Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/338

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305000000269 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн үйл ажиллагааны албанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс үйл ажиллагааны менежер албан тушаалд туршилтын ажилтнаар ажиллах хугацаандаа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын данснаас том оврын тээврийн хэрэгсэл төв замаар зорчих зөвшөөрөл авахаар 6.435.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хас банкны ******* дугаартай дансаар хувьдаа авч, зориулалтын дагуу зарцуулалгүй хувийн хэрэгцээнд зарцуулан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би “Грийн индастри” ХХК-д 10 дугаар сарын сүүлээр ажилд орсон. Тээврийн хэрэгслийн зөвшөөрөл авахаар компаниас 6.435.000 төгрөгийг өөрийн дансаараа авсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн зөвшөөрөл солигдсон учраас 1 сард авахаар болоод өөрийн дансандаа байлгаж байсан. Тухайн үед хатгаа тусаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа мөнгийг бага багаар үрсээр байгаад дуусгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөнөөс 600.000 төгрөгийг буцааж төлсөн. Өөр төлсөн мөнгө байхгүй гэв. Хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...Манай компани хохирлоо нөхөн төлөх тал дээр *******д олон удаа боломж олгосон боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан. *******гийн манай байгууллагад ажилласан хугацааны цалингаас үлдэх цалинг хохирлоос хасуулахад татгалзах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатад 648.000 төлсөн бөгөөд түүний үлдэгдэл цалин болох 234.495 төгрөгийг тус тус хасч одоо 5.552.505 төгрөгийн нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

“Грийн индастри” ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/554 дугаартай “Туршилтын ажилтан авах тухай” тушаал, 7-7-GIY-ОРD-002 дугаартай ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 2-20 дахь тал/,

“*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******гийн:

“...Манай компанийн салбар компани болох “*******” ХХК-ийн санхүүгийн албанаас авлага шилжүүлэх талаар баримт манай хуулийн албанд ирсэн. Тэр баримтыг шалгаж үзээд тодруулахад “*******” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагааны менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ******* гэх эмэгтэй 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр санхүүгийн албанаас том оврын тээврийн хэрэгсэл төв замаар зорчих зөвшөөрөл авах зорилгоор 6.435.000 төгрөгийг өөрийн Хас банкны ******* дугаарын дансанд шилжүүлэн авсан байсан. Энэхүү мөнгийг авсныхаа дараа хэрхэн зарцуулсан баримтаа дараа тайлан гарган санхүүгийн албандаа өгөх ёстой байдаг. Гэтэл уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаар байгууллагынхаа албанд дараа тайлангаа өгөөгүй байсан. Ажилласан хоногийг нь харахаар ******* байгууллагын дотоод журмын дагуу 3 хоног чөлөө аваад үргэлжлүүлэн өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирэлгүй олон хоносон байсан. Тэгэхээр нь хүний нөөцийн албаны дараа *******тэй утсаар нь холбогдоход “биеийн байдал муу учраас очиж чадахгүй байна” гэх тайлбар өгсөн байсан. Дараа нь манай авлага хяналтын албаны дарга Э.Дашням *******г удаа дараа тайлангаа өгөөгүй удсан байсан болохоор түүний дугаараар залгаж холбогдоход “би авсан нь үнэн. Гэхдээ хувьдаа ашиглаагүй байгаа” гэхээр нь Э.Дашням түүнд хандаж “одоо уг мөнгийг буцаан байгууллагын дансанд хий” гэхэд нь утсаа салгаад дахин холбогдох боломжгүй болсон байсан. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* ажил дээр ирээд надтай уулзахдаа “би уг мөнгийг нь авсан нь үнэн. Ажилдаа ирээгүй хугацаандаа эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээр эмчлүүлэх зардалдаа хэрэглэсэн. Гэхдээ энэ мөнгийг байгууллагын мөнгө гэж мэдээгүй үрсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “уг мөнгийг та аваад зөвшөөрөл авах ажилдаа зарцуулсан уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 24-29 дэх тал/,

Гэрч :

“...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагад үйл ажиллагаа хариуцсан менежер ******* төв замын зөвшөөрөл олгохтой холбоотой зөвшөөрөл хүссэн өргөдөл ерөнхий нягтлан бодогч болон захирлын гарын үсгээр баталгаажсан байдалтай барьж орж ирсэн. Тэгэхээр нь би баримтыг хүлээн аваад мөнгөн гүйлгээг тухайн өдөр өргөдөл дээр бичсэн дансанд олгохоор зөвшөөрөл өгсөн. Уг зарцуулалтын тайланг эргээд би өөр дээрээ нэгтгэдэг учир 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******гээс авах ёстой байсан “уг мөнгөө зарцуулсан баримтаа өгөөч ээ” гэж шаардахад ******* “ямар данс руу мөнгөө шилжүүлэх нь тодорхойгүй байна, сайт нь алдаа заагаад байна” гэх хариу өгсөн. Дахин 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд баримтаа авахаар түүн рүү залгаж, мөн ажлын өрөөнд нь орж асууж тодруулахад “мөнгийг нь шилжүүлсэн байгаа баримтаа бэлдээд өгье” гэж хэлсэн. Түүнээс хойш 1 дүгээр сарын 5-ны хавьцаа өвчтэй гээд баримтаа өгөхгүй явчихсан. Тэр өдрөөс хойш холбоо барих боломжгүй утсаа авахгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Гэрч :

“...Би жижиг дэлгүүр ажиллуулдаг. Банкнаас зээл авахын тулд орлого нотлох шаардлагатай байдаг тул манай охин надад 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “1 дэх өдөр авъя, манай компанийн мөнгө байгаа юм” гээд 5.800.000 төгрөг над руу шилжүүлсэн. Тэгтэл тэр өдөр 5 дахь өдөр байсан тул банк хоорондын гүйлгээ байсан тул тэр өдрөө оролгүй 1 дэх өдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өглөө миний дансанд орсон. Нэг дэх өдөр тэр мөнгө нь хэрэгтэй байсан тул би охиныхоо Хаан банкны дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр уг мөнгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

“******* ХХК-ийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, “*******” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

“Хас” банкны “*******” ХХК эзэмшигчтэй 5000546804, Т.Шинэбаяр эзэмшигчтэй *******, “Хаан” банкны Т.Шинэбаяр эзэмшигчтэй , ******* эзэмшигчтэй тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 53-85 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, түүнээс 5.552.505 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн үйл ажиллагааны албанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс үйл ажиллагааны менежер албан тушаалд туршилтын ажилтнаар ажиллах хугацаандаа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын данснаас том оврын тээврийн хэрэгсэл төв замаар зорчих зөвшөөрөл авахаар 6.435.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хас банкны ******* дугаартай дансаар хувьдаа авч, зориулалтын дагуу зарцуулалгүй хувийн хэрэгцээнд зарцуулан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь “Грийн индастри” ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/554 дугаартай “Туршилтын ажилтан авах тухай” тушаал, 7-7-GIY-ОРD-002 дугаартай ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч Б.Урангуа, гэрч Т.Шинэбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “*******” ХХК-ийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, “*******” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, “Хас” банкны “*******” ХХК эзэмшигчтэй 5000546804, Т.Шинэбаяр эзэмшигчтэй *******, “Хаан” банкны Т.Шинэбаяр эзэмшигчтэй , ******* эзэмшигчтэй тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож зарж борлуулах зэрэг аргаар үйлддэг.  

Хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэцэгдэлгэрийн шүүгдэгч *******г “үйл ажиллагааны менежерээр” томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн үйл ажиллагааны менежер албан тушаалд туршилтын ажилтнаар холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа “*******” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас “*******” ХХК-д 6.435.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******гийн ажилласан хугацааны цалингаас үлдэх 234.495 төгрөг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн 648.000 төгрөгийг тус тус хохирлоос хасч, шүүгдэгч *******гээс нийт 5.552.505 төгрөгийг гаргуулж хохирогч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заажээ.

Шүүгдэгч *******гийн тухайд тэрээр 8 сартай жирэмсэн болох нь Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд хорих ял оногдуулж, уг ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, дээрх хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийх болон санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч *******д анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000269 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийх болон санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 5.552.505 /таван сая таван зуун тавин хоёр мянга таван зуун таван/ төгрөгийг гаргуулж хохирогч “*******” ХХК-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ