Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/261

 

 

 

    2023          04          05                                     2023/ШЦТ/261

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000257 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч ***нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооо, 42 дугаар байрны гадаа “миний нөхөр ***тай гэр бүлээс гадуур харилцаа тогтоолоо” гэх шалтгаанаар ***ын үснээс нь зулгааж, ар нуруу хэсэг, дух, нүүр хэсэгт нь цохиж, маажиж эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, баруун хацар, хүзүү, дух, баруун гарын сарвуу, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж манай нөхөртэй уулзаж эхэлсэн. 10 дугаар сарын 10-ны өдөр манай нөхрийн гар утас нь холбогдохгүй байсан. *** гэдэг хүн манай нөхрийг гэр бүлтэй гэдгийг анхнаасаа мэдэж, манай гэрт ирж байсан. Манай нөхрийг дагуулаад хөдөө явчихсан байсан. Нөхрийнхөө ажлын газар руу залгаж асуухад нэг дугаараас залгасан гэхээр нь тэр дугаар руу нь залгахад тэр эмэгтэй гар утсыг нь авсан. Сансарын подвалд оёдлын цехэд амьдардаг байсан. Тухайн газар 2-3 удаа очиж өөртэй нь уулзахад бид хоёр 1, 2 дахь удаа алдсан, 3 дахь удаагаа алдахгүй, дахин ийм асуудал гаргахгүй гэсэн. Тэрнээс хойш манай нөхөр гэртээ ирэхгүй байсан. 01 дүгээр сарын 30-ны өдөр манай эгч над руу залгаж танай нөхөр энд нэг хүүхэнтэй хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд очоод уулзах гэтэл нилээн согтуу гарч ирсэн. Тухайн өдөр хүйтэн байсан учраас хүүгээ дуудсан. Үйлчлэгчээс нь асуухад сайн мэдэхгүй байна гэхээр нь хажуу талын дэлгүүр рүү орж худалдагчаас нь гар утсанд дээрх зургаа үзүүлж энэ хоёр хүн орж ирдэг үү гэж асуухад байнга орж ирж архи авдаг гэж хэлсэн. Манай нөхрийн гар утсыг ломбардад 2 удаа тавьсан байсан. Согтуу гарч ирэхээр нь машинд суучих гэж хэлэхэд суухгүй гэсэн. Манай нөхрийн гар утсанд өөрийнхөө фейсбүүк хаяг, дугаараа хийсэн байсан. Тэрнээс болж хэрүүл болсон...” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *** гэх хүнтэй 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцаад уулзах болсон. 10 дугаар сарын дундуур гэр бүлтэй гэдгийг нь мэдсэн. ...гэр бүлээс гадуур харилцаатай болсон. ...манай гэрт надтай хамт амьдардаг болсон. ...***ы эхнэр болох *** нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бид хоёрын харилцааг мэдээд над руу залгасан. Би утсаа аваагүй, дараа нь дугаараа нууцлаад залгаад байхаар нь аваагүй. *** бид хоёр манай гэрээс 14 цагийн үед гараад явж байхад манай байрны гадаа ***ы эхнэр, тэдний хүргэн хоёр зогсож байсан. Эхнэр нь шууд над руу дайраад миний толгой руу тортой зүйлээрээ 6-7 удаа цохиод гараараа миний толгой, нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед *** зугтаад яваад өгсөн байсан. Хүргэн нь машиндаа суусан байсан. Эхнэр нь намайг чирээд машинд суулгах гэхээр нь би суугаагүй. Намайг ***ыг олж ир гээд хайгаад явж байгаад би зугтсан. Гэтэл араас “наадах хүнээ бариад ав, утасны хулгайч” гээд орилсон. Тэгтэл нэг хүн намайг бариад авсан чинь нөгөө хүүхэн араас ирээд намайг машиндаа суулгаад, манай гэрийн гадаа очиход *** цаанаас согтуу гарч ирээд ...бид хоорондоо муудалцаад *** гэр рүүгээ очиж эхнэртэйгээ амьдрахаар болсон. ...миний биед *** нь гэмтэл учруулсан. Өөр хүн зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...хадам ээж *** над руу залгаад 10 дугаар хороолол руу явчихаад ирье гэж хэлсэн. Би ээжийг гэрээс нь очиж аваад 10 дугаар хорооллын 42 дугаар байрны үүдэнд зогссон. Тэнд 1 цаг орчим хадам аав ***ыг хүлээж зогссон. Тэгтэл хадам аав үл таних эмэгтэйн хамт байрны подволоос гарч ирээд байрныхаа булан тойроод алхтал ээж машинаас буугаад араас нь гүйгээд явчихсан. Би араас нь байрны араар тойроод яваад очтол аав байхгүй, ээж нөгөө эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байсан. ...би тэр хавиар аавыг хайгаад явж байгаад ирсэн. ...намайг яваад ирсний дараа ээж нөгөө эмэгтэйтэй хамт аавыг хайна гээд явсан. ...тэр хоёр яваад 30-40 минутын дараа ээж тэр эмэгтэйтэй хамт ирсэн. Нөгөө үл таних эмэгтэйн баруун талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд машинд суугаад хэрэлдэж байгаа салцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би *** гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон. ...*** бид хоёр тэдний гэрээс тамхи авах гээд 12 цагийн үед гараад явж байтал манай эхнэр *** хүрч ирээд ***ыг бариад авсан. Тэр хоёр хэрэлдэж эхэлсэн. Нэг нэгэн рүүгээ орилоод байсан. Тэгээд би тэр хоёрыг орхиод яваад өгсөн. ...би дэлгүүрээс лаазтай пиво авч уучхаад ирэхэд байхгүй байсан. ***ын гэрээс утсаа авчхаад гарч ирсэн. ...тэднийг хайж байгаад очтол тэр гурав машинд сууж байхаар нь машинд суутал ***ын баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Шинжээчийн 2149 тоот дүгнэлтэд: “...***ын биед дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, баруун хацар, хүзүү, дух, баруун гарын сарвуу, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 20-21/,

Яллагдагчаар Г.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...уг байрны подволоос манай нөхөр *** гэх эмэгтэйн хамтаар гарч ирээд байрныхаа буланг тойроод алхангуут нь би араас нь гүйж очоод тэр эмэгтэйн араас нуруу руу нь цохиод үсдээд хойш нь татсан. ....Би ***тай хэрэлдэж хэсэг зогссон. Би түүнд хандаж “та 2 ер нь яах гээд байгаа юм бэ, одоо яах бодолтой байгаа юм бэ” гэж хэлэхэд минь хариулахгүй байсан болохоор би түүний дух руу нь нэг удаа цохитол дух нь хавдчихсан. ...дараа нь зүүн гарын сарвуу хэсгээс маажихаар нь би эргүүлээд түүний баруун эрүүний доод хэсгийг нь маажтал *** хойшоо эргэхдээ байрны буланг нүүрнийхээ баруун хэсгээр мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай өгсөн баримтууд /хх-н 36-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооо, 42 дугаар байрны гадаа “миний нөхөр ***тай гэр бүлээс гадуур харилцаа тогтоолоо” гэх шалтгаанаар ***ын үснээс нь зулгааж, ар нуруу хэсэг, дух, нүүр хэсэгт нь цохиж, маажиж эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, баруун хацар, хүзүү, дух, баруун гарын сарвуу, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Б.Бат-Эрдэнэ, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг “гэр бүлээс гадуур харилцаатай боллоо” гэх шалтгаанаар зодож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршгийн талаарх нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Г.***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтээс доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхэтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР