Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2019/01013

 

 

 

 

          2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2019/01013

  Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Г холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, гэрч Т.Э, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Э миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 241.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дугаарт бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах юм. Нэхэмжлэгч Э.Э надаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00917 дугаартай шийдвэрийн дагуу 14.462.400 төгрөг гаргуулж М ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Э.Э миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дугаарт бүртгэлтэй 241.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дугаарт бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03-р сарын 27-ны өдөр 4/7669 дугаартай мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг танилцуулсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэлгээ хийсэн шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй хэт доогуур 72.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй үл хөдлөх хөрөнгө болон газраа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болохоор алдахад хүрээд байгаа болохоор эрхээ хамгаалуулахаар үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гаргаж байна. Иймээс Э.Э миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 33 дугаар гудамж 27 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 241.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө дугаарт бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 72.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н Г шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр Э.Эээс 14.462.400 төгрөг гаргуулж М ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Э.Эийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 241.5 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тухай 91 дүгээр тогтоолоор С ХХКомпанийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон. С ХХКомпани 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ нь 72.000.000 төгрөг гэж үнэлэгдсэн бөгөөд үнэлгээг талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4/7669, 4/7668 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, хууль бус ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Э нь Н Г холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н Г нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Э.Э албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудаас үнийн санал авахад  харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК нь дүгнэлтээ хуулийн дагуу хийж гүйцэтгэж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Н Гнь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00917 дугаар шүүгчийн захирамжаар М ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нар нь 14.462.400 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Э-ийн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Чингэлтэй дүүргийн 241.5 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийг битүүмжлэн хурааж, С ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 72.000.000 төгрөгийн үнэлгээг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.

 

Гомдол гаргагч Э.Э С ХХК нь миний хувийн сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний газрыг 72.000.000 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, хэт хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч С ХХК-иар хийлгэсэн 72.000.000 төгрөгийн үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Мөн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

 

Нэхэмжлэгч Э.Э нь тухайн газар нь Нийслэлийн газар төлөвлөлтөд орсон, айлууд газраа чөлөөлөхөөс гадна компаниуд 180.000.000-200.000.000 төгрөгөөр айлуудын газрыг худалдаж авч байхад С ХХК-ийн үнэлгээ  бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 241.5 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, 700 кв гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Эийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 03302 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                         

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН