Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/290

 

 

 

 

 

    2023          04          12                                     2023/ШЦТ/290

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Ш.Анужин,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205033130238 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ийн мөнгөн шилжүүлэг хийлгэхээр өгсөн гар утсан дахь Хаан банкны интернэт банкны *** тоот данснаас 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед эхнэртэйгээ муудалцаж, хоёр хүүхдийн бие муудаад, хатгаа авсан байсан учраас эхнэрээсээ машинаа өгчих, би таксинд яваад эм авах мөнгө олоод ирье гэж хэлээд гарсан. Тэгээд таксинд явж байхад Сансарын Их Наядын тэнд нэг ах, нэг эгчийг сугдаад явж байсан. Тэгээд очоод зогсоход тэр эгчийг суулгаад хорооллын тэр хавьд буулгачих гэж хэлээд тэр ах яваад өгсөн. Тэр эгчийг аваад явж байхад “гар утсанд мессеж ирэхэд миний данснаас 2.000.000 төгрөг гарчихлаа, миний карт алга болчихлоо, миний мөнгийг саяны хүмүүс хулгайлчих шиг боллоо” гэж хэлэхээр нь “та интернэт банкаараа ороод өөр данс руу хийчих” гэж хэлэхэд “эгчдээ чи хийгээд өгчих” гэсэн. Тэр эгчийн данснаас хүүхэд рүү нь мөнгийг нь шилжүүлж өгөөд 1.000.000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийсэн. Тухайн үедээ маш их айсан. Маргааш нь банк, цагдаагийн байгууллагаас залгахгүй болохоор нь эм тариа авсан” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэгт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд такси бариад гэрийнхээ гадаа ирсэн. Уг таксины жолоочид би өөрөө хаан банкны интернэт банкаа нээж өгөөд хүний данс руу мөнгө хийлгэх гэсэн боловч тухайн таксины жолооч хаан банкны *** тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тухайн хүнд итгээд хүний данс руу мөнгө хийлгэхээр хаан банкны интернэт банкныхаа кодыг хийж өгсөн боловч тухайн хүн өөр хүний данс руу мөнгө хийсэн байсан. ...хаан банкны *** тоот дансыг би өөрийн төрсөн хүү болох Э.Золбаярт нээлгэж байсан ба миний хүү энэ жил 11 настай. Би тухайн дансыг хамтран эзэмшдэг болохоор 100 хувь дансан дахь мөнгийг захиран зарцуулах эрхтэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 13/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хаан банкны *** тоот дансыг 3 жил ашиглаж байна. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот дансаар шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн гүйлгээний талаар мэдэхгүй байна. Миний утсанд мобайл банкны мессеж ирдэггүй юм. Тухайн өдрийн маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн үед манай нөхөр *** шөнө таксинд явж байгаад ирсэн. Би өөрийн хаан банкны данс руу утсаараа орж үзтэл миний дансанд 1.000.000 төгрөг ороод ирсэн байсан. Энэ мөнгөний талаар нөхөр ***гаас асуухад “хүнээс зээлсэн юм, дараа нь буцаагаад өгнө” гэж хэлээд миний хаан банкны виза картыг авч гараад дэлгүүр, эмийн сан ороод үйлчлүүлсэн байсан. Орой нь миний картыг буцааж өгөхөд дансанд мөнгө үлдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад тухайн үед мөнгөний хэрэг маш их гарсан. Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би хувиараа таксинд явж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй хүнийг машиндаа суулгасан. Тэгээд надад өөрийнхөө гар утсыг өгөөд хаан банкнаас хүүхдийнхээ дансанд мөнгө шилжүүлээд өг гэхээр нь би эхнэрийнхээ данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Хэд хоногоос буцаагаад өгье гэж бодсон боловч надад тухайн үед боломж олдохгүй байсаар өдийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23-24/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 26-28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-70/, хохирогчийн хүсэлт /хх-н 71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ийн мөнгөн шилжүүлэг хийлгэхээр өгсөн, гар утсан дахь Хаан банкны интернэт банкны *** тоот данснаас 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн данснаас 1.000.000 төгрөг өөрийн эхнэр ***ын данс руу хохирогчид мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч ***д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 500.000 төгрөгийг хохирогчид өгсөн, үлдэгдэл 500.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгч ***гаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас шүүгдэгчид өөрийн интернэт банкыг ашиглах боломж олгосон нөлөөлсөн  байна.

Шүүхээс шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн зарим хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтээс доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР