны 175-176 орчим өндөр дунд зэргийн биетэй бэлтгэлийн хувцастай саравчтай малгайтай малгайгаа хойш харуулсан байдалтай өмссөн залуу гарч ирээд шууд над руу зандрангуй хандаад юу болоод байгаа юм бэ гээд надаас асуусан. Би тухайн залууд болсон зүйлийг тайлбарлахад тухайн залуу ойлгохгүй над руу “чи эмэгтэй хүн дээрэлхэх гээд байна уу” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, та нар ийм зүйл болчихоод байхад миний утсны дугаарыг авч үлдээд эргэж холбогдож болдоггүй юм уу гээд асуугаад тухайн залууд би өөрийн дансны хуулгыг харуултал тухайн залуу над руу буцаагаад орчино гээд л маргалдаад байсан. Тэгээд бид 2 маргалдаж байхад тухайн залуу гараараа миний нүүр рүү цохиод авсан. Би доош хараад тухайн залууг босоогоороо тэврэх гэж үзтэл намайг үсдээд миний нүүр толгой руу хэд хэдэн удаа цохисон, яг хэдэн удаа цохисныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд тэр залуу манай нөхөртэй маргалдаж байхаар нь би тэр залууд тайлбарлаж хэлтэл над руу “чи битгий хуцаад бай” гэж хэлэхээр нь манай нөхөр уурлаад тэр залуутай барьцалдаж аваад баруун гараараа мөн зүүн гараараа түүний хацар руу цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...*** нь хохирогч ***ийн нүүр хэсэг рүү цохиж ...Тэнгисийн нүүр хэсэг рүү дахин нэг удаа цохих оролдлого хийх ба *** ***ын хүзүү хэсгээс заамдсан байдаалтай байгааг харуулав. ...*** нь хохирогч ***ийн үснээс зулгаан доошоо дарж байгаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиж байгааг харуулав...” гэжээ /хх-н 24-31/,

Шинжээчийн 2401 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-н 17-18/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэдмэглэл /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 22-23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-73/, хохирогчийн хүсэлт /хх-н 83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Баясалт” хүнсний дэлгүүрт хохирогч ***тэй “эмэгтэй хүн дээрэлхээд байна” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа толгой хэсэгт нь цохиж биед зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***тэй маргалдаж түүнийг цохиж, зодсоны улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг зодож шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогч ***ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 83/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР