Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,  

улсын яллагч Ш.Анужин,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өд холбогдох эрүүгийн 2305000000211 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, “*******” ХХК-нд бүжгийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *******, “Рапид” харш хотхоны 7-р байрны 100 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааранд хохирогч *******ийг “мөрлөж, муухай харлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн чихэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн хувьд маргахгүй. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ийн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Стелла” бааранд Баярхүү, Энхболд, Сүх-Эрдэнэ нарын хамт ороод хүний 1, 1 шил пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгэхэд үл таних нэг залуу намайг “яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “яасан бэ” гэтэл тухайн залуу “тамхины өрөө рүү орох уу” гэхээр нь би “тэгье” гээд тамхины өрөө рүү манай найз Энхтүвшин үл таних залуугийн найз бид 4 хамт орсон. Тэгтэл манай Энхтүвшинийг нэг залуу нь цохиод авахаар нь би тэр цохисон залууг бооход хажуу талаас нөгөө үл таних залуу нь миний хамар руу цохиод миний хамрыг хугалж бас миний шүдийг хугалсан. Баарны хамгаалагч нар араас орж ирээд бид хоёрыг салгасан ба намайг цохисон залууг цагдаа нар ирээд эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн. Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, энэ талаар баримт надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал/,

Гэрч :

“...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед намайг гэртээ байхад манай найз Сантүндэв, Сүх-Эрдэнэ, Энхтүвшин нар манайд ирээд бид нар 10 ширхэг лаазтай пиво хувааж уусан. Тэгээд шөнийн цаг өнгөрч байх үед бид нар Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” нэртэй бааранд ороод хүний 2, 2 пиво уусан. Сүх-Эрдэнэ бид 2 бүжгийн талбай руу гараад нөгөө 2 найз маань ширээн дээрээ суугаад үлдсэн. Намайг бүжиглэж байхад чанга яригчаар “хүмүүс маргаад байна” гэж хэлэхээр нь би найз Сүх-Эрдэнийн хамт очоод харах үед манай найз Сантүндэвийн хамраас цус гараад мөн далийсан байдалтай байсан. Тэгтэл хажууд нь зогсож байсан үл таних залуу “би танай найзын хамар руу цохисон юм, уучлаарай” гэж хэлээд их согтсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Гэрч :

“...Баярхүү бид хоёрыг бүжгийн талбай дээр бүжиглэж байтал тус баарны зохион байгуулагч чанга яригчаар “хамгаалагч нар тамхины өрөө рүү яваарай” гэж хэлэхээр нь би найз Баярхүүгийн хамт очиход Сантүндэвийн хамарнаас цус гарсан байдалтай байсан. Хажууд нь зогсож байсан үл таних хүн “би танай найзыг цохисон юмаа, уучлаарай” гэж хэлээд орилоод байсан. Зодоон болж байх үед би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Намайг очих үед зодоон болоод дууссан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №1940 дугаартай:

“...*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны оройн 18 цагийн үед найз Болд-Эрдэнэ, Санка нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах пабад ороод пиво ууж сууцгааж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 5-р хороонд байрлах “Стелла” нэртэй бааранд 2 найзын хамт орсон. Тус бааранд ороод бид 3 хүний 3 шил, нийт 9 шил пиво уусан. Намайг бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байхад Сантүндэв намайг мөрлөсөн. Би түүн рүү харсан чинь Сантүндэв над руу муухай хараад байхаар нь би түүнд хандаж “тамхины өрөөнд орж ярилцъя” гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн. Тамхины өрөөнд Сантүндэвийн найз манай найз Болд-Эрдэнэ нарын хамт орж ирээд байж байтал Сантүндэвийн найз над руу дайрч толгойд хүрээд байсан чинь Санка орж ирээд үл таних хоёр залуутай маргасан. Тэгтэл Сантүндэв Санкаг бариад авахаар нь би очоод Сантүндэвийн нүүр хэсэг рүү цохих үед түүний хамраас цус гарсан. Сантүндэв “намайг хэн цохисон бэ” гэж асуухаар нь би түүнд хандаж “би чамайг цохисон юмаа, уучлаарай хөгшөөн тохирч болох уу” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаагийн албан хаагч нар ирж намайг авч явсан. *******ийн эрүүл мэндэд би халдсан. Манай найзууд зодоонд оролцоогүй. Би түүний бодитой зардлыг барагдуулж өгнө...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хохирогч С.Гансүхтэй маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааранд хохирогч *******ийг “мөрлөж, муухай харлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн чихэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Н.Баярхүү, Г.Сүх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №1940 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ