| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0821/з |
| Дугаар | 221/МА2025/0266 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0266
Б.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Д.Б
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0090 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0821/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Баас Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0090 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцаа хариуцсан референтийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Д.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референтийн албан тушаалд нэхэмжлэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эгүүлэн томилогдсоноос хойш хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэх явцад удаа дараалан гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар бүлэгт зааснаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулсан.
3.2. Ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр холбогдох нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан ба уг дүгнэлт хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч тухайн дүгнэлттэй маргаагүйг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан. Дүгнэлтээр Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг буюу 37.1.1, 37.1.3, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 37.1.16-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Дээрх хуулийн заалтуудыг Б.Б зөрчсөн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл юм.
3.3. Ажлын хэсгийн дүгнэлт болон дээр дурдсан эрх зүйн үндэслэлийн дагуу Тамгын газрын дарга Д.Б төрийн албан хаагчийн үүргийг удаа дараа биелүүлээгүй Б.Бын гаргасан дараах сахилгын зөрчилд хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулах захирамж гаргасан.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсгийн 13-т “нэхэмжлэгчийг 2017 оноос хойш төрийн албанд ажиллахдаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байна. Учир нь Б.Б тус байгууллагад ажиллахдаа Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ талаар хэргийн баримтад авагдсаныг дурдах нь зүйтэй.
3.4. Мөн шүүхийн шийдвэрийн 13, 14-т “ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчмыг баримтлаагүй”, “...томилох эрх бүхий албан тушаалтны төрийн албан хаагчид ногдуулсан төрийн албан хаагчид ногдуулсан төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн хэлбэр нь төрийн албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохироогүй буюу шударга ёсны зарчимд нийцээгүй байна” гэжээ. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь заалтад мөн заасан тусгай зарчмыг баримтлан Ажлын хэсгээс Б.Б зөрчил гаргасныг тогтоож, улмаар мөн дүгнэлттэй нэхэмжлэгч маргаагүй, шүүх дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж тооцсон тул Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа Б.Быг тайлбар гаргах боломжоор хангасан ба анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тусгасан. Энэ нь нэхэмжлэгч сахилгын зөрчлийг шүүхийн шатанд хүлээн зөвшөөрснийг илэрхийлнэ.
3.5. Б.Бын гаргасан сахилгын зөрчил нь хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн хэд хэдэн удаагийн үйлдлээр илэрсэн. Тиймээс ажил олгогч “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 дэх хэсэгт зааснаар Б.Б төрийн албан хаагчийн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй зөрчил гаргаж байгаа нь түүнийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд гарсан бөгөөд нэхэмжлэгч тухайн дүгнэлт гарахаас өмнө тайлбар өгөхөөс сайн дураар татгалзсан зэрэг нь уг захирамж хууль зүйн үндэслэлтэйг илэрхийлнэ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0090 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хийгээд хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн зохицуулснаас гадна,
мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Б.Баас Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэл гаргасан.
4.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… Тамгын газрын даргын байгуулсан ажлын хэсэг нь, түүний гаргасан дүгнэлт нь хууль бус, хэлтсийн дарга Г.Б-ээр дамжуулан өгсөн үүргийг биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй, энэ хугацаанд ээлжийн амралттай бас эмнэлгийн магадлагаатай байсан, Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй учраас зөвшөөрөөгүй” гэх агуулгаар тайлбарлажээ.
4.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… Б.Б нь ажлаас халах сахилгын зөрчил гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу зөрчлийг шалгаж тогтоосон, ээлжийн амралт эдлэхээс өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нэхэмжлэгч нь ажлын хэсгийн дүгнэлтийг зөвшөөрсөн ба түүнтэй маргаагүй” гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
5. Хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримттай харьцуулан үзэхэд;
5.1. Үндсэн хуулийн цэцийн Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референтээр ажиллаж байсан Б.Бд “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан Тамгын газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0707 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА20230692 дугаар магадлалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
5.2. Үүний дагуу Тамгын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөр огноолсон 08 дугаар захирамжаар Б.Быг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, энэ дагуу 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр уулзалт хийсэн.
Улмаар Б.Бын хувьд 2023 оны ээлжийн амралтыг нөхөн эдлэх хүсэлтийг Тамгын газрын даргад хандаж гаргасан ба 2024 оны 2 дугаар сарын 06-ний өдрөөс 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эмнэлгийн магадалгаатай, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 14-ний хооронд ээлжийн амралттай, 2024 оны 3 дугаар сарын 19-29-ний өдрүүд, 2024 оны 4 дүгээр сарын 9, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус эмнэлгийн магадалгаатай байжээ.
5.3. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар Б.Быг сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох ажлын хэсгийг Тамгын газрын дэд дарга бөгөөд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Д, Мэдээлэл технологийн газрын дарга Н.С, Хууль зүйн газрын зөвлөх Л.М нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсгийн гишүүдтэй уулзалт хийхдээ Б.Бын сахилгын зөрчилд хамаарна гэх /1-18 хүртэл дугаарласан/ асуудлаар мэдээлэл өгч, түүнд холбогдолтой 7 хавтаст баримтыг хүлээлгэн өгсөн.
Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар захирамжаар ажлын хэсгийн зөрчил шалган тогтоох хугацааг 14 хоногоор сунгажээ.
5.4. Уг ажлын хэсэг нь холбогдох этгээдээс тайлбар авах, баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэж, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон дүгнэлт үйлдэж, түүнд “... Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон тус хуулийн 39 дүгээр зүйл, албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7, 5.4.7, 5.4.8-д заасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй” гэж дурдана.
5.5. Хариуцагчийн хувьд, Б.Бын үйлдсэн сахилгын зөрчил нь дээрх Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн, маргаан бүхий 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамж гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан.
6. Хууль эрх зүйн зохицуулалтын тухайд;
6.1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж,
6.2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4. төрийн албанаас халах”, 48.10-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”,
6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан.
6.4. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 3.1-д “Шалгалт албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг ... томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах ...”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
7. Хууль журмын эдгээр зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, төрийн албан хаагчийг буруутгаж буй зөрчил нэг бүрийг тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүрэг бүхий /эсхүл дээд шатны/ этгээдээс зохих журмын дагуу шалгаж тогтоон, шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс зөрчил бодитой үйлдэгдсэн гэж үзсэн нөхцөлд тэдгээр баримтад тулгуурлан, холбогдох хүчин зүйлсийг харгалзан, тохирсон шийтгэл ногдуулах шаардлагыг хангасан байх нь уг захиргааны актыг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн гэж дүгнэх үндэслэл болдог.
8. Энэ хэсгийн 4, 5-д заасан маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шаардлага ба татгалзлын үндэслэлийг дээрх зохицуулалттай харьцуулан үзэхэд, захиргааны актад нэхэмжлэгчийн гаргасан гэж дурдсан зөрчил тус бүрийг ямар баримтаар хэрхэн нотолсон нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Энэ нь нэхэмжлэгч бодитоор сахилгын зөрчлийг гаргасан эсэх, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүйд хүргэжээ.
9. Маргаан бүхий актын үндэслэл болсон Ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “... Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон тус хуулийн 39 дүгээр зүйл, албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7, 5.4.7, 5.4.8-д заасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан” гэж тодорхойлсончлон зөрчил тус бүрийг хэрхэн шалгаж, тогтоосон буюу тухайн тохиолдолд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхийг маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг нэмж цуглуулсны үндсэн дээр дүгнэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тухайлбал:
9.1. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 6.3-д “... хэлтсийн дарга Г.Б-ээр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрэм болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 14 хоногийн дотор орчуулах үүргийг өгсөн боловч 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл биелүүлээгүй байгаа нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Тамгын газрын ахлах зөвлөх Р.А-т гаргаж өгсөн Б.Б-ын 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан, .. /-аар/ нотлогдоно” гэж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсоноос хойш Б.Б ээлжийн амралтаа авсан, тодорхой хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан гэдэгтэй маргаагүй” гэж, нэхэмжлэгчээс “…хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ээс надад ямар нэг үүрэг даалгавар өгөөгүй, би өвчтэй байсан” гэж тус тус тайлбарласан.
Энэ хэсгийн 5.2-т заасанчлан нэхэмжлэгчийн ээлжийн амралттай, өвчтэй байсан хугацааг дээрх үйл баримттай холбогдуулан авч үзэхэд, Б.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсоноос хойш маргаан бүхий 37 дугаар захирамж гарах хүртэл ямар хугацаанд ажилласан буюу хөдөлмөрийн дотоод журмын дагуу цагийн бүртгэлд бүртгэгдсэн, байгууллагаас түүнд аль хугацааны цалинг ямар хэмжээгээр олгосон нь тодорхойгүй байх тул ажлын цагийн бүртгэл, олгосон цалин хөлсний бүрдүүлбэр зэргийг цуглуулж, харьцуулан дүгнэх шаардлага байна. Эдгээр баримт нь дээд шатны албан тушаалтнаас тухайн асуудлаар Б.Бд үүрэг даалгаврыг бодитой өгсөн эсэх, энэ үед нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэхийг тодорхойлоход нотолгооны ач холбогдолтой.
Хэрэгт нэхэмжлэгчийн цалингийн дэлгэрэнгүй картыг ирүүлсэн боловч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд Б.Б-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний хэмжээг бодитой тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хамгийн гол нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргийг биелүүлээгүй” гэх маргаан бүхий акт хийгээд хариуцагчийн татггалзлын үндэслэлд тодорхойлж буй “2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан”-г нотлох баримтаар цуглуулаагүй тохиолдолд хуульд заасан дээрх үүргийг Б.Б зөрчсөн эсэх, энэ нь түүнд ажлаас халах шийтгэл ногдуулах үндэслэл болох эсэх, маргаан бүхий захиргааны актад дурдсан энэ үндэслэл хуульд нийцэх эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй.
9.2. Түүнчлэн энэ хэсгийн 5.3-т заасан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргаас 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн гэх 7 хавтаст баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “маргаан бүхий захиргааны актад Б.Бын гаргасан сахилгын зөрчилд хамаарах, түүнийг нотлох баримтууд” гэж тайлбарлах атлаа хэрэгт ирүүлээгүй, анхан шатны шүүх тэдгээр 7 хавтас баримтыг шаардан гаргуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
Нэгэнт маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж байхад түүний үндэслэл болсон Б.Бын сахилгын зөрчлийг шалган тогтоосон гэх Ажлын хэсгийн дүгнэлттэй нэхэмжлэгчийг маргаагүй гэж дүгнэх, сахилгын зөрчлийг нотолсон гэх тэдгээр нотлох баримтыг бүрэн цуглуулж, үнэлээгүй нь буруу.
9.3. Энэ хэсгийн 6.4-т заасан зохицуулалтаас үзэхэд, төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлийг шалган тогтоох этгээд нь түүний дээд шатны албан тушаалтан, эсхүл дотоод хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий нэгж, албан хаагч байхыг шаарджээ.
Хэрэгт авагдсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцаа хариуцсан референтийн албан тушаалын тодорхойлолтоор Ажлын хэсэгт ажилласан гишүүн болох Мэдээлэл технологийн газрын дарга Н.С, Хууль зүйн газрын зөвлөх Л.М нар нь нэхэмжлэгчийн хувьд дээд шатны албан тушаалтан, эсхүл дотоод хяналт шалгалтын чиг үүрэг бүхий этгээдийн аль нь тодорхойлогдохгүй байх тул Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт хийгээд энэ хоёр албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар цуглуулах шаардлагатай.
10. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу гүйцэтгэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах буюу нотлох баримтыг нөхөн бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ