| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/0058/э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2016-12-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 53
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,
улсын яллагч Н.Бадам,
хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201618010127 дугаар нэг хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “”ХХК-нд малчин ажилтай, ам бүл-2, ээжийн хамт Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр баг, Хавцалын задгайд оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн О* дугаартай, ******* овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 2016 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг, гэх газраас иргэн *******ийн хотноос 8.400.000 төгрөгийн үнэ бүхий 12 тооны /олон тооны/ үхэрийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн морийг унан 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 2016 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 24.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг, гэх газраас тус сумын иргэн *******ийн 8.400.000 төгрөгийн үнэ бүхий 12 тооны үхэрийг хулгайлахыг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн
хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэрийнхээ ойролцоо нялх тугалтай үнээгээ ойртуулж явсан. Тэгтэл нэг морьтой хүн ирж явааг харсан. Би дотроо хэн юм бол, яах гэж байгаа юм бол гээд хараад байж байсан. Гэтэл манай гэрийн урд талын энгэр дээр морьноосоо буугаад морио хөтлөөд гэрийн гадна хэвтэж байсан үхэрнүүд дунд орсон. Үхэр лүү орохоор нь би яах гэж байгаа юм бол гэж бодоод тэр хүний орсон газрын эсрэг талаар нь гүйж очоод харагдахааргүй газар олоод хэвтээд ажигласан. Ажиглаж байтал 12 тооны үхэр ялгаад миний хажуугаар туугаад гараад явсан. Нөгөө залуу чинь нилээн холдохоор нь босоод малчныхаа гэр лүү гүйгээд 2 малчнаа сэрээгээд манай үхэр лүү хулгай орж ирлээ, үхэр ялгаад туугаад явчихлаа гэж хэлээд 2 малчинаа дагуулж гараад гадаа байсан өөрийн машинаа асаагаад гэрлийг нь тусгаад араас нь хөөсөн. Яг араас нь очтол морьтойгоо мод руу яваад орчихсон. Тэгэхээр нь үхэрээ хураагаад явсан. Тухайн үед үхэрнүүдээ тоолоход 12 байсан. Гэртээ ирээд үхэрнийхээ нийт бүртгэлийг хийхэд манай үхэр бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө12 цагийн орчим ******* нь үхэр дотор нэг морьтой хүн үхэр туугаад явчихлаа гэж орж ирсэн. Тэгээд өөрийн нөхөр , бид гурав гараад харсан чинь нэг морьтой хүн үхэр туугаад явж байсан. Хараад байсан чинь нилээн холдчихоор нь машинаа асаагаад араас нь хөөсөн чинь хүрэн морьтой, цайвар тэрлэгтэй хүн тууж явсан үхрээ орхиод мод руу морьтойгоо зугтаад орчихсон. Тэгээд алга болчихоор нь бид гурав эргэж ирээд үхэр малаа тоолсон чинь бүрэн бүтэн болохоор нь буцаад унтаад өгчихсөн. ...Тууж явсан үхрийг нь тоолж үзэхэд 12 тооны үхэр байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн тасагт ирж тайлбар өгөх гээд ирэх үед гадаа нь манай үхэрнүүдийг тууж явсан гэх залуу сууж байсан. Нөхөр бид хоёр орох гэсэн чинь тэр залуу бид хоёр дээр ирээд танай эзэнтэй яриад тохирчихсон, та хоёр тайлбар өгөх гэж байгаа бол 5-6 үхэр гэж хэлээрэй гэсэн. Нөхөр бид хоёр тэгж хэлэхээр нь хоорондоо ярьж байгаад за за ярьчихсан юм байлгүй гэж бодоод 5-6 үхэр туусан гэсэн тайлбар өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 12 цагийн орчим ******* нь үхэр дотор нэг морьтой хүн үхэр туугаад явчихлаа гэж орж ирсэн. Тэгээд өөрийн эхнэр , ******* бид гурав гараад харсан чинь нэг морьтой хүн үхэр туугаад явж байсан. Хараад байсан чинь нилээн холдчихоор нь машинаа асаагаад араас нь хөөсөн чинь хүрэн морьтой, цайвар тэрлэгтэй хүн тууж явсан үхрээ орхиод мод руу морьтойгоо зугтаад орчихсон. Тэгээд алга болчихоор нь бид гурав эргэж ирээд үхэр малаа тоолсон чинь бүрэн бүтэн байсан болохоор нь буцаад унтаад өгчихсөн. ...Би 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн тасагт ирж тайлбар өгөх гээд ирэх үед гадаа нь манай үхэрнүүдийг тууж явсан гэх залуу сууж байсан. Эхнэр бид хоёр орох гэсэн чинь тэр залуу бид хоёр дээр ирээд танай эзэнтэй яриад тохирчихсон, та хоёр тайлбар өгөх гэж байгаа бол 5-6 үхэр гэж хэлээрэй гэсэн. Тэгж хэлэхээр нь хоорондоо ярьж байгаад за за ярьчихсан юм байлгүй гэж бодоод 5-6 үхэр туусан гэсэн тайлбар өгчихсөн юм. Тэрнээс туусан гэх үхэрнүүдээ буцаад гэрийнхээ гадаа авчираад тоолж үзэхэд 12 тооны үхэр байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “...******* нь манай компанийн нэр дээр байдаггүй юм. Миний хувийн эзэмшлийн үхрийг малладаг. Би ажлын хөлсийг нь цаг тухай бүрд нь өгдөг. ******* нь миний үхрийг Төв аймгийн Цээл суманд маллаж хариулдаг. Манайх сумын гэх газар зун болохоор зусдаг, өвөл болохоор Төв аймгийн Цээл сум руу явчихдаг юм. Би 2016 оны 08 дугаар сарын яг хэдний өдрийг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан очиж тооллого хийсэн. Тухайн үед миний эзэмшлийн 76 тооны үхэр байхаас 74 тооны үхэр байсан. Би яагаад 2 үхэр дутсан бэ гэж асуухад алга болчихсон байна гэж хэлсэн. Би бас тухайн үед мод руу гүйгээд орчихсон юм байх гэж бодсон. Дараа нь ******* над руу залгаад 2 үхрээ олчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-23/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...2016 оны 08 дугаар сарын 11-нд гэртээ байж байсан чинь ******* манайд хүрэн зүсмийн морьтой ирсэн. Бид хоёр жаахан буу халж байгаад ******* миний нэрсэн архинаас уусан. Тэрнээс нилээн уугаад бид хоёр юм ярьж суусан. Тэгээд удалгүй би хониндоо яваад ирье гэж хэлчихээд хониндоо яваад иртэл ******* явчихсан байсан. ******* манайд орж ирэхдээ үхрээ харж явна гэсэн. ******* саарал өнгийн тэрлэг, хар өнгийн бакальтай явж байсан. Надад хэлэхдээ маргааш захирал ирж үхэр бүртгэнэ, үхрээ бөөгнүүлнэ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум гэх газар зусаж байсан. Би тухайн үед өвөлжөөн дээрээ засвар хийгээд байж байсан. Маргааш өдөр нь буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш гэртээ ирэхэд эхнэр ******* урьд шөнө манай үхрийг хөөгөөд явж байхаар нь араас нь 2 малчинтайгаа машинтай хөөгөөд мод руу оруулаад алдчихлаа гэж хэлсэн. Би тухайн үйл явдал болох үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед би гэртээ ирээд бүртгэхэд манай үхэр бүрэн байсан...” гэсэн мэдүүоэг /хх-27/,
Сэлэнгэ аймгийн сумын Үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай актад: улаан халзан хязаалан үхэр 8 ширхэг, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 6.400.000 төгрөг, улаан халзан шүдлэн үхэр 4 ширхэг, нэг бүрийн үнэ 500000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг, иргэн *******ийн 12 тооны үхрийг ханшийг 8.400.000 төгрөгөөр үнэлсүгэй” гэжээ. /хх-30/,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай актад: морь 1 ширхэг 400.000 төгрөгийн үнэтэй” гэжээ. /хх-н 35/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би “”ХХК-ийн захирал гэж хүний 70-80 тооны үхрийг хариуцаж малладаг юм. Манай захирал 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр маргааш үхрээ бүртгэнэ шүү гэж байсан. Би бүртгэсэн чинь 2 үхэр дутаад байхаар нь морьтой Өвөр нарийн гэх газраар хайгаад олдохгүй байхаар нь хойд уул давж гэх газар луу үхрээ хайя гээд явж байтал д зусаж байсан нэг айл таарсан. Тэгэхэд нилээн орой болсон бараг 23 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд тэр айл руу дөхөж очоод гадаа нь үхэрнүүд тал нь бэлчиж, тал нь хэвтэж байсан. Тэгээд тэр үед компанийн 2 үхрийн оронд 2 үхэр тоолуулчихъя гэж бодоод хотлоод хэвтэж байсан үхрүүдийн захаас нь 5-6 орчим тооны үхэр ялгаж хөөгөөд тугалынх нь хашаа өнгөрөөд явж байтал нэг машин асахаар нь хөөж байсан үхрүүдээ орхиод урд модтой уул руу морьтойгоо зугтсан. Зугтаж яваад модны захад мориноосоо унаад мод руу явган гүйгээд орчихсон. Тэгсэн хөөж байсан машин буцаад яваад өгсөн. Тэгээд цаашаа явган гүйгээд харьсан. Тухайн үед унаж явсан морь бол миний морь байгаа юм. 2016 оны 05 дугаар сард авч байсан болохоор малын А дансанд бүртгэгдээгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-39, 41-43/,
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 24.00 цагийн үед нялх тугалтай үнээгээ эргээд явж байтал морьтой хүн ирж явсан. Юун хүн юм бол гэж бодоод ажигласан чинь шууд хот руу орж ирэлгүй урд модны захад суугаад хэсэг ажиглаж байгаад хотолсон байсан үхэрнээс үхэр ялгаж туугаад явсан. Би айлын 2 хүнээ сэрээгээд машинтай хөөтөл мод руу ороод зугтсан. Тэгтэл зугтаж яваад мориноосоо унасан юм байна лээ. Маргааш нь айлын хүн эмээлтэй морь оллоо гээд авчирсан нь урд шөнийн үхэр туусан хүний унаж явсан морь мөн байсан. 6 тооны үхэр туусан гэдэг бол худлаа. 12 тооны үхэр байсан. Би холоос ажиглаж байсан юм. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, замын зардал гээд 500000 төгрөг төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би компанийн мал малладаг юм. Хэрэг үйлдэхийн урьд өдөр 2-3 тооны мал дутаад тэрийгээ хайж явсан. Захирал маргааш ирж малаа тоолно гэсэн юм. Тэгээд үхрээ хайгаад олдохгүй болохоор нь энэ айлын малнаас 5-6 тооны мал гаргаад туугаад явж байтал хохирогч мэдээд хөөхөөр нь орхиод айсандаа зугтчихсан. Зугтааж явж байхдаа мориноосоо унаад морио алдсан. Тэгээд гэрлүүгээ явган алхаад харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Настай ээжтэйгээ амьдардаг тул оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч *******ийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны мал хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн үхэрнүүдийг хулгайлсан гэж ойлгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хулгайлах гэмт хэргээ төгсгөхөөс өмнө хохирогч мэдэж, түүнийг машинаар хөөснөөс болж, үйлдлээ зогсоон үхэрнүүдийг хаян зугтааснаар гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байх тул шүүгдэгчийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр төгссөн завдалт үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч ******* миний бие үхэрнүүдээ олоод авсан. Мөн замын зардал гэж 500.000 төгрөг өгсөн тул цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9-д зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан ял шийтгэлүүдээс хорих ялыг сонгон оногдуулж, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч *******ийн хувьд ногдох эд хөрөнгөгүй байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн хүрэн зүсмийн морийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч санал, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг бусдын олон тооны мал хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүүнд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн хэсэгт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн хүрэн зүсмийн морийг хурааж улсын орлогод оруулсугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч ******* нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР