Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/337

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ө.Мөнхнавч /Нийслэлийн прокурор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2302001590103 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “*******” ХХК-д угсралтын ажилтан ажилтай, ам бүл 7, эхнэр 2 хүүхэд, 3 дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух,

- урьд Бага хангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд *******ны нутагт байрлах 25-р байрны 19 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1885.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Б******* тоотод үзлэг хийсэн тэмдэглэлд: “...балконы хэсэгт гарч хар өнгийн ууттай ургамал мэт зүйл цагаан өнгийн гялгар ууттай дотроо 2 ширхэг хуванцар савтай, саван дотроо ургамал мэт зүйл хийсэн байсныг... өвс мэт зүйлийг №1 гэж дугаарлан албаны жин дээр жинлэж шалгахад 1.785 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан ба цагаан өнгийн гялгар ууттай дотроо өвс мэт зүйлтэй хуванцар савыг №2, №3 гэж дугаарлан хамт нь цахилгаан жин дээр шалгахад 285 грамм байсныг тэмдэглэлд тусгав. ...Пүрэвзүний өмсдөг гэх гадуур хувцасны халаасанд хуульсан зуутын дэвсгэрт байсныг №4 гэж дугаарлан хураан авсан...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* *******, 2023.3.2” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1252 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ургамал мэт зүйл, “2”, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл /2 ширхэг/ тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. “4” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1652.2 гр, “2” дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 133.2 гр, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 100.4 гр байсан ба 0.1 гр-ыг шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай шинжээчийн:

“...******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Шинжээч Я.Ганхүүгийн:

“... *******ий хувьд энэ төрлийн бодисыг олон дахин давтамжтай хэрэглэсний улмаас сэтгэцийн хэтрүүлэн хэрэглээ буюу эмгэгтэй гэсэн үг. Энэ нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй, хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Шүүгдэгч *******ий:

“...Би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр байх одоо нарийн сайн санахгүй байна Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд самарт яваад буцаж байх замдаа машин замын хажууд дээрх ургамал ургасан байсныг түүчихсэн юм тухайн үед ямар нэгэн хүн амьтанд мэдэгдээгүй, үүрч явсан цүнхэндээ хийгээд машины багажид нууцаар тавиад ирсэн юм. Тэгээд өөрийн гэртээ балкон дээр тавиад мартчихсан байсан тэгээд хэрэг гарахаас өмнө балкон дээрх эд зүйлсээ янзалж байгаад дээрх ургамал гарч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Шүүгдэгч *******ий хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад байх дельта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1885.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь ******* 25-р байрны 19 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1252 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцд заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Харин түүний хувийн байдлын тухайд эхнэр нь жирэмсэн удахгүй төрнө, мөн бага насны 2 хүүхэд, түүнчлэн 3 өнчин дүүгээ асарч хамгаалж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, ажил хөдөлмөр эрхэлдэг ганц хүн нь байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч *******д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 

Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй.   

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдал буюу эхнэр нь жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэй, 3 өнчин дүүгээ асран халамжилдаг зэрэг нөхцөл байдал, түүнчлэн урьд 2 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2302001590103 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ8321669 cерийн дугаартай 1 ширхэг зуутын мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, 1885.8 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ8321669 cерийн дугаартай 1 ширхэг зуутын мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, 1885.8 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ