Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 16 өдөр

   Дугаар 182/ШШ2019/00671

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “БК” ХКК

 

Хариуцагч: “ИНӨК” ХХК  

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хугацаа хэтрүүлсэн алдангид 9.250.000 төгрөг гаргуулж, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж дуусгуулах, эвдэрсэн зүйлсийг засаж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “БК” ХХК нь хариуцагч “ИНӨК” ХХК-тай 2016 оны 11 сарын 16-ны өдөр №161116/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хариуцагчийн барьж байсан Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт орших, “Сувдан хотхон“ нэртэй, 12 давхар, 77 айлын орон сууцны 46В байрны гадна засал, тохижилтын болон явган хүний замын ажлыг гүйцэтгэсэн болно. Гэрээний 3.1 зүйлд зааснаар нийт ажпын үнийг ажлын хөлс, материал, зардал зэргийг оруулан 31.500.000 төгрөгөөр тогтоон энэ мөнгийг захиалагч болох “ ИНӨК” ХХК-аас төлөхөөр, гүйцэтгэгч “БК” ХХК нь энэ мөнгийг хүлээн авч зарцуулан гэрээнд заагдсан ажлыг хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу эхлээд 25.000.000 төгрөгийг захиалагчаас гүйцэтгэгч компанийн инженерийн Хаан банк дахь 5429175548 тоот дансанд 2016 оны 11 сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь энэ мөнгөнөөс индүү, ковш, эксковатор, 18 куб.м багтаамжтай ачааны автомашин зэргийг түрээслэн авч, газар шорооны тэгшилгээний ажил, барилгын ажлын үлдэгдэл хогийг цэвэрлэх, ачих, зөөвөрлөж хаях ажил хийж, авто зам ба явган хүний замын бородур хийж, цемент, хайрга, дайрга, элс худапдан авч, хүүхдийн тоглоомын талбайг гаргаж, турник, дүүжин савлуур 2 ш, дүүжин даажин 1 ширхэг зэргийг худалдан авч тавьж тохижуулсан болно. Ажлыг гэрээний 2-р зүйлд заасан хугацаанд багтаан 2016 оны 12 сарын 06-ны өдөр дуусгаж уг барилгын зураг төсөл зохиогч архитектор А.Нямдулам, захиалагчийн барилга хариуцсан инженер Б.Мөнхпүрэв нарт гүйцэтгэгчийн менежер Б.Баярхангал хүлээлгэн өгч, ажлыг сайн дүнтэй гүйцэтгэсэн гэж үзсэн билээ.

Гэрээний үлдэгдэл мөнгийг авахаар манай компанийн төлөөлөгч өнгөрсөн хугацаанд олон удаа захиалагчийн захирлуудтай биечлэн уулзаж, 2016 оны 12 сарын 23-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж эрх бүхий захирал 2017 оны 01 сарын 13-ны өдөр танилцан цохолт хийсэн ба санхүүгийн алба 2017 оны 01 сарын 25-ны өдөр баталгаа бичиж төлөхөөр амласан боловч одоог хүртэл төлөхгүй чирэгдүүлж байна. 2017 оны 05 сарын 01 ба 2017 оны 05 сарын 04-ний өдөр албан тоот өгч хариуг нь авсан.

Уг ажлын төсөвт өртөг 56.000.000 төгрөг байсныг манай компани 40.150.000 төгрөгийн үнийн саналыг бууруулан багтаан хийхээр зардлыг бууруулж захиалагч тал нь НӨАТ-гүйгээр тохиролцон, зарим төсвийг хасч багасган гэрээний үнийг тогтоосон юм. Манай компани нь дээрх гадна тохижилтын ажлыг 2016 оны 12 сарын 09-ний өдөр комиссын актаар сайн үнэлгээтэй улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг ажлыг 31.500.000 төгрөгөөр тохиролцон хийсэн ба 25.000.000 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл аваагүй 3 жил болж байна. 1 жилийн баталгаат хугацааны 1.500.000 төгрөгийг ч мөн өгөөгүй тул үлдэгдэл төлбөр, баталгаат хугацааны барьцаа төлбөр нийт 6.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 12 сар хүртэл буюу 1 жилийн баталгаат хугацаа дуустал манайд ямар нэгэн байдлаар хандаж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “БК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 2016 оны 11 сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 16-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 12 давхар, 77 айлын орон сууцны барилгын гадна засал тохижилтын болон замын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээнд зааж уг ажлыг 15 хоногийн дотор хийж гүйцэтгэж 1 жилийн баталгаат хугацаатай байхаар гэрээгээр 2 тал харилцан тохиролцсон. Гэтэл “БК” ХХК ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасан ажлыг дутуу хийж гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний 2.4-д заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, гэрээний 6.1-д заасан хугацаа хэтрүүлсэн алданги төлөөгүй. Мөн гэрээний 4.1-д “Ажил гүйцэтгэгч ажил хийхэд шаардлагатай бичиг баримт, зураг төсөл болон бусад мэдээллийг өгнө.”, 5.4-д “ажил гүйцэтгэхээр авсан материалын зарцуулалтын талаар захиалагчид тайлагнах, шаардлагатай үед солих үүрэгтэй” гэж заасны дагуу 2017 оны 04 сарын 28-ны өдөр явуулсан албан бичгийн хариу өгөөгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 04 сарын 12-ны өдөр зөрчил арилгуулах тухай шаардлага ирсэн. Шаардлагын дагуу 2017 оны 04 сарын 20-ны өдөр “ИНӨК” ХХК-ийн захирал тушаал гаргаж 2016 оны 11 сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн гэрээний биелэлтийг дүгнэх хуудаст нийт хийх ёстой 17 ажлын хангалттай-4, дунд-3, хангалтгүй-11 байна гэж дүгнэж 9 ширхэг фото зургийг авсан.

Бид ажлаа хийж дуусгахыг удаа дараа хүсэж уулзалт хийсэн боловч “БК” ХХК ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул Иргэний хуулийн 350-р зүйлийн 350.1.6-д заасны дагуу гүйцэтгэгч тал хуулиар хүлээлгэсэн үүргээ мөн гэрээгээр хүлээсэн биелүүлээгүй гэж үзэж байна. “БК” ХХК-аас нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 12 сарын 09-ны гадна зам талбай, тохижилт хийсэн актанд хотхоны гадна талын зам ороогүй бөгөөд бид хотхоны гадна төв замаас хотхон руу орсон авто замыг тавиулахаар гэрээнд заасан ажил огт хийгдээгүй өдийг хүрч байна. Гэрээгээр хийсэн ажил чанарын шаардлага хангахгүй эвдэрсэн. Иймээс манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хийж дуусгаагүй ажил болон хийсэн зарим ажил нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 11 сарын 16-нд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг “БК” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал З.Урантогос, “ИНӨК” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Болор нар байгуулж тамга дарж баталгаажуулсан.

Гэтэл уг гэрээг дүгнэж, гэрээний дагуу хийгдсэн ажлыг 2 тал хүлээлцэх ажил хийгдээгүй компанийн зүгээс гэрээг дүгнэж ажил хүлээж авах хүн томилж компанийг төлөөлөх эрх хэн нэгэн албан хаагчид олгоогүй байхад 2016 оны 12 сарын 09-ний өдөр №009 дугаар гадна зам талбай, тохижилт хийсэн акт үйлдэж ажил гүйцэтгэх гэрээг сайн дүнтэй биелэгдсэн гэж дүгнэж захиалагчийг төлөөлж З.Мөнхпүрэв гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Б.Мөнхпүрэв гэх хүн нь “ИНӨК” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд иргэний хуулийн 63-р зүйлийн 63.2-т заасан зүйлийг зөрчиж компанийг төлөөлж гарын үсэг зурсан учраас иргэний хуулийн 68-р зүйлийн 68.1, 56-р зүйлийн 56.1.8-д зааснаар дээрхи хэлцэл нь төлөөлөх эрхгүй этгээдийн хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч ажлаа гэрээний 2.4-д заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй учир гэрээний 6.1-д заасан хугацаа хэтрүүлсэн алданги нийт гэрээний үнийн дүнгийн өдрийн, 0,3 хувиар өдрийн 94.500 төгрөгөөр бодож нийт 9 сар буюу 270 хоногийн алданги 25.515.000 төгрөг, үүнээс иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу нийт үнийн дүнгийн буюу 31.500.000 төгрөгийн 50 хувь буюу 15.750.000 төгрөг, үүнээс үлдэгдэл ажлын хөлс 6.500.000 төгрөгийг хасаж 9.250.000 төгрөгийг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж дуусгуулах, гэрээний 2.1-т заасан баталгааны дагуу эвдэрсэн зүйлүүдийг засаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Шүүх ажил гүйцэтгэх гэрээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөнгө хүссэн өргөдөл, дипозит дансны хуулга, үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн албан бичиг, гадна зам талбай, тохижилт хийсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн зөрчил арилгуулах тухай албан бичиг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, ажлын хэсэг байгуулах тухай “ИНӨК” ХХК-ийн захирлын тушаал, гэрээний биелэлтийг дүгнэх хуудас, гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай “БК” ХХК-д ирүүлсэн албан бичиг, фото зургууд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 6.500.000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн алдангид 9.250.000 төгрөг гаргуулж, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж дуусгуулах, эвдэрсэн зүйлсийг засаж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа ажлыг хангалтгүй муу хийж гүйцэтгэсний дээр хугацаандаа хүлээлгэн өгөөгүй гэж, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгсөн, доголдлын талаар захиалагч баталгаат хугацааны дотор мэдэгдэж байгаагүй гэж тус тус марган мэтгэлцэж байна.

             “БК” ХХК нь хариуцагч “ИНӨК” ХХК-тай 2016 оны 11 сарын 16-ны өдөр №161116/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хариуцагчийн барьж байсан Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт орших, “Сувдан хотхон“ нэртэй, 12 давхар, 77 айлын орон сууцны 46В байрны гадна засал, тохижилтын болон явган хүний замын ажлыг гүйцэтгэсэн байна.

            Захиалагч болон гүйцэтгэгч талууд барилгын гадна зам талбай, тохижилтын ажил сайн болсон гэж дүгнэж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 009 тоот акт үйлдсэн байна.

“ИНӨК” ХХК нь ажлын хөлсөнд төлөх ёстой байсан 31.500.000 төгрөгийн 25.000.000 төгрөгийг “БК” ХХК-д төлж, 6.500.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байх ба 1.500.000 төгрөгийг баталгаат хугацааны буюу болзошгүй засварын ажлын зардалд тооцож үлдээснээ талуудын хэн аль нь тайлбарлаж байна.

Үлдсэн 4.925.000 төгрөгийг олгох тухай нэхэмжлэгчийн хариуцагчид хандаж байсан хүсэлтийг хариуцагчийн эрх бүхий албан тушаалтнууд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгох тухай цохолт хийж байсан боловч олгоогүй байна. Хоёр компанийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн баримтанд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 6.500.000 төгрөгийн тооцоо үлдсэн тухай тэмдэглэгджээ.

 “БК” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд зарим нэг дуусаагүй үлдсэн, засварлах ажил байсан нь хэрэгт авагдсан барилгын гадна тохижилтын ажлын зургуудаас харагдах ба мөн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн талуудын төлөөлөл оролцсон хурал дээр гүйцэтгэгчийн төлөөлөгч 1.500.000 төгрөгийг авч ажлыг дуусгая гэж байсан байдлуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 1.500.000 төгрөгийг хариуцагчид үлдээж, 4.925.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Гүйцэтгэгч ажлыг хугацаа хэтрүүлж хийсэн байдал тогтоогдохгүй, харин засварлах гүйцээж хийх ажил байсан байдал харагдаж байна. Гүйцэтгэгчийн гүйцээж засварлах ажилд гэж баталгаат хугацаанд гарч болзошгүй засварын зардалд авч үлдсэн 1.500.000 төгрөгийг суутган тооцож байгаа, мөн хариуцагчийн эвдэрсэн гэх зүйлүүд баталгаат хугацааны дотор, эсхүл түүнээс хойш гэдэг нь ялган зааглагдахгүй зэрэг байдлуудаас шүүх дээрх дүгнэлтэнд хүрсэн болно.

 

Хариуцагч сүүлд сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна гэж барилгын гадна зам талбай, тохижилт хийсэн тухай 2016 оны 12 сарын 09-ний №009 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй, акт нь бие даасан хэлцэл биш байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1. Иргэний хуулийн 343 угаар зүйлийн 343.1-ийг баримтлан “ИНӨК” ХХК-аас 4.925.000 төгрөгийг гаргуулж “БК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 9 дүгээр зүйлийн 9.4.3-ыг баримтлан алдангид 9.250.000 төгрөг гаргуулах, дутуу ажлыг хийж дуусгуулах, эвдэрсэн зүйлсийг засаж өгөхийг даалгуулах тухай “ИНӨК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 133.900 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 162.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 140.400 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагч “ИНӨК” ХХК-д, хариуцагч “ИНӨК” ХХК-аас 93.750 төгрөгийг гаргуулж “БК” ХХК-д тус тус олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД