Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/336

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2005031600226 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдүүдийн хамт ******* оршин суух,

- урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, яг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан, *******, /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч ******* 1.150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч ******* эзэмшлийн “Самсунг Галакси нөт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 нэрийн бараа”-ны дэлгүүрийн 113 тоот лангуунаас хохирогч ******* эзэмшлийн 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны лангуун дээрээс хохирогч ******* “Оппо рено-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 811.104 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвд хохирогч ******* эзэмшлийн 480.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу нийт 3.861.104 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,

Хохирогч *******:

“...Би яармагаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед бэлэн 1.350.000 аваад гэрээсээ гараад 13 цагийн үед “Хархорин” худалдааны төв рүү ороод 6 давхрын шатан дээр хүү Батжаргалд 200.000 төгрөг бэлнээр өгөөд гутал үзэх гэж орсон лангуунд гутал үзээд байж байхад орж ирсэн 30 гаран насны эмэгтэй араас орж ирээд худалдагчийг “тэр гутлыг үзье” гэж лангуу руу зааж авхуулаад босгоод тэгснээ хурдан гараад явчихсан. Тэгээд түрүүвчтэй мөнгө байхгүйг мэдээд камерыг нь шүүтэл тухайн лангуунаас нөгөө эмэгтэй нөгөө эмэгтэй гараад явж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Гэрч :

“...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт Хархорин худалдааны төвд гутал авах зорилгоор аав Гантөмөрийн хамт 7 давхрын 137 дугаар лангуун дээр очиж гутал үзээд нэг танихгүй эгч хүрч ирээд миний цүнхний хажууд сууж байгаад босоод яваад өгсөн. Би худалдагчид мөнгөө гаргаж өгөх гээд түрийвчээ авах гэтэл түрийвч байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 40-41дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 63-66 дахь тал/,

2. Гэмт хэргийн талаарх гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал/,

Хохирогч *******:

“...2020 оны 02 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 14-р хорооны “Сандэй” худалдааны төвийн 3 давхрын 3073 лангуун дээр хувцас үзэж байгаад өмсөж явсан куртикээ тайлаад лангуун дээр тавиад хувцас үзсэн. ...куртикээ өмсөх гээд харсан чинь задарсан байхаар нь халаасаа үзэхэд гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал/,

Хөрөнгө үнэлгээний: “... “Самсунг Галакси нөт 9” загварын хуучин гар утас 920.000 төгрөг...” гэсэн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

3. Гэмт хэргийн талаарх гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/,

Хохирогч *******:

“...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний цүнхний цахилгаан онгорхой дотор талд нь байсан тэр өдрийн орлого 500.000 мянган төгрөг багцаагаар байхгүй байсан. ...Тэгээд би дээшээ гараад захирлын өрөөнөөс камер шүүгээд харахад саарал өмдтэй, саарал кеттэй, хажуудаа үүрдэг том хар цүнхтэй, зүүн гарын ядам хуруунд голицоо зүүсэн, үс нь бор шаргал өнгөтэй цагаан сортой 28-33 насны хэвлий хэсгээрээ махлаг дуу эмэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

4. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дэх тал/,

Хохирогч *******:

“...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутагт дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны төвийн 2-р давхарт 2037-8 дугаарын лангуун дээрээ зогсож байгаад өөрийн “Оппо рено 6” загварын хар өнгийн гар утсаа хулгайд алдсан. Үл таних эмэгтэй аваад явж байгаа бичлэг байгаа...” гэсэн мэдүүлэг, / 2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 244-246 дахь тал/,

Хөрөнгө үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

5. Гэмт хэргийн талаарх гомдол / 2 дугаар  хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Хохирогч *******:

“...тэгээд манай лангуу дээр ирээд нэг плаж өмсөж үзсэн “размер байгаа юу” гэж асуусан тэгэхээр нь би “байхгүй уртаас нь байгаа” гэсэн чинь “урт хэрэггүй гэсэн” тэгснээ тэр эмэгтэй гэнэт алга болчихсон. Хяналтын камер шалгахад тэр эмэгтэй 19 цаг 28 минутад манай лангууны урдаас цүнхээ үүрээд маш хурдан гүйгээд гарч байсан. Бэлэн 500.000 төгрөг хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 62-64 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

- 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч ******* 1.150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч М.Гантөмөр, гэрч Г.Батзаяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлээр,

- 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч ******* эзэмшлийн “Самсунг Галакси нөт 9” загварын гар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Өлзийбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлангаар,

- 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 нэрийн бараа”-ны дэлгүүрийн 113 тоот лангуунаас хохирогч ******* эзэмшлийн 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр,

- 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны төв доторх лангуун дээрээс хохирогч ******* “Оппо рено-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 811.104 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангаар,

- 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвд хохирогч ******* лангууны араас 480.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Гантөмөрт 1.150.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэтуяад 480.000 төгрөг, хохирогч Ц.Өлзийбуянд 920.000 төгрөг, хохирогч Б.Амартүвшинд 500.000 төгрөг, хохирогч Д.Болор-Эрдэнэд 811.104 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч ******* нь хохирогч нарт төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд прокурорын зүгээс шүүгдэгчтэй Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тохиролцсон тул уг ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов. 

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, түр оршин суух газар болох , тоотоос өөр газарт очихгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005031600226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 3 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах нэг хоногоор тооцон хасч, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, түр оршин суух газар болох , тоотоос өөр газарт очихгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, түр оршин суух газар болох , тоотоос өөр газарт очихгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ