Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2019/203535/И |
Дугаар | 001/ХТ2021/01561 |
Огноо | 2021-12-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01561
“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00368 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 767 дугаар магадлалтай,
“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“..........” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 93,945,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “..........” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019.05.07-ны өдөр “..........” ХХК-тай №06 дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тус гэрээгээр “..........” ХХК 1000 тонн арматурыг 1 тонн бүр нь 1,760,000 төгрөгөөр тооцон худалдан авагч манай компанид нийлүүлэх байсан. Манай компани гэрээний дагуу “..........” ХХК-ийн Голомт банкны 1415119529 тоот дансанд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 176,000,000 төгрөгийг шилжүүлсэн. “..........” ХХК нь 2019.05.09-ний өдөр 58,226,080 төгрөгийн үнэ бүхий арматур, 2019.05.12-ны өдөр 36,995,200 төгрөгийн үнэ бүхий арматурыг манай компанид нийлүүлсэн ба “..........” ХХК дахин арматур нийлүүлэхгүй гэрээгээ зөрчиж манай компанид хохирол учруулаад байна. Иймд “..........” ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлээгүй 80,778,720 төгрөг, 163 хоногийн алданги 13,166,930 төгрөг, нийт 93,945,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “..........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас “..........” ХХК-ийг 80,778,720 төгрөгийн тооцоотой хэмээн бичсэн байх ба нэхэмжлэлд дурдсан төлбөр тооцооны асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00368 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан .......... ХХК-иас 81 748 064 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч .......... ХХК-д олгож, үлдэх 12 197 586 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627 679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 566 691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 767 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 81 748 064 гэснийг 80 778 720 гэж, 2 дахь заалтын 566 691 гэснийг 561 843 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч .......... ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж хуульчилсан боловч давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Түвшинтөгс миний тайлбарыг үл харгалзан хэргийг бүхэлд нь хянан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангаас бусад хэсэгт ямар нэгэн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч “..........” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа 80,778,720 төгрөгийг авах тооцоотой хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын харьцаж байсан баримтаар 78,422,520 төгрөгийн тооцоотой болох тогтоогдсон байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж нотлох баримт иш татсан боловч хэргийг бүхэлд нь хянахгүйгээр шийдвэрлэсэн. Иймд магадлалд өөрчлөлт оруулж 2,356,200 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч “..........” ХХК-д холбогдуулан шилжүүлсэн 80,778,720 төгрөгийг алданги 13,166,930 төгрөгийн хамт нийт 93,945,650 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй боловч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 81,748,064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх 80,778,720 төгрөг гаргуулж, алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
2019.05.07-ны өдрийн арматур худалдах-худалдан авах гэрээний дагуу “..........” ХХК нь 1,000 тонн арматур төмөр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 176,000,000 төгрөг шилжүүлсэн, “..........” ХХК нь 21 тонн буюу 95,221,680 төгрөгийн арматурыг нийлүүлсэн, үлдэх 80,778,720 төгрөгийн арматурыг нийлүүлээгүй тул нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө, алдангийн хамт буцаан шаарджээ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн гэрээ, арматурыг хүлээн авсан 2 баримт, мөнгө шилжүүлсэн баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, татгалзлаа нотлоогүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзсан нь гэрээг дуусгавар болох үндэслэл гэж зөв дүгнэлт хийж, түүний үр дагаврыг шийдвэрлэж, гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэмэлт үүрэг болох алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан, эрх зүйн ач холбогдол бүхий асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.
Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан “...давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэл магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх нөхцөл болоогүй байна. Түүнээс гадна хариуцагч нь 78,422,520 төгрөгийн тооцоотой талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж, мэтгэлцээгүй тул энэ талаарх гомдлыг хэлэлцэхгүй юм.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хуулийг оновчтой хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 767 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 52,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД