| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1392/Э |
| Дугаар | 1181 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1181
2019 11 21 2019/ДШМ/1181
Ц.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор,
хохирогч Б.Ганнямын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1409 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Эд холбогдох эрүүгийн 1906013131606 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ц.Э, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Цомжэ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 55-а байрны 1202 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ФМ87051925/;
Ц.Э нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171-в байрны 4 тоотод иргэн Б.Ганнямтай байрны засвар үйлчилгээний ажлаас болж маргалдан гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Ц Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангид зааснаар Ц Эг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Эд оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.Э /РД: ФМ87051925/-аас 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Балжиннямын Ганнямд /РД:СЭ82011110/ олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Ганням нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1409 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Гэрчийн өгсөн мэдүүлэг өөрийнх нь ярьсанаас өөр байсан. Хохирогчийн хамрын яс хугарахад цус огт гараагүй. Тухайн цагт цагдаа дуудаагүй зэрэг байдал нь надад зодуулаагүйг гэрчилж байна. Өргөдөлдөө Б.Ганням нь миний эрүүл согтуу талаар огт дурсаагүй, харин өөрөө ихээхэн согтуу байсныг илтгэж байна. Б.Ганням нь биеэ хамгаалах чадваргүй 2 эмэгтэйд дээрэлхүү хандаж түлхүүр шидэж гарах гэж оролдсон. Би хувцаснаас нь татахад эргэж харан намайг уруул руу цохиж, заамдан боосон. Энэ үед би сарвалзаж амь тэмцээд биеэ хамгаалах гэж хацарт нь баруун гараараа шүргэсэн. Орой нь миний уруул хөхөрсөн байсан. Шүүх эмнэлгийн эмч Г.Чимэд-Очир өөрөө хурал дээр хэлсэн. Зүүн хацарт цохиулаад хамар хугарлаа гэхэд хамар баруун тийш муруйна гэсэн. Гэтэл Б.Ганнямын хамар зүүн тийш мурийлттай байсан байдаг. Б.Ганнямд толгой, хамар, хацар, нүд, чихний ард гэмтэл үүсч, хугарсан байдаг. Хацарт хүрсэн нь миний үйлдэл юм бол бусад 4 үйлдлээс үүдсэн гэмтэл хэнийх вэ гэх мэт илт худал гүжирдэж байхад жинхэнэ хохирогч надад ял шийтгэл оноож байгаад эсэргүүцэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Хохирогч Б.Ганням гэх хүний хамар анхнаасаа надтай уулзахад мурийсан, чихэгдчихсэн байсан. Би шанаан тус газар нь цохих гэж оролцдсон. Гэвч уг үйлдлийг анхан шатны шүүх хохирогчийн хамрыг хугалсан гэж үзсэн. Б.Ганням нь гэрчээр тогтоогдоогүй байтал намайг буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Эгийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Э нь иргэн Б.Ганнямын хамрыг хугалаагүй гэж маргаж байх боловч түүнийг нотолсон баримт байхгүй. Маргаан үүсэх үед хохирогч этгээдийн хамрын яс хугарах шинж тэмдэг илрээгүй, мөн уг хамрын гэмтлийг шинэ эсхүл хуучин болох талаар ямар нэг шинжээчийн дүгнэлт байхгүй, гэрч Г.Амарцэцэг нь “...хамар хэсэгт хүрээгүй...хамар хугарах үйл явдал болоогүй...” гэж гэрчлэх зэргээр мэдүүлж байхад шүүх үнэлж дүгнээгүй байна. Шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж, тэр нь өөрийнхөө гаргасан дүгнэлтийг хамгаалж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн эсрэг ямар ч нотлох баримтгүйгээр мэтгэлцсэн байдлаар хуралдаанд оролцсоныг хамрын хугарал хуучин байсныг нотолсон гэж үзэж боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан “...оролцогч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” гэсэн эрхийг эдлэх боломжоор хангаагүй нь Ц.Эгийн хууль ёсны эрх ашиг сонирхол хохироход хүргэсэн. Энэхүү хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн шатанд удаа дараа гаргаж байсан боловч шүүх хангаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх нөхцлийг бүрдүүлсэн байна. Учир нь шүүгдэгч хохирогчийн хамрын хугарлыг үүсгээгүй бөгөөд уг гэмтэл нь хуучин гэмтэл байна гэсэн байр суурьтай энэ ч бусад баримтуудаар нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Ганнямын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Ганням нь тухайн өдөр гэмтсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт бусад хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Шинэ, хуучин гэмтэл байсан талаар маргаж байна. Гэхдээ энэ талаар анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэлэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх эрхийг тодорхой зааж өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тохиолдолд шинжээч дахин томилно гэсэн байдаг. Тухайн үед урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд дараа нь гэм буруугийн хурлыг зарлаж шүүгдэгчийг гэм буруутайг тогтоосон. Иймд хууль зөрчсөн зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралд Гэмтлийн эмнэлэгт нэн даруй үзүүлсэн талаар хэлсэн. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүх хуралд гаргаж өгсөн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл тухайн үед үүссэн байх боломжтой гэж гарсан байдаг. ...” гэв.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2331 дугаартай дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийг хуучин гэмтэл гэж огт дурдаагүй. Хуучин гэмтэл байсан бол шинжээч нар дүгнэлтэндээ тусгах байсан. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн байдаг. Хохирогч 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Эд зодуулсан гэдэг. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн хэлтэст гомдол гаргаад, шинжээч томилох тогтоолоо аваад 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, эргэлзээгүй гэж үзсэн тул дахин шинжээч томилоогүй. Анхан шатны урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх бүрэлдэхүүн хянаж үзээд шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргасан эмч мэргэжлээрээ 10 жил ажилласан. Тусгай мэдлэг эзэмшсэн, хуульд заасан эрх, үүргээ мэдсэн байдаг. Анхан шатны шүүх хуралд шинжээч эмчийг оролцуулсан. Шинжээч эмч шүүх хуралд мэдүүлэхдээ “хэрвээ хуучин гэмтэл байсан бол би шинжээчийн дүгнэлтэндээ тусгах байсан. Шинэ гэмтэл байсан учраас хуучин гэмтэл гэж тусгаагүй” гэдгээ хэлсэн. Хамрын яс нь маш нимгэн заавал хүчтэй цохих үйлдлээр яс хугарахгүй, хөнгөхөн цохиход ч хугарах боломжтой эмзэг яс байдаг. Хамрын яс хугарсанаар тухайн хүнээс заавал цус гарна гэсэн ойлголт байхгүй. Тухай хүний биеийн онцлогоос хамаарч цус гарахгүй байж болно гэсэн байдаг. Хамрын яс хугарсан бол заавал цус гарах ёстой гэж хэлээд байдаг. Анхан шатны шүүх хуралд хэрэг учрал болох үед байсан гэрч Амарцэцэгийг шүүх хуралд оролцуулсан. Гэрч Амарцэцэг нь хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан. Гэрч Амарцэцэг мэдүүлэхдээ “Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг харахад нэг удаа алгадсан. Би дундуур нь орж салгасан” гэж хэлсэн байдаг. Хохирогч Б.Ганням нь шүүгдэгч Ц.Эгаас том биетэй биш, адилхан туранхай, жижиг биетэй эрэгтэй хүн байдаг. Шүүгдэгч Ц.Э “ жижиг биетэй эмэгтэй хүн цохиход хамар яс нь хугарах боломжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Ц.Э нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171-в байрны 4 тоотод иргэн Б.Ганнямтай байрны засвар үйлчилгээний ажлаас болж маргалдан гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Ганнямын өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Ц.Э гэх эмэгтэйтэй байрны засвар үйлчилгээг хийхээр болж тохиролцож би тус байранд нь засвар үйлчилгээ хийж дуусаад гэрийнх нь түлхүүрийг нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэгтэл Ц.Э гэх эмэгтэй намайг засварын үйл ажиллагаа муу хийсэн байна гэж над руу уурлаж хэл амаар доромжилж улмаар намайг 22 давхраас дүүжилж алуулна, хэрвээ чи гарч зугтаах юм бол гадаа 2 машинд залуучууд сууж байгаа тэд нараар чамайг байшин дээрээс шидүүлнэ гэж заналхийлсэн. Тэгээд тэр эмэгтэй намайг хэл амаар доромжилж байгаад эхлээд миний толгойн тус газар гараараа хоёр удаа цохисон. Тэгээд дараа нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр Ц.Э гэх эмэгтэйтэй хамт байсан Амарцэцэг гэх эмэгтэй бид хоёрыг салгаад гадаа гарч ирээд би тэр хоёр эмэгтэйгээс салаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би гэмтлийн эмнэлэг дээр очиж нүүрээ үзүүлэхэд эмч чиний хамар хугарсан байна, хэвтрийн дэглэм барьж хөдөлгөөнөө хорь гэж хэлсэн. Тэгээд би Ц.Э гэх эмэгтэйд мессежээр чи миний хамрыг цохиж хугалсан байна гэж хэлсэн. Тэгтэл Ц.Э над руу доромжилсон, заналхийлсэн мессежүүд явуулсан. ...” /хх 10-11/ гэх мэдүүлэг,
гэрч Г.Амарцэцэгийн “... 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр очсон засвар дуусаагүй байхаар нь Ганнямд Э бид 2 их мөнгө өгсөн, цаг хугацаагаар хохирсон учир уурласан. Ц.Э уурлаад тэр залууг алгадсан. Тухайн үед хэдэн удаа алгадсаныг мэдэхгүй байна. Тэгсэн Ганням гэгч 3 хоногийн засварын ажлыг дууссан гэж хэлээд гараад явсан. Тэр өдрөөс хойш эргэж ирээгүй. Тухайн үед Э, Ганням нарыг маргалдаж байхад би бусад өрөөнүүдийн засварыг үзээд явж байсан. Ц.Э алгадсан, Ганням түүнийг боох гэж нэг нэгнийхээ хувцаснаас бариад барьцалдах гээд байхаар нь би дундуур нь болиулсан. ...” /хх 25-27/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Эгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үед би үйл ажиллагаа явуулдаг “Ярума” нэртэй гоо сайханы салонд дотор засвар хийлгэхээр өөрийн танил Сугар гэгчээр зуучлуулан Ганням гэгчтэй холбогдон засвар хийлгэх байраа үзүүлсэн. Би Ганнямтай 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр салон дээр уулзаад засвараа хүлээж авъя гэж хэлсэн чинь засварыг чинь одоо хүлээлгэж өгнө гэж хэлээд миний авч өгсөн барилгын материалуудаар тоглоод хачин юм хийсэн байдалтай байхаар нь уг засвар чинь хангалттай сайн болоогүй байна, миний санаанд нийцэхгүй байна, авч өгсөн материалуудаар хийгээгүй байна, хана цөмлөөд энд, тэндгүй будаг нялсан байхаар нь миний дургүй хүрээд үүнийгээ янзлаад өгчих би ийм байдалтай засвар хүлээн авахгүй ядаж хана янзлаад өгчих гэж хэлсэн чинь дахин засч чадахгүй гэхээр нь би түүнийг нэг удаа алгадсан. Ганням миний нүүрэн тус газар нэг удаа цохихоор нь буцаагаад цохих гэтэл Амарцэцэг дундуур ороод салгасан, би оноогүй... Тухайн үед би салоны нээлтээ хийнэ гэж хэлсэн байсан чинь хэрэг болох үед найзууд манай гэрт 1 шил вино аваад ирсэн түүнээс нь амссан ба согтох хэмжээний дарс уугаагүй. ...” /хх 33-34/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2331 дугаартай “...Б.Ганнямын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх 15/, гэх дүгнэлт, “Натур” эмнэлгийн толгойн компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх 18/, хохирлын баримт /хх 14, 22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч Ц.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, Ц.Эрдэнтуяагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э “... миний алгадсан үйлдлээс гэмтэл учраагүй, хуучин гэмтэлтэй байсан.Хэргийг зөв шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий,
Шүүгдэгч Ц.Эгийн өмгөөлөгч Г.Батбаяр “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Ганнямыг 2019 оны 2 сарын 12-нд нүүрэн тус газар нь цохисон бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 13-нд хохирогч Б.Ганням цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2019 оны 2 дугаар сарын 15-нд шинжээчийн дүгнэлт гарч хохирогчид “хамар ясны хугарал” гэмтэл тогтоогджээ.
Шүүх хуралдаанд шинжээч эмч Т.Чимэд-Очирыг оролцуулан Б.Ганнямд учирсан хамрын гэмтэл шинэ, хуучин эсэхийг тодруулахад шинжээч “...Би томографийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Салст хавагнаж зузаарсан өөрчлөлт шинэ байсан. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нэг удаагийн цохилтоос үүсч болно. Хамрын хугарал хүний биеийн өндөр, жингээс хамаарахгүй...” гэж мэдүүлэг өгчээ.
Үүнээс үзэхэд хэрэг учрал гарсан даруйд хохирогч Б.Ганням цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ хийлгэсэн, түүнд учирсан “хамрын ясны хугарал” гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шинжээч эмчийн мэдүүлгээс үзэхэд хамар ясны хугарал гэмтлийн үед заавал хамраас цус гарахгүй, битүү хавдаж хөхрөх тохиолдол байдаг, хүний биеийн жин өндрөөс хамаарч гэмтэл учирдаггүй гэж шинэ гэмтлийн шинж байдал, гэмтэл үүссэн хүчин зүйлийн талаар тодорхой тайлбарлажээ.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч Ц.Эд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, хохирогч Б.Ганнямыг цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2331 тоот дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1409 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ