Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

         Улсын яллагч Б.Батнасан

         Хохирогч ***

         Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, халх, *** сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** тоотод оршин суух, төрөөс *** мастер, *** цолтой, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн *** гэв.

         Холбогдсон хэргийн талаар:

         *** нь 2016 оны 10 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө өөрийн *** улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад *** аймгаас *** аймгийн чиглэлд тавигдсан хатуу хучилттай авто замын Баарангийн давааны Халиун сумруу салдаг замын хэсэгт иргэн ***-ын 3.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 тооны адууг дайрч алсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.В-д заасан жолоочийн үүрэг болох зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 12-нд аймгийн төвд орж ирсэн. 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төгрөг сумруугаа буцаж байхдаа Баарангийн даваа уруудах хэсэгт явж байхад миний урдуур адуу орж ирж тоормозоо гишгэж эхний адууг мөргөсөн. Дахиад тоормозоо гишгэхэд адуу мөргөсний улмаас тоормоз барихгүй байсан. Хаазны чөмөг маань буцахаа байгаад 200 орчим метр газар очиж зогссон. Тэнд 2-3 цаг болж байгаад машинд гар өргөж зогсоох гэтэл машин зогсоогүй. Тэгээд би машинаа янзлаад аймгийн төвд орж ирсэн. Би эгчийнхээ гадаа машинаа тавьсан. Би хоёр хоног хэний адуу болохыг сурагласан. Түүнээс биш надад зугтах санаа байгаагүй. Миний талаас 2.500.000 төгрөгийн төлөхөөр саналыг гаргаж, харилцан тохиролцож ойлголцсон. Миний өөрийн санамсар болгоомжгүйгээс, миний өөрийн хуулийн мэдлэг муугаас болж ийм зүйл боллоо. Би хэргийн газар хохирогчтойгоо уулзаж тохиролцдог гэдгийг мэдсэн бол ийм хэрэг хийхгүй байсан. Тийм учраас надад аль болох доод шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

    Хохирогч Ч.Балбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө намайг гэртээ байхад Давааны амнаас танай тамгатай адуу дайрагдсан байна гэж утсаар мэдэгдсэн. Түүний дагуу 102-т мэдээлж 10 цаг өнгөрч байхад хэргийн газарт очсон. Очиход манай 3 тооны адууг дайрсан байсан. Нэгийг нь замын голд, нөгөө хоёр нь замын хөвөөнд байсан. Очиход дайрсан машин байгаагүй. Би цагдаагийн байгууллагын ажилтантай хамт үзлэг хийлцэж машины эвдэрсэн зүйлсийг авсан. Дараа нь би дайрсан гэж энэ хүн өөрөө ирсэн. Уг нь би 4.500.000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч шинжээчээс дүгнэлт гарч 3.600.000 төгрөгөөр тогтсон. Энэ хүн ирж учраа хэлэхэд санаатай дайраагүй, тухайн үеийн нөхцөл байдлаас болж тийм зүйл болсон байсан бөгөөд замын хажуугаас гарахад хэцүү өндөр ховилтой байсан. Тийм учраас санаатай  дайраагүй гэж үзээд 2.500.000 төгрөгийг аваад тохиролцсон. Миний зүгээс гаргах гомдол, санал байхгүй гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч ***-гийн мэдүүлэг /хх 25-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 29-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх 30-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 31-рт/, шинжээч ***-гийн мэдүүлэг /хх 133-рт/, сэжигтэн ***-ын мэдүүлэг /хх 54-рт/, сэжигтэн ***-ын 2 дахь удаагийн мэдүүлэг /хх 55-рт/, яллагдагч ***-ын мэдүүлэг /хх 55-рт/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 3-7-рт/-д,  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Гэрч ***-ын мэдүүлэг /хх 23-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 24-рт/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх25-рт/, хохирол төлсөн баримт /хх 22-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 47-рт/, *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын тодорхойлолт /хх 58-рт/, ял шалгах хуудас /хх 60-рт/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 131-132-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

         Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд тавигдсан хатуу хучилттай авто замын Баарангийн давааны Халиун сумруу салдаг замын хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө өөрийн *** улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад иргэ н***-ын 3.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 тооны адууг дайрч алсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.В-д заасан жолоочийн үүрэг болох зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг гарсан байна.

  Уг гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 14-18 дугаар хуудсанд байх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож,  хэрэгт хавсаргах тогтоол, Шинжээч цагдаагийн а/д Б.Мөнхнасангийн “…Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.В-д зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалж цагдаагийн байгууллагын ажилтан ирэх хүртэл хүлээнэ гэх заалтыг зөрчсөн байна…” гэх дүгнэлт, гэрч ***-ын “…Би Д*** ахын истана маркийн тээврийн хэрэгслийг аваад хил явах гэтэл адуу дайрсан талаараа хэлсэн…” гэх мэдүүлэг, гэрч ***-ын “…*** эгчийн гэрийн ар талд машин зогсож байсан бөгөөд түүний урд салхины шил хагарсан, урд хэсгийн 2 шанаа, урд хэсгийн буфер, урд нүүр буюу копут, гидерийн банк зэрэг зүйлс хагарч гэмтсэн байсан ба машинаа яагаад ийм болгосон талаар асуухад юм мөргөсөн гэсэн юм…” гэх мэдүүлэг, Гэрч ***-ын “…*** сумын *** багаас гараад аймаг явж байхад зам дээр истана маркийн авто машин зогсож байсан. Түүний урд салхины шил нь хагарсан, урд хэсгийн буфер нь хагарч гэмтсэн байсан. Тэгэхэд ойролцоо зам дээр 3 тооны адуу үхсэн хэвтэж байсан…” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, 3 тооны адууны төлбөрийг барагдуулсан тухай нотариатаар батлуулсан баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

   Иймд шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн “…хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч ***т холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Шүүгдэгч *** нь 2.500.000 төгрөгний хохирлыг нөхөн төлсөн,  хохирогч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

   Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

   Шүүх шүүгдэгч ***-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Шүүгдэгч ***-т хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

   Энэ хэрэгт ялтан *** нь цагдан  хоригдоогүй, хохирогч ***-т хохирлыг төлж барагдуулсан, ялтан ***-ын цахим үнэмлэх, битүүмжилсэн *** улсын дугаартай *** маркийн автомашины бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт заасан заалтуудыг ялтан ***-т танилцуулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *** улсын дугаартай *** маркийн машины урд гуперны хагарсан хэсэг 2 ширхэг, шар өнгөтэй ламп 1 ширхэг, гэрлийн хүрээний хэсэг, гэрлийн шилний хагарсан хэсэг зэргийг тус тус устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ялтан ***-ын эзэмшлийн гэх *** улсын дугаартай *** маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Энэ хэрэгт ялтан *** нь цагдан  хоригдоогүй, хохирогч ***-т хохирлыг төлж барагдуулсан, ялтан ***-ын цахим үнэмлэх, битүүмжилсэн *** улсын дугаартай *** маркийн автомашины бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***-т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-Т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА