Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01560

 

..........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02421 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 724 дүгээр магадлалтай,

..........ийн нэхэмжлэлтэй

“..........” ХХК-д холбогдох

Гэрээг цуцалснаас учирсан хохиролд нийт 7,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........., түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019.04.29-ний өдөр “..........” ХХК-тай Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж 18-2 тоот, Меру тауэр-ийн 5 давхрын 188.4 м.кв талбайтай, оффисын зориулалттай байрыг 2020.05.20 хүртэл, 1 жилийн хугацаатай, 7,700,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Уг байр нь засвар, тохижилтгүй тул иргэн Н.Төгсбаяраар интерьерийн зураг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаанд 2,800,000 төгрөг төлсөн. Тухайн зураг төслийн дагуу 25,425,872 төгрөгөөр оффисын засварын ажил гүйцэтгүүлэхээр иргэн Т.Энхбаатартай 2019.04.29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаанд 12,000,000 төгрөг төлж, засвар хийх материал татагдаж ажил эхэлсэн байсан. Гэтэл 2019.05.01-ний өдөр Меру тауэр барилгын эзэн гэх эмэгтэй ирж засвар хийж байсан хүмүүсийг хөөж, жижүүр, хамгаалалтын албаны ажилчиддаа засварын бараа, материалыг бүгдийг гарга гэсэн үүрэг өгсөн талаар засвар хийж буй ажилчдын ахлагч утасдаж хэлсэн. .......... ХХК-д өөрийн биеэр очиж энэ талаар тодруулахад компанийн ажилтан С.Бат-Эрдэнэ захирал болон тухайн барилгын эзэнтэй утсаар холбогдоод оффис түрээслүүлэхээргүй боллоо гэсэн. Бид барилгын материал татан авч засварын ажил эхэлсэн тул гэрээг цуцлах боломжгүй хохирол их гарна гэхэд гэрээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Гэрээ цуцалсантай холбоотой маш их хохирол гарч байгааг компанийн ажилтнаар дамжуулж удирдлагуудад нь хэлсэн боловч оффисыг суллаж өгөхийг шаардсан. Гэрээг цуцалснаас Н.Төгсбаяртай байгуулсан интерьерийн ажлын гэрээний 4 700 000 төгрөгийн төлбөр, Т.Энхбаатартай 2019.04.29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 12,000,000 төгрөгийг өгч 5,000,000 төгрөгийг бэлнээр буцаан авсан, 4,000,000 төгрөгийн барилгын бараа материалыг зарсан хойно нь мөнгөө авахаар тохирч 3,000,000 төгрөгийг бараа материалын хохиролд тооцон суутгасан. Иймд “..........” ХХК-аас нийт 7,700,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: X........... нь Н.Төгсбаяртай интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээг 2019.04.21-ний өдөр байгуулсан. Гэтэл манай компанитай Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г 2019.04.29-ний өдөр байгуулсан ба гэрээ байгуулахаас өмнө гуравдагч этгээдтэй гэрээ хийсэн тул манай компанид огт хамааралгүй. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 3.3-т түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн засварын зардлыг хариуцах үндэслэлгүй. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02421 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .......... ХХК-иас 5 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..........д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх, тэмдэгтийн хураамжид хариуцагч .......... ХХК-аас 107 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..........д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 724 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02421 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......... ХХК-аас 5 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч .......... ХХК-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх нь /шүүхийн шийдвэрийн 4 хуудас/ “...түрээсэлж буй обьект нь тухайн барилгыг бүхэлдээ бус, барилгын нэг хэсэг болох 5 давхар талбай тул гэрээг заавал үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3-т заасан хуулийн шаардлага хэрэгжих боломжгүй” гэж дүгнэсэн байна. Гэтэл өнөө үед барилга нь хөрөнгө оруулалтын болон худалдах, худалдан гэрээний үндсэн дээр бүхэлдээ бус тодорхой давхар, тодорхой хэсэг талбайгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд байх боломжтой нь олон нийтэд илэрхий үйл баримт билээ. Жишээ нь: (Орон сууцны барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш олон этгээдийн өмч байж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэх мэт) Иргэний хуулийн дээрх заалтыг шууд утгаар ойлгох буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу түрээслэгчийн гуравдагч этгээдэд давхар түрээслүүлэх, түрээслүүлсэн хөрөнгийг бусдад худалдах зэргийг зохицуулж, Түрээслүүлэгчийн эрх ашигтай холбоотой гарч болох эрсдэлийг хамгаалж хуульчилж өгсөн заалт гэж ойлгож байна 2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн. Иргэн X........... нь иргэн Н.Төгсбаяртай “Интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ”-г /Хавтаст хэргийн 8-10 хуудас/ 2019.04.21-нд байгуулсан байна. Гэтэл манай компанитай “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г 2019.04.29-нд байгуулсан бөгөөд 2019.05.10 өдрөөс эхэлж 2020.05.10 өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцсон нь баримтаар нотлогдож байхад шүүх гэрээний бэлтгэл үе шат гэж буруу дүгнэж, нотлох баримтыг эсрэгээр нь үнэлсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 хэсэгт “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;”, Хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж маш тодорхой заасан билээ. Иргэн ..........тэй “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г хийсэн өдрөөс буюу 2019.04.29-нд түүний гэрээтэй холбоотой эрх эдлэх, үүрэг хүлээх харилцаа эхлэх ёстой гэж үзэж байна. Мөн түүнчлэн иргэн .......... нь “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ийн гол зүйл болох 1.5-т зааснаар 2019.04.29-нд түрээсийн төлбөрт төлөх нийт 30,800,000 (гучин сая найман зуун мянган) төгрөгийг хугацаандаа төлөөгүйг шүүх харгалзаж үзээгүй билээ. Шүүхэд цугларсан нотлох баримт /хх11-р хуудас/ болох иргэн ..........ээс иргэн Н.Төгсбаярт 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн баримтын огноо нь 2019.05.03-ын өдөр буюу цаг хугацааны хувьд түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа үйлдэгдсэн баримт байгаа бөгөөд гүйлгээний утга нь “баярлалаа нараа” гэсэн нь интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ гэх зүйлийн төлбөр гэж үнэлэх боломжгүй байхад нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан. Иргэн ..........ийн иргэн Т.Энхбаатартай 2019.04.29-ийн өдөр байгуулсан гэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-/хх21-22 хуудас/-нд манай хариуцлага хүлээх үндэслэл байхгүй, мөн тус гэрээний 6.1-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувиар тооцно гэж заасан байхад шүүх Иргэн ..........ийн иргэн Т.Энхбаатар нарын хооронд 2019.05.02-ын өдөр байгуулсан “Итгэлцлийн гэрээ” гэх (хуульд ийм нэр, томъёотой гэрээ байхгүй билээ) нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бичгийг үнэлж манай компанид хамааралгүй хэмжээний хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дэндүү шударга бус шийдвэр гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон, иргэн ..........ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Харин шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч “..........” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохиролд нийт 7,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага ямар хэмжээнд нотлогдсон талаарх дүгнэлт хоёр шатны шүүхийн бүрэн эрх бөгөөд хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар, гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэнэ.

Хэрэгт авагдсан баримтаар 2019.04.29-ний өдөр талуудын хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 18-2 тоот хаягт байрлах, Меру тауэр барилгын 5 давхрын 188.4 м.кв талбайг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээ байгуулагдсан боловч түрээслүүлэгч “..........” ХХК 1 өдрийн дараа буюу 2019.05.01-ний өдөр гэрээнээс татгалзахыг мэдэгдэж, улмаар эд хөрөнгөө буцаан авсан, түрээслэгч .......... нь түрээсийн зүйлд засвар хийлгэхээр тодорхой зардлуудыг гаргасан үйл баримт тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэж, шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй тусгасан, маргааны үйл баримтын талаар хийсэн дээрх дүгнэлтийг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээнээс татгалзсанд хариуцагч буруутай, иймд хохирлыг хариуцуулах үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Түрээсийн гэрээ урт хугацааны гэрээ тул гэрээг цуцлах асуудал яригдах боловч гэрээг дөнгөж байгуулсны дараа гэрээний харилцааг зогсоосон нь гэрээнээс татгалзсан агуулгатай, талууд өгсөн авснаа харилцан буцаах үр дагавар үүссэн, нэхэмжлэгч эд хөрөнгийг буцаан өгсөн байна. Хариуцагч нь гэрээнээс татгалзсанд буруутай тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж зааснаар хохирлыг хариуцах үүрэг үүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хуулийн дээрх зохицуулалтыг бус Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болсон, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Гэрээнээс татгалзснаар гэрээ дуусгавар болсон тул гэрээний харилцаанд хамаарах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг энэ маргаанд хэрэглэх үндэслэлгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл түрээсийн зүйл нь эрхийн доголдолтой байсан, “эд хөрөнгийг хүлээж аваад ашиглаж эхлэх үед байр чөлөөлөхийг өөр этгээд шаардсан,  “..........” ХХК-д энэ талаар мэдэгдэхэд асууж тодруулж байснаа түрээслүүлэхээ больсон” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч баримтаар няцаагаагүй, “засвар хийх талаар түрээслүүлэгчээс зөвшөөрөл аваагүй, хохирлын асуудал эргэлзээтэй” гэж татгалзсан, татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл гэрээнээс татгалзсанд буруутай “..........” ХХК хохирлыг хариуцах талаарх шүүхийн дүгнэлт нь хэрэгт байгаа баримтад үндэслэгджээ.

Маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээний талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хяналтын шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй бөгөөд түүний хяналтын гомдолд заасан “...нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байсан, ...интерьер зураг төслийн үнэд шилжүүлсэн 1,800,000 төгрөгийн утга нь ажлын хөлс биш байхад шүүх дүгнээгүй...” гэх үндэслэлийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаагүй, талуудын мэтгэлцээгүй асуудал тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 724 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02421 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...219 дүгээр зүйлийн 219.1” гэснийг “...227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 245,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.БАНЗРАГЧ

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД