| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00189/И |
| Дугаар | 00295 |
| Огноо | 2019-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00295
| 2019 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2019/00295 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хороолол, 78 дугаар байрны 44 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт М-ийн Л-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хагт багт оршин суух, ... дугаарын регистртэй, Т овогт Т-ын Б-т холбогдох “1,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00189/И иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Лутмсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Т.Батхуягтай 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,000,000 \нэг сая\ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 өдрийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн.
Гэрээний 3-р зүйлд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад Т.Батхуяг нь зээлийн төлбөрийг надад төлж барагдуулаагүй болно.
Иймээс үндсэн зээлийн төлбөр 1,000,000 төгрөг, мөн Иргэний хуулийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг Т.Батхуягаас гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Т.Батхуягт холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Л, хариуцагч Т.Батхуяг нар нь харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж хариуцагч Т.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч М.Лд төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.Л нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг татгалзсан тайлбараа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Лы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Т.Батхуягт холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.Л 1,500,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Лы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Батхуяг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ