Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2019/01939

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2019/01939

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч: Б.У/РД:ЦА83110767/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК -д холбогдох

тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг Б.У-ын нэр дээр бүртгүүлэхийг даалган, 273.213.312 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ:

            1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие Б.Унь ГХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр миний өмчлөлийн

32-94 УНС улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр,

83-73 УНЭ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр,

22-37 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр,

24-36 УНЛ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр,

22-54 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр,

БНХАУ-д үйлдвэрлэсэн CNMC үйлдвэрийн нүүрс тээвэрлэх зориулалт бүхий

26-28 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл

26-26 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

41-57АЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

23-06 ГЧ улсын дугаартай LST9402XXY маркийн чиргүүл,

23-05ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл

зэргийн гэрчилгээг 3 сарын хугацаатай ГХХК-ний нэр дээр гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд түр шилжүүлэн түрээсэлсэн юм.

            Түрээсийн гэрээний хугацаа дуусч дээрх зүтгүүр болон чиргүүлүүдийг биет байдлаар Б.Уминий эзэмшилд шилжүүлсэн боловч уг техникүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх нэр ГХХК-ийн нэр дээр хэвээрээ байгаа ба тус компани нь миний нэр дээр буцаан шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул би өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ өмчлөх, захиран зарцуулах боломжгүй болж миний өмчлөх эрх зөрчигдөн цаашид явуулах үйл ажиллагаанд саад учирч байна.

            Иймд Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ дуусгавар болж, тээврийн хэрэгсэл, чиргүүлүүд өмчлөгч миний бодит эзэмшилд байгаа хэдий ч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаагаас дараах хохирол учраад байна.

            1.Мөн бидний хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч ГХХК нь гэрээ байгуулснаас эхлэн нэг сарын тээврийн хэрэгсэл \чирэгч толгой, чиргүүл\-ийн түрээсийг сарын 0-6 хүртэлх рейс 4.000.000 төгрөг байхаар, өөрөөр хэлбэл рейс хийгээгүй байсан ч түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохирсон.

            Гэрээ 2018.09.28-ны өдөр байгуулагдаж 2018.10.27-ны өдөр цуцлагдсан, тиймээс нэг тээврийн хэрэгслийг нэг сар түрээслэх түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг, нийт 5 тээврийн хэрэгсэл 20.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

            2.Би Тэнүүн жинчид ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 05/18 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан ба маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг тус компанийн нэр дээр шилжүүлэн өгч үйл ажиллагаа явагдах байсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч хохирсоор байгаа тул дээрх гэрээгээр олох байсан орлого 210.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

            3.Б.Уминий бие Тайхар Ундарга Инвестмент ББСБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж нийт 400.000.000 төгрөгийн зээл авсан.

            Зээлийн хүү болон эргэн төлөлтийг өөрийн өмчийн Татра маркийн чирэгч болон чиргүүлүүдийг бусад түрээсэлж олсон орлогоороо төлж ирсэн юм.

            Гэтэл хариуцагч ГХХК-ийн хууль бус үйлдлээс болж зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байдалд хүрч өнөөдрийг хүртэл хохирсоор байна.

            Зээлийн гэрээний үүрэгт ББСБ-аас нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, зогсоолын төлбөр нийт 43.213.312 төгрөгийг төлсөн тул ГХХК-иас гаргуулж авахаар нэхэмжилж байна.

            Иймд хариуцагч ГХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/09 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг, Тэнүүн жинчид ХХК-тай байгуулсан гэрээгээр олох байсан орлого 210.000.000 төгрөг, Тайхар Ундарга Инвестмент ББСБ ХХК-иас нэхэмжилсэн зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүү болон, зогсоолын төлбөр нийт 43.213.312 төгрөг, нийт 273.213.312 төгрөгийг ГХХК-иас гаргуулж, ГХХК-иас шаардлагатай бичиг баримтыг гаргуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Б.У-ыннэр дээр бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

            ГХХК нь Б.Утай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/9 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Татра маркийн чирэгч толгой 10 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн СИМС үйлдвэрийн нүүрс тээвэрлэх зориулалт бүхий 20 ширхэг чиргүүлийг хүлээлгэн өгч, түрээслүүлэхээр тохиролцсон.

            Гэрээний 2.1 дэх заалтаар нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чиргүүлийг хамтад нь ойлгоно/-ийн түрээс сард нэг машин 6 удаа рейс хийх тохиолдолд 4.000.000 төгрөг байхаар, 7-8 удаа рейс хийх тохиолдолд 5.000.000 сая төгрөг бахаар, 9-10 удаа рейс хийхэд 7.000.000 төгрөг байхаар тохиролцсон.

            Өөрөөр хэлбэл машины очер, дараалал, хил гаалийн үйл ажиллагаанаас хамаарч, 1 машины сард явах рейсийг ялгамжтайгаар тогтоож түрээсийн төлбөрийг өөр өөр байхаар тогтоосон. Компани түрээсийн зүйл болох эд хөрөнгүүдийг түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн бүтнээр, тээвэрлэх нөхцөл шаардлагыг хангасан байхаар харилцан тохиролцсон.

            Гэвч түрээслэгч гэрээнд заасны дагуу автомашинуудыг бүрэн бүтнээр хүлээлгэн өгөөгүй бөгөөд Өмнөговь аймгийн Цогц цэций сумын Таван толгойн уурхайгаас 25км зайд орших АУМ компанийн кемпээс түрээслэх ёстой байтал уг кемп дээр түрээсийн зүйл болох авто машин чиргүүлүүд байгаагүй.

            Бид нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан хандаж, ярилцан тохиролцож, түрээсийн машинуудыг түрээсийн гэрээгээр тохиролцоогүй Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Таван толгойн уурхайд авч ирэхээр харилцан тохиролцсон.

            Түрээсийн гэрээний дагуу түрээслэх машин, чиргүүлийг таван толгойн нүүрсний уурхайд байршуулж байсан бол бид зардал гаргаж Дорноговь аймгийн Ханги боомтоос 400км газар явж таван толгойд 14 ширхэг толгой, чиргүүлийг тээвэрлэн авч ирэх шаардлага байгаагүй.

            Тухайн үед Уянга тээврийн зардлыг нь та бүхэн урьдчилаад гаргачих. Би түрээсийн төлбөрөө эхний саруудад авахгүйгээр гарсан зардлыг чинь нөхөж төлнө гэдэг зүйлийг удаа дараа хэлж, удаа дараа Б.У99103565 дугаарын утаснаас ярьж, мессеж бичиж, хуулийн зөвлөх Нацагаа гэх хүн дараа мессеж бичиж, утсаар ярьж байсаны дагуу хүсэлтийг зөвшөөрч бид өөрсдийн зардлаар тээвэр хийсэн.

            Манай компанийн ажилчид болон механик, инженер, засварчин хамт явж 14 ширхэг толгой, чиргүүлийг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт байрлах Таван толгойн уурхайгаас 25 км зайд байршилтай таны АУМ компанийн эзэмшлийн кемпэд авчирсан.

            Авч ирэх явцад машин бүрт эвдрэл үүссэн. Үүнийг механик Ёозип, Петор нар хамт явж, машин засварлаж байснаараа сайн мэдэж байгаа.

            Дээрх 14 машинуудыг засварлаж, эхний 5 машиныг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тээвэрт гаргасан. Үлдсэн 5 машин ямар ч тээвэрт гарах боломжгүй, эвдрэл гэмтэл ихтэй байсан. Энэ нь машин түрээслэх түрээсийн гэрээ хэрэгжихгүй нөхцөл байдалд хүрсэн.

            Ингээд бид 5 авто машинаар нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлсэн боловч гарсан 5 машин тээвэрт явах замдаа удаа дараа эвдрэл үүсч 2 машин нэг рейс хийх явцдаа эвдрэл гарч зогссон тул 3 авто машинаар тээвэр хийсэн бөгөөд 1 машин нь 3 рейс, нөгөө 2 машин 2, 2 рейс хийсэн. Түүний дараагаар уг авто машинд гарсан эвдрэл ихсэж, улмаар дугуйгүй болж, тээвэрлэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Бид машиныг яаралтай засварлаж өг гэдэг шаардлагыг уулзаж болон утсаар ярьж удаа дараа хэлсэн боловч та гэрээний үүргээ биелүүлээгүй.

            Дээрх 5 машинаар рейс хийсэн тооцоог тооцоолж үзвэл хийтдээ 9 удаагийн рейсийн мөнгө гарсан байдаг. Энэ нь нэг рейс тутам гэрээ ёсоор 666,000 төгрөг буюу 6,000,000 төгрөг болсон. Энэ нь гэрээний дагуу компаниас төлөх түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг болсныг илтгэнэ.

            Б.У-ынөмчлөлийн 14 машиныг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Өмнөговь аймгийн Цогт цэций суманд авчирч, 5 машиныг засварлаж, 9 удаагийн рейс хийж дуусгах хүртэл манай компаниас 48,454,000 төгрөгний зардал гарсанаас 9 удаагийн рейсийн төлбөр 6,000,000 төгрөгийг хасахад өнөөдрийн байдлаар 42,454,000 төгрөгний авлага үүссэн.

            Б.Утай компаний 14 Татра машин Хангийн боомтоос Эрдэнэс таван толгой уурхай зөөхөд гарсан зардал гэх тооцоог 2 ч удаа хийсэн. Энэ тооцоогоор нийт гарсан зардал 20.676.800 төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрсөн.

            Энэхүү тооцоо хийсэн баримтын дагуу төлбөрөө төлөхийг Б.Уд удаа дараа албан бичиг хүсэлт явуулсан боловч 2018.12.23-ны өдөр компанид ирүүлсэн албан бичигтээ 5.376.800 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Энэ нь гарсан бодит зардалтай харьцуулахад бага байгаа учир гарсан зардлыг бодитоор өгөхийг удаа дараа шаардсан.

            Гэрээнээс үүдэлтэй гарсан зардлаа тооцоо нийлсэн актынхаа дагуу төлсөн тохиолдолд авто машинуудын гэрчилгээг гарган өгөхөд бид татгалзах зүйлгүй юм.

            Гэрээнээс үүссэн хохирол олох байсан орлого 273.213.312 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Учир нь гэрээний 2.1 дэх заалтаар нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чиргүүлийг хамтад нь ойлгоно/-ийн түрээс сард нэг машин 6 удаа рейс хийх тохиолдолд 4.000.000 төгрөг байхаар, 7-8 удаа рейс хийх тохиолдолд 5.000.000 төгрөг байхаар, 9-10 удаа рейс хийх тохиолдолд 7.000.000 сая төгрөг байхаар үнийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл машины оочир, дараалал, хил гаалийн үйл ажиллагаанаас хамаарч, 1 машины сард явах рейсийг ялгамжтайгаар тогтоож түрээсийн төлбөрийг өөр өөр байхаар тогтоосон байдаг.

            Гэтэл Б.Унь энэхүү нөхцлийг буруугаар ойлгож эвдэрхий тээврийн хэрэгсэл өгсөн ч, рейс хийгээгүй байсан ч сард Голден Фрейд ХХК нь 4.000.000 сая төгрөгийг Б.Уд өгч байх ёстой гэж тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.2-т заасан хуулийн зүйл заалтад нийцэхгүй байна.

            Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээгээр тохиролцсон 10 толгой 20 чиргүүлийг шилжүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй тул эрхийн доголдолтой гэж үзнэ.

            Голден Фрейд ХХК нь иргэн Б.Утай Тээврийн хэрэгсэл түрээслэх,түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээг 2018.09.28-ны өдөр 3 сараар буюу 2018.12.28-ны өдрийг хүртэл байгуулсан. Энэ нь гэрээний 3 дахь заалтын 1-ээр тодорхойлдог. Мөн гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасанд тооцохоор тохиролцсон.

            Б.Унь Голден Фрейд ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээг 2018.09.28-ны өдөр 3 сараар буюу 2018.12.28-ны өдрийг хүртэл байгуулсан атлаа гэрээний үүргээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрэнгүүт хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлтийг гэрээний хугацаа дуусахаас 15 хоногийн өмнө буюу 2018.12.13-ны өдөр өгсөн байдаг. Гэрээний хугацаа 2018.12.28-ны өдөр дуусгавар болохоор заасан.

            Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад, гэрээ хүчин төгөлдөр байхад бусад этгээдтэй буюу Тэнүүн жинчид ХХК-тай гэрээ байгуулж, улмаар уг компанитай гэрээ байгуулснаас үүдэн учирсан хохирол нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

            Б.УГолден Фрейд ХХК-д 20.676.800 төгрөгний зардал төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлсөнөөр авто машинуудыг шилжүүлэн авахыг мэдсээр байж Тэнүүн жинчид ХХК-тай дүр үзүүлэн хэлцэл хийж, учирсан хохирол гээд байгаа нь хуульд нийцэхгүй тул үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэж шаардах үндэслэлгүй байна.

            -Мөн Тайхар ундарга Инвестмент ББСБ-тай 2017.10.06-ны өдөр 2017/10/16 дугаар зээлийн гэрээгээр Б.Унь 250.000.000 төгрөгийг сарын 3 хувиар зээлж, зээлийн гэрээг 2018.10.06-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан байна. Мөн 2017.10.06-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж уг гэрээний 2 дахь заалтаар 8531 УБ Бульдозерыг барьцаалсан байна.

            Энэ нь Б.У-ынавто машинууд барьцаалагдаагүй, мөн зээлийг өөр зориулалтаар авсан. Зээлийн төлөлтийг Тээврийн үйлчилгээ үзүүлсэний хөлснөөс төлнө гэсэн нэг ч заалт алга байна.

            Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул 273.213.312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Голден Фрейд ХХК нь иргэн Б.Утай 2018.09.28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Татра маркийн чирэгч толгой 10 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн СИМС үйлдвэрийн нүүрс тээвэрлэх зориулалт бүхий 20 ширхэг чиргүүлийг хүлээлгэн өгч, түрээслүүлэхээр тохиролцсон.

            Гэрээний 2.1 дэх заалтаар Нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чиргүүлийг хамтад нь ойлгоно/-ийн түрээс сард нэг машин 6 удаа рейс хийх тохиолдолд 4.000.000 төгрөг байхаар, 7-8 удаа рейс хийх тохиолдолд 5.000.000 төгрөг байхаар, 9-10 удаа рейс хийх тохиолдолд 7.000.000 сая төгрөг байхаар үнийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл машины очер, дараалал, хил гаалийн үйл ажиллагаанаас хамаарч, 1 машины сард явах рейсийг ялгамжтайгаар тогтоож түрээсийн төлбөрийг өөр өөр байхаар тогтоосон.

            Гэрээнд заасны дагуу автомашинуудыг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөөгүй бөгөөд Өмнөговь аймгийн Цогц цэций сумын Таван толгойн уурхайгаас 25 км зайд орших АУМ компанийн кемпээс түрээслэх ёстой байтал уг кемп дээр түрээсийн зүйл болох авто машин чиргүүлүүд байгаагүй.

            Бид энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан хандаж, ярилцан тохиролцож, түрээсийн гэрээгээр тохиролцоогүй асуудал болох түрээсийн машинуудыг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Таван толгойн уурхайд авчирахаар харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээний дагуу Түрээслэх машин, чиргүүлийг таван толгойн нүүрсний уурхйд байршуулж байсан бол бид зардал гаргаж Дорноговь аймгийн Ханги боомтоос 400км газар явж таван толгойд 14 ширхэг толгой, чиргүүлийг тээвэрлэн авч ирэх шаардлага байгаагүй.

            Энд гаргасан бүх зардлыг Б.Унь түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн машины рейсийн мөнгөнөөс тооцон өгөхийг зөвшөөрч, гарсан зардлыг төлөхөөр тохиролцсон.

            Манай компаний ажилчид болон механик, инженер, засварчин хамт явж 14 ширхэг толгой, чиргүүлийг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт байрлах Таван толгойн уурхайгаас 25 км зайд байршилтай Б.У-ынАУМ компанийн эзэмшлийн кемпэд авчирсан. Авч ирэх явцад машин бүрт эвдрэл үүссэн.

            Дээрх 14 машинуудыг засварлаж, эхний 5 машиныг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тээвэрт гаргасан. Энэ нь 10 машин түрээслэх түрээсийн гэрээ хэрэгжихгүй нөхцөл байдалд хүрсэн.

            Ингээд бид 5 автомашинаар нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлсэн боловч гарсан 5 машин тээвэрт явах замдаа удаа дараа эвдрэл үүсч 2 машин нэг нэг рейс хийх явцдаа эвдрэл гарч зогссон. Ингээд 3 авто машинаар тээвэр хийсэн бөгөөд 1 машин нь 3 рейс, нөгөө 2 машин 2, 2 тээвэрлэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Бид машиныг яаралтай засварлаж өг гэдэг шаардлагыг уулзаж болон утсаар ярьж удаа дараа хэлсэн боловч Уянга гэрээний үүргээ биелүүлээгүй.

            Дээрх 5 машинаар рейс хийсэн тооцоог тооцоолж үзвэл нийтдээ 9 удаагийн рейсийн мөнгө гарсан байдаг.Энэ нь нэг рейс тутам гэрээ ёсоор 660.000 төгрөг буюу 6.000.000 төгрөг болсон. Энэ нь гэрээний дагуу компаниас төлөх түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг болсныг илтгэх бөгөөд 9 удаагийн рейс хийсэн.

            Б.У-ынөмчлөлийн 14 машиныг Дорноговь аймгийн Ханги боомтоос өөрсдийн зардлаар тээвэрлэлт хийж Өмнөговь аймгийн Цогт цэций суманд авчирч, 5 машиныг засварлаж, 9 удаагйн рейс хийж дуусгах хүртэл манай компаниас 48.454.000 төгрөгний зардал гарсан. Дээрх гарсан зардлаас таньд төлөх ёстой 9 удаагийн рейсийн төлбөр 6.000.000 төгрөгийг хасахад өнөөдрийн байдлаар 42.454.000 төгрөгний авлага үүсч байна.

            Дээрх нийт гарсан зардлаас манай компани хэрвээ түрээсийн гэрээний дагуу машин түрээслээгүй байсан бол олох боломжгүй орлого гэж үзэж, гэрээний дагуу гарсан зардлаас хасах шаардлагагүй олсон орлогоо хүртэл дээрх 42.454.000 төгрөгөөс хасч, Б.У, түүний нөхөртэй зөвхөн 14 тетра машиныг Хангийн боомтоос Эрдэнэс таван толгой уурхай хүртэл авч ирэхэд гарсан зардлыг Б.Утөлөхөөр харилцан тохиролцож, тооцоо нийлсэн.

            ГХХК нь иргэн Б.Утай 2018.09.28-ны өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дүгэр гэрээг байгуулж, уг гэрээгээр Татра маркийн чирэгч толгой 10 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн СИМС үйлдвэрийн нүүрс тээвэрлэх зориулалт бүхий 20 ширхэг чиргүүлийг хүлээлгэн өгч, түрээслүүлэхээр тохиролцсон боловч гэрээгээр тохиролцсон 10 ширхэг толгой, 20 ширхэг чиргүүлийг түрээслээгүй.

            Б.Уанх гэрээ байгуулахад амаар тохиролцсон тохиролцоогоор 20 толгой, 20 чиргүүл гэж тохиролцож Дорноговь аймгийн Ханги боомтоос 14 машиныг Өмнөговь аймгийн Цогт цэций суманд бидний зардлаар авчруулсан. Гэвч 5 машин л явах боломжтой, засвар авсан, үйл ажиллагаанд оролцох боломжтой байсан.

            ГХХК нь Б.Уас 2018.09.28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дүгээр гэрээний дагуу 20 толгой 20 чиргүүл авна гэж байсан боловч Б.Унь 10 толгой 20 чиргүүлийг найдвартай гаргаж өгнө, засварлаад өгнө гэдэг зүйлийг хэлж, гэрээг байгуулсан.

            Гэтэл Б.Унь 8373 УНЭ, 2436 УНЛ, 2437 УНӨ, 2254 УНӨ, 3294 УНС, улсын дугаартай ТАТРА маркийн 5 толгой, 2305ГЧ, 2628ГЧ, 2626ГЧ, 2306ГЧ, 4157ГЧ, гэх 5 чиргүүлийг өгсөнөөс өөр авто машиныг гэрээний дагуу шилжүүлээгүй.

            ГХХК нь Б.Уас 10 толгой, 20 чиргүүл түрээслэнэ гэж найдаад БНХАУ-ын JOC GREAT WALL CORP.LLC-тай нүүрс тээвэрлэх JOCO8/17 дугаар гэрээг байгуулж, уг гэрээгээр Б тал буюу ГХХК нь А талд нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан байдаг.

            Уг гэрээг 2018.08.17-ны өдөр байгуулж, гэрээний 1 дэх заалтаар 35 ширхэг машин болон чиргүүлээр нүүрс тээвэрлэх үйлчилгээг 2018.08.20-оос 2019.08.20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг.

            Дээрх гэрээ байгуулагдасны дагуу ГХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр Б.Утай 2018.09.28-ны өдөр Тээврийн гэрээ түрээслэх,түрээслүүлэх 2018/09 дүгээр гэрээг байгуулж, 20 толгой 20 чиргүүл авна гэж заасан боловч Б.Унь гэрээнд заасан үүргээ үл биелүүлсэн тул бид БНХАУ-ын JOC GREAT WALL CORP.LLC-тай байгуулсан гэрээгээр хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдалд хүрч, бизнесийн итгэлцэлийн зарчим алдагдсан.

            Хэрвээ бид Б.У-ынгэрээнд зааснаар 10 ширхэг толгой, 20 чиргүүлийг гэрээнд заасан 3 сарын хугацаанд түрээсэлсэн бол БНХАУ-ын JOC GREAT WALL CORP.LLC-аас зайлшгүй орох байсан орлогоо алдах нөхцөл байдалд хүрэхгүй байсан.

            Иймд ИХ-ийн 227 дугаар зүйлд заасны дагуу Б.Унь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс зайлшгүй орох байсан орлого 281.904.840 төгрөгийг, Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээнээс үүдсэн хохирол 20.676.800 төгрөгийн хамт Б.Уас гаргуулан өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

            2018.09.28-ны өдрийн №2018/09 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-д: ...0-6 хүртэлх рейс 4.000.000 төгрөг ... байхаар заасан. Өөрөөр хэлбэл машин сард рейс хийхгүй байсан ч 4.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож заалт болгон оруулсан юм.

            Гэрээ байгуулагдахаас өмнө Ё.Ууганбаяр нь надтай уулзаад танай татра машинуудыг түрээсэлмээр байна, Хангийн боомтоос Өмнөговь руу зөөх зардлыг би гаргая, дараа нь түрээсийн гэрээгээ байгуулья гэсэн. Тэгээд дараа нь 2018.08.17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Хангийн боомтоос Өмнөговь аймаг руу татра автомашин зөөхөд зардал гэсэн хүснэгт үзүүлээд гарсан зардлаа баталгаажуулах гэсэн юм гээд гарын үсэг зуруулсан. Тиймээс түрээсийн зүйлүүд түрээслэх газраа байгаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.

            Түрээсэлсэн машинуудыг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Гэтэл Ё.Ууганбаяр нь элдэв шалтаг тоочин түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн, гэвч тэрээр гэрээгээ шинэчилье би давхар чиргүүлээр явуулахгүй бол ашиг бага байгаад байна, машины дугуй болон /доль/ чиргүүлийн холбогчийг би өөрөө олъё гэхээр нь би зөвшөөрөөд хэд хоногийн дараагаас уулзалдахад бас л элдэв шалтаг ярихаар нь гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн.

            Үүнээс хойш машинуудыг эргүүлж өгсөн боловч гэрчилгээнүүдийг шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Үүнээс болж надад машинуудаа түрээслэх үйл ажиллагаа явуулахад саад учирч хохирсоор байна, машинуудыг түрээслэе гэсэн саналууд ирсээр байгаа боловч энэ нөхцөл байдлаас болж гэрээ байгуулж болохгүй байгаад байна. Сөрөг нэхэмжлэлд дурьдсан бусад бүх зүйлүүд нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

            Нэхэмжпэгч Б.Унь хариуцагч ГХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 273.213.312 төгрөгийн хамт гаргуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            1.1. Хариуцагч ГХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Утай 3 сарын хугацаатай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээ байгуулжээ. /хх-ийн 4-7-р хуудас/

            Талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

            Дээрх Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч Б.Унь түрээслэгч ГХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж Татра маркийн чирэгч толгой 10 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн СИМС үйлдвэрийн чиргүүл 20 ширхэгийг шилжүүлэх, түрээслэгч ГХХК нь гэрээгээр нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чирэгч/-ийн түрээсийн төлбөрт сарын 0-6 рейс 4.000.000 төгрөг, 7-8 рейс 5.000.000 төгрөг, 9-10 рейс 10.000.000 төгрөг, 11 ээс дээш рейс хийвэл 7.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-14-р хуудас/

            Түрээслүүлэгч Б.Унь дээрх гэрээгээр чирэгч толгой /зүтгүүр/ 10 ширхэг, чиргүүл 20 ширхэгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч дараах 5 ширхэг чирэгч толгой /зүтгүүр/, 5 ширхэг чиргүүлийг бодитоор шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:

            1.22-54 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-06 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

            2.32-94 УНС улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 41-57АЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

            3.24-36 УНЛ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-28 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

            4.83-73 УНЭ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-05 ГЧ улсын дугаартай LST9402XXY маркийн чиргүүл,

            5.22-37 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-26 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл /хх-ийн 11-14 р хуудас/

            Талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл, түрээслэх, түрээслүүлэх гэрээг түрээсийн зүйл болох зүтгүүр, чиргүүл нь эвдрэл их байна гэсэн шалтгаанаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгч, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цуцлан, Ханги боомтоос Эрдэнэс таван толгойн уурхайд тээврийн хэрэгслүүдийг зөөхөд зарцуулсан зардлыг тооцож талууд тооцоо нийлж түрээслүүлэгч Б.У, түрээслэгч ГХХК-ийн захирал Ё.Ууганбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 27-28-р хуудас/

Түрээслэгч /хөлслөгч/ ГХХК нь түрээсийн зүйлийг биет байдлаар түрээслүүлэгч /хөлслүүлэгч/ Б.Уд хүлээлгэн өгсөн боловч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5.-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ бүрэн биелүүлж түрээсийн зүйлийн бичиг баримтуудыг түрээслүүлэгч Б.У-ыннэр дээр шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

1.2.Дээрх гэрээгээр түрээслэгч ГХХК нь гэрээгээр нэг тээврийн хэрэгсэл /чирэгч толгой, чирэгч/-ийн түрээсийн төлбөрт сарын 0-6 рейс 4.000.000 төгрөг, 7-8 рейс 5.000.000 төгрөг, 9-10 рейс 10.000.000 төгрөг, 11-ээс дээш рейс хийвэл 7.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 9 рейс хийсэн болох нь хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 130-142-р хуудас/

Эндээс үзэхэд талууд тээврийн хэрэгслийн рейс хийсэн тоогоор түрээсийн төлбөрийг үе шаттайгаар төлөхөөр тохирсон байх тул нэг тээврийн хэрэгслийг нэг сар түрээслэх түрээсийн төлбөрт 4.000.000 төгрөг төлөхөөр тохирсон гэж үзэх үндэсгүй.

Иймд түрээслэгч ГХХК нь 5 тээврийн хэрэгсэлд сар бүр 20.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэггүй, тухайн сард гүйцэтгэсэн ажил болох рейсийн тоогоор төлбөр төлөх үүрэгтэй байна.

            1.3.Нэхэмжлэгч Б.Унь Тэнүүн жинчид ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 05/18 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, ГХХК-тай байгуулсан гэрээний зүйлийг түрээслүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 92-95-р хуудас/

            Нэхэмжлэгч Б.Унь хариуцагч ГХХК-тай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулж 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цуцалж талууд тооцоо нийлсэн байна.

            Түрээслүүлэгч Б.Унь ГХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээг цуцалснаас хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Тэнүүн жинчид ХХК-тай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд эхний гэрээний үр дагаврыг бүрэн арилгаагүй дараагийн гэрээ байгуулж байгаад хариуцагчийг буруутгаж түрээслүүлэгчийг олох ёстой орлого 210.000.000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 92-100-р хуудас/

            Мөн Б.У, Тэнүүн жинчид ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээний үүрэгт ГХХК үүрэг хүлээх үндэслэлгүй юм.

            1.4. Нэхэмжлэгч Б.У нь Тайхар Ундарга Инвестмент ББСБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж нийт 400.000.000 төгрөгийн зээл авч зээлийн барьцаанд САТ Бульдозер маркийн тээврийн хэрэгслийг байршуулжээ. /хх-ийн 104-114-р хуудас/

            Дээрх гэрээний үүргийг зээлдэгч Б.У, зээлдүүлэгч Тайхар Ундарга Инвестмент ББСБ ХХК нар хүлээх учиртай тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, зогсоолын төлбөр нийт 43.213.312 төгрөгийг Г ХХК төлөх үүрэггүй байна.

            Иймд хариуцагчаас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/09 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг, Тэнүүн жинчид ХХК-тай байгуулсан гэрээгээр олох байсан орлого 210.000.000 төгрөг, Тайхар Ундарга Инвестмент ББСБ ХХК-иас нэхэмжилсэн зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүү болон, зогсоолын төлбөр нийт 43.213.312 төгрөг, нийт 273.213.312 төгрөгийг Г ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түрээсийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Б.У-ын нэр дээр бүртгүүлэхийг даалгах үндэстэй.

            ХОЁР.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Б.У-д холбогдуулан зайлшгүй орох байсан орлого 281.904.840 төгрөгийг, Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээнээс учирсан хохирол 20.676.800 төгрөгийн хамт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Унь хариуцагч ГХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3 сарын хугацаатай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээ байгуулжээ. /хх-ийн 4-7-р хуудас           /

            Нэхэмжлэгчийн өмчлөлийн 14 машиныг Дорноговь аймгийн Ханги боомтоос Өмнөговь аймгийн Цогт цэций суманд Эрдэнэс таван толгой уурхайд авч ирэхэд гарсан зардлыг гэрээний талууд тооцоо хийн ГХХК-иас 20.676.800 төгрөгийн зардал гарсан талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 28-р хуудас/

            Хариуцагч Г ХХК нь БНХАУ-ын JOC GREAT WALL CORP.LLC-тай нүүрс тээвэрлэх JOCO8/17 дугаартай гэрээг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулж өөрийн өмчлөлийн 35 ширхэг машин болон чиргүүлийг , JOC GREAT WALL CORP.LLC-д гүүрс тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 148-150-р хуудас/

            Дээрх гэрээний хавсралт гэх баримтад Б.У-ынГХХК-д түрээслүүлсэн гэх 22-54 УНӨ, 32-94 УНС, 24-36 УНЛ, 83-73 УНЭ, 22-37 УНӨ дугаартай чирэгч, 23-06 ГЧ, 41-57АЧ, 26-28 ГЧ, 23-05 ГЧ, 26-26 ГЧ дугаартай чиргүүл гэж байгаа боловч уг гэрээний дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдээгүйгээс хариуцагч ГХХК-д орох байсан орлого 281.904.840 төгрөгөөр буурсан гэж үзэх үндэсгүй юм.

            Өөрөөр хэлбэл хариуцагч ГХХК нь нэхэмжлэгч Б.Утай Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын JOC GREAT WALL CORP.LLC-тай нүүрс тээвэрлэх JOCO8/17 дугаартай гэрээг байгуулсан байна./хх-ийн 4,148-р хуудас/

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5.-д Гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

Хөлслөгч ГХХК, хөлслүүлэгч Б.Унарын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх 2018/09 дугаартай гэрээний зүйл доголдолтой байсанаас ГХХК нь БНХАУ-ын JOC GREAT WALL CORP.LLC-тай 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Нүүрс тээвэрлэх JOCO8/17 дугаартай гэрээг биелүүлж чадахгүйд хүрч ГХХК-д орох байсан орлого 281.904.840 төгрөгөөр буурсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд ГХХК ийн зайлшгүй орох байсан орлого 281.904.840 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн

318.5.-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж,

287.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

289 дүгээр зүйлийн 289.1.2.-т Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

            Иймд ГХХК нь Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хийсэн нийт 9 рейсийн 6.000.000 төгрөгийг Б.Уд төлөх үүрэгтэй байх бөгөөд Ханги боомтоос Эрдэнэс таван толгой уурхайд тээврийн хэрэгслийг авч ирэхэд гарсан зардалд талуудын тооцоо нийлсэн баримтаар Б.Унь ГХХК-д төлөх төлбөр болох 20.676.800 төгрөгнөөс хасч үлдэх 14.676.800 төгрөгийг Б.Уас гаргуулж ГХХК-д олгох үндэстэй. /хх-ийн 28, 130,131-р хуудас/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 318 дугаар зүйлийн 318.1.дэх хэсэгт зааснаар

            22-54 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-06 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

            32-94 УНС улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 41-57АЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

            24-36 УНЛ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-28 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл,

            83-73 УНЭ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 23-05 ГЧ улсын дугаартай LST9402XXY маркийн чиргүүл,

            22-37 УНӨ улсын дугаартай TATRA маркийн зүтгүүр, 26-26 ГЧ улсын дугаартай LST9402 XXY маркийн чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Б.У-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 273.213.312 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 289 дүгээр зүйлийн 289.1.2.,-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 14.676.800 төгрөгийг нэхэмжлэгч Б.У-с гаргуулж Г ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 281.904.840 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.595.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.829.474,20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 231.334 төгрөгийг гаргуулан хариуцагч Г ХХК-д олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

            5 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО